2020-05-11

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ V

Бурханы ариун байдал (II)

 Өнгөрсөн удаа бид тун чухал сэдвийн талаар нөхөрлөл хийсэн, энэ нь хүмүүсийн ихэвчлэн хэлэлцдэг сэдэв бөгөөд Бурханд итгэх явцад голдуу гарч ирдэг үг боловч хүмүүст танил, мөн танил биш санагддаг үг юм. Гэхдээ яагаад энэ вэ? Энэ нь хүний хэлээс гарч ирдэг үг юм; гэхдээ хүмүүсийн дундах үүний тодорхойлолт ойлгомжтой агаад тодорхой бус аль аль нь байдаг. Энэ нь ямар үг вэ? (Ариун байдал.) Ариун байдал: энэ нь өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн сэдэв юм. Бид энэ сэдвийн талаар бага зэрэг нөхөрлөсөн. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн хэсэг дээр үндэслээд хүн бүхэн Бурханы ариун байдлын мөн чанарын талаар шинэ ойлголттой болсон уу? Аль мэдлэг нь та нарт шинэ санагдсан бэ? Өөрөөр хэлбэл, тэрхүү ойлголтын, эсвэл тэдгээр үгийн юу нь Бурханы ариун байдлын талаарх та нарын ойлголт болон Бурханы ариун байдлын талаар Миний нөхөрлөсөн зүйлээс ялгаатай буюу өөр байсан гэж та нарт санагдсан бэ? Энэ нь сэтгэгдэл төрүүлсэн үү? (Бурхан Өөрийн зүрх сэтгэлд мэдэрч байгаа зүйлээ хэлдэг; энэ нь ариун юм. Энэ бол ариун байдлын нэг тал.) (Бурхан хүнд хилэгнэх үед ч ариун байдал байдаг ба энэ нь өө сэвгүй байдаг.) (Бурханы ариун байдлын тухайд гэвэл Бурханы зөвт зан чанарт уур хилэн, өршөөл байдаг гэдгийг би ойлгосон ба энэ нь надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн.) Хүн болгон “ариун” хэмээх үгтэй танил бөгөөд энэ нь түгээмэл хэрэглэгддэг үг боловч тухайн үгийн утгын тухайд Бурханы ариун байдлын ямар илэрхийллийг хүмүүс харж чаддаг вэ? Бурхан хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах юуг илэрхийлсэн бэ? Энэ нь хэний ч мэдэхгүй зүйл байх гэж Би санаа зовж байна. Хүмүүс бүгд Бурханы зөвт зан чанарын талаар ямар нэг юм сонсож, мэдсэн байдаг. Түүнчлэн, олон хүн Бурханы ариун байдлыг Бурханы зөвт зан чанарын хамтаар үргэлж ярьж, Бурханы зөвт зан чанар бол ариун гэж хэлдэг. Бурханы зан чанар нь зөвт боловч хэрвээ чи Бурханы зөвт зан чанарыг авч үзээд, үүнийг ариун гэж хэлбэл энэ нь бага зэрэг тодорхой бус, бага зэрэг будилаантай санагддаг; яагаад энэ вэ? Бурханы зан чанар бол зөвт гэж чи хэлдэг, эсвэл Түүний зөвт зан чанар нь ариун гэдэг, иймээс зүрх сэтгэлдээ та нар Бурханы ариун байдлыг хэрхэн тодорхойлж, хэрхэн ойлгодог вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан юу илэрхийлсэн, эсвэл Бурханд юу байгаа, Тэр хэн болохын юуг нь хүмүүс ариун гэж хүлээн зөвшөөрдөг вэ? Энэ тухай өмнө нь бодож байсан уу? Миний харсан зүйл бол хүмүүс түгээмэл хэрэглэгддэг үгийг, эсвэл дахин дахин хэлэгдсээр ирсэн хэллэгийг үргэлж хэлдэг атлаа юу хэлж байгаагаа ч мэддэггүй. Хүн бүхэн үүнийг ингэж л хэлдэг ба тэд үүнийг сурсан зангаараа хэлдэг, иймээс энэ нь тогтсон хэллэг болдог. Гэвч, хэрвээ тэд нарийн учрыг нь үнэхээр шинжилж, судлах юм бол жинхэнэ утга учир нь юу болох, эсвэл энэ нь юуг хэлдгийг мэдэх хүн байхгүй. “Ариун” хэмээх үгийн адилаар Бурханы мөн чанарын яг ямар тал нь өөрсдийнх нь ярьдаг Бурханы ариун байдалтай хамаатай талаар хэн ч мэддэггүй, мөн “ариун” хэмээх үгийг Бурхантай хэрхэн зохицолдуулахыг хэн ч мэддэггүй. Хүмүүс бүгд зүрх сэтгэлдээ будилсан байдаг ба Бурханы ариун байдлын талаар таньж мэдэхдээ тодорхойгүй байдаг. Бурхан хэр ариун болохын тухайд бол нэг ч хүн тодорхой мэддэггүй. Өнөөдөр бид “ариун” хэмээх үгийг Бурхантай зохицолдуулах сэдвээр нөхөрлөнө, ингэснээр хүмүүс Бурханы ариун байдлын мөн чанарын бодит агуулгыг харж чадах бөгөөд энэ нь, сурсан зангаараа уг үгийг хааш яаш хэрэглэж, юу гэсэн үг болохыг нь мэдэхгүй үедээ, эсвэл үнэн зөв эсэхийг нь ч мэдэхгүй үедээ аливаа зүйлийг санамсаргүй хэлэхээс зарим хүнийг сэргийлэх болно. Хүмүүс үүнийг үргэлж ийм маягаар хэлдэг байсан; чи үүнийг хэлсэн, Би ч хэлсэн ба энэ нь ярианы хэв маяг болж, улмаар хүмүүс “ариун” хэмээх үгийг өөрийн мэдэлгүй сэвтүүлсэн.

   “Ариун” хэмээх үгийн тухайд гэвэл гаднаа энэ нь ойлгоход маш амархан мэт санагддаг, тийм үү? Ядаж л хүмүүс “ариун” хэмээх үг нь цэвэрхэн, бохирдоогүй, ариун нандин, хольцгүй цэвэр гэсэн утгатай гэж итгэдэг. “Ариун” гэдгийг “хайр”-тай холбодог зарим хүн байдаг бөгөөд энэ нь зөв; энэ нь үүний нэг хэсэг мөн. Бурханы хайр бол мөн чанарынх нь нэг хэсэг боловч бүхэлдээ биш. Гэсэн хэдий ч, өөрсдийнхөө үзэл бодлоор хүмүүс уг үгийг хараад, хольцгүй цэвэр гэж үздэг зүйлстэйгээ юм уу бохирдоогүй, сэвтээгүй гэж боддог зүйлстэйгээ холбох хандлагатай байдаг. Жишээлбэл, зарим хүн лянхуа цэцэг бол цэвэр бөгөөд бохир усанд өө сэвгүй цэцэглэдэг гэж хэлсэн. Иймээс хүмүүс “ариун” гэдэг үгийг лянхуа цэцэгт хэрэглэж эхэлсэн. Зарим хүн бусдын зохиосон хайрын түүхүүдийг ариун хэмээн үзсэн, эсвэл зарим нэгэн зохиомол гол дүрийг ариун хэмээн үздэг. Түүнчлэн, зарим нь Библийн хүмүүсийг, зарим нь сүнслэг номд бичигдсэн—ариун хүмүүс, элчүүд, ажлаа хийж байхад нь Бурханыг нэгэнтээ дагаж байсан бусад хүмүүсийн сүнслэг туршлагыг ариун хэмээн авч үзсэн. Эдгээр нь бүгд хүмүүсийн төсөөлөл болон үзэл юм. Яагаад хүмүүст эдгээр үзэл байдаг вэ? Шалтгаан нь тун энгийн: Учир нь, хүмүүс завхарсан зан чанар дунд амьдарч, ёрын муу, бохир заваан дэлхийд оршин суудаг. Тэдний хардаг, хүрдэг, туулдаг бүхэн нь Сатаны ёрын муу, Сатаны завхрал, мөн түүнчлэн Сатаны нөлөөн дор хүмүүсийн дунд гардаг далд явуулга, дотоод тэмцэл, дайн тулаан байдаг билээ. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хүмүүс дээр гүйцэтгэх үед ч, эсвэл хүмүүстэй ярьж, Өөрийн зан чанар, мөн чанарыг хүмүүст харуулах үед ч гэсэн тэд Бурханы ариун байдал, мөн чанар юу болохыг харах, мэдэх чадваргүй байдаг. Хүмүүс Бурхан бол ариун гэж дандаа хэлдэг боловч тэдэнд ямар ч жинхэнэ ойлголт байдаггүй; тэд зүгээр л хоосон үг хэлж байдаг. Хүмүүс бохир заваан, завхрал дунд амьдарч, Сатаны эзэмшилд байдаг болохоор гэрлийг хардаггүй, эерэг үйл явдал, эерэг зүйл гэж юу болохыг мэддэггүй бөгөөд үнэн гэж юу болохыг бүр ч мэддэггүй. Тиймээс ариун гэж юу болохыг хэн ч үнэндээ мэддэггүй. Тэгвэл энэхүү завхарсан хүмүүсийн дунд ямар нэгэн ариун зүйл юм уу ариун хүмүүс байдаг уу? Үгүй, байдаггүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадна, учир нь Бурханы мөн чанар л ариун билээ.

  Бурханы мөн чанарын ариун байдлын тухайд бид өнгөрсөн удаа энэ талаар бага зэрэг нөхөрлөсөн бөгөөд тэр нь Бурханы ариун байдлын талаарх хүмүүсийн мэдлэгт урам зориг өгсөн боловч энэ нь хангалттай биш. Энэ нь Бурханы ариун байдлын талаар бүрэн дүүрэн мэдэхэд нь хүмүүст хангалттай тусалж чадахгүй, мөн Бурханы ариун байдал цор ганц гэдгийг ойлгоход нь ч хангалттай тусалж чадахгүй. Түүнчлэн, Бурханд бүрмөсөн тусгагдсан байдаг ариун байдлын жинхэнэ утга учрыг ойлгох боломжийг хүмүүст хангалттай олгож чадахгүй. Тиймээс бид энэ сэдвийн талаар өөрсдийн нөхөрлөлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Өнгөрсөн удаад бидний нөхөрлөл гурван сэдвийг хэлэлцсэн тул бид одоо дөрөв дэхийг нь хэлэлцэх ёстой ба судрыг уншсанаар эхэлцгээе.

    Сатаны сорилт

   Maт 4:1-4 Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү Сүнсээр хөтлөгдлөө. Дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсныхаа дараа Тэр өлсжээ. Соригч Түүн дээр ирээд, “Хэрвээ Та Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэв. Харин Тэр үүнд хариулан, “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг гэж сударт бичигдсэн байдаг” хэмээн хэлжээ.

  Эдгээр нь Эзэн Есүсийг анх сорихоор оролдсон диаволын үг байв. Диаволын хэлсэн зүйлийн агуулга юу вэ? “Хэрвээ Та Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа.” Диавол эдгээр үгийг хэлсэн, энэ нь нэлээд энгийн байсан боловч эдгээр үгийн мөн чанар нь асуудал байна уу? “Хэрвээ Та Бурханы Хүү мөн юм бол” гэж тэр хэлсэн, гэхдээ Есүс бол Бурханы Хүү гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Тэр бол Христ гэдгийг мэдэж байсан уу? (Тийм.) Тэгвэл тэр яагаад “Хэрвээ Та ийм юм бол” гэж хэлсэн бэ? (Тэр Бурханыг сорихоор оролдож байсан.) Гэхдээ ингэсэн зорилго нь юу байсан бэ? Тэр, “Хэрвээ Та Бурханы Хүү мөн юм бол” гэж хэлсэн. Зүрх сэтгэлдээ тэр Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэж байсан, энэ нь түүний зүрх сэтгэлд тун тодорхой байсан боловч үүнийг үл харгалзан тэр Түүнд захирагдаж, Түүнд шүтэн мөргөсөн үү? (Үгүй.) Тэр юу хийхийг хүссэн бэ? Эзэн Есүсийг уурлуулж, тэгээд Түүнд өгөөш үмхүүлж, өөрийн бодлын дагуу Эзэн Есүсийг хууран аливааг хийлгэхийг хүссэндээ иймэрхүү арга зам ашиглаж, эдгээр үгийг хэлсэн. Энэ нь ийм утгатай байсан биш гэж үү? Зүрх сэтгэлдээ Сатан, энэ бол Эзэн Есүс Христ гэдгийг тодорхой мэдэж байсан боловч ямартай ч үүнийг хэлсэн. Энэ нь Сатаны уг чанар биш гэж үү? Сатаны уг чанар юу вэ? (Зальжин, ёрын муу байж, Бурханыг огт хүндлэхгүй байх.) Түүнд Бурханыг гэх хүндлэл байдаггүй. Түүний энд хийж байсан сөрөг зүйл юу вэ? Тэр Бурхан руу дайрч давшлахыг хүсээгүй гэж үү? Энэ аргыг ашиглан Бурхан руу дайрахыг хүссэн ба “Хэрвээ Та Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж хэлсэн; энэ нь Сатаны хорон муу санаа зорилго биш гэж үү? Тэр үнэндээ юу хийхээр оролдож байсан бэ? Түүний зорилго тун тодорхой: Эзэн Есүс Христийн байр суурь, ялгамж чанарыг няцаахын тулд энэ аргыг ашиглахаар хичээж байсан юм. Эдгээр үг “Хэрвээ Та Бурханы Хүү мөн юм бол, эдгээр чулуунуудыг талх бол гэж тушаа. Хэрвээ чадахгүй бол Та Бурханы Хүү биш бөгөөд энэ ажлыг ердөө хийдэггүй” гэсэн утгатай байсан. Тийм үү? Тэр Бурхан руу дайрахын тулд энэ аргыг ашиглахыг хүссэн, Бурханы ажлыг нурааж, сүйрүүлэхийг хүссэн; энэ нь Сатаны хорлол юм. Түүний хорлол бол уг чанарынх нь төрөлхийн илэрхийлэл. Хэдийгээр тэр Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү, бие махбодтой болсон Бурхан яг Өөрөө мөн гэдгийг мэдэж байсан ч өөрийн эрхгүй ийм зүйл хийж, Бурханыг араас нь салахгүй мөрдөж, Түүн рүү үргэлжлүүлэн дайрч давшилдаг бөгөөд Бурханы ажлыг үймүүлж, сүйтгэхийн тулд асар их хичээдэг.

   Одоо Сатаны хэлсэн: “Энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэсэн үгийг шинжилцгээе. Чулуунуудыг талх болгох—энэ нь ямар утга учиртай юу? Хоол байгаа юм бол, яагаад идэхгүй гэж? Яагаад чулуунуудыг талх болгох хэрэгтэй вэ? Энд утга учир байна уу? Хэдийгээр Эзэн Есүс тухайн үед мацаг барьж байсан боловч, Түүнд идэх хоол байгаагүй гэж үү? (Байна.) Тэгвэл эндээс бид энэ хэллэгийг хэрэглэсэн Сатаны утгагүй, хөгийн байдлыг харж болно. Сатан зарим зүйлийг хийсэн; чи түүний муу санаатай, хорон муу уг чанарыг хардаг; Бурханы ажлыг сүйтгэдгийг нь хардаг бөгөөд тэр маш хорсолтой агаад бухимдмаар. Гэхдээ нөгөө талаар, чи түүний үг болон үйлдлийн ар дахь хүүхдэрхүү, утгагүй уг чанарыг олж харсан үү? Энэ бол Сатаны уг чанарын тухай илэрхийлэл юм; тэр ийм уг чанартай ба ийм зүйлийг хийх болно. Өнөөдрийн хүмүүст энэ хэллэг нь утгагүй, инээд хүрмээр байдаг. Харин ийм үгийг Сатан үнэхээр хэлж чадна. Бид түүнийг мэдлэггүй гэж хэлж болох уу? Хөгийн үү? Сатаны ёрын муу хаа сайгүй байдаг бөгөөд байнга илэрхийлэгдэж байдаг. Тэгвэл Эзэн Есүс түүнд хэрхэн хариулсан бэ? “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг.” Эдгээр үгэнд ямар нэгэн хүч чадал байдаг уу? (Байдаг.) Тэдгээрт хүч чадал байдаг гэж бид яагаад хэлдэг вэ? Учир нь эдгээр үг бол үнэн. Тэгвэл хүн гагцхүү талхаар амьдардаг уу? Эзэн Есүс дөчин өдөр, шөнийн турш мацаг барьсан. Тэр өлсөж үхсэн үү? (Үгүй.) Тэр өлсөж үхээгүй, иймээс Сатан Түүнд дөхөн очиж, “Хэрвээ Та чулуунуудыг хоол болгон хувиргачих юм бол идэх зүйлтэй болохгүй гэж үү? Тэгвэл Чи мацаг барих хэрэггүй, өлсөх хэрэггүй болохгүй гэж үү?” гэх мэтийн зүйл хэлснээр чулуунуудыг хоол болгуулахаар Түүнийг өдөөн турхирсан. Харин Эзэн Есүс, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж хэлсэн ба энэ нь, хүн бие махбодтой амьдардаг хэдий ч бие махбодод нь амьдарч, амьсгалах боломжийг олгодог зүйл нь хоол биш, харин Бурханы амнаас гардаг бүх үг юм гэсэн утгатай байлаа. Нэг талаар, хүн эдгээр үгийг үнэн гэж үздэг. Үг түүнд итгэл өгч, Бурхан бол үнэн бөгөөд Бурханд найдаж болно гэдгийг түүнд мэдрүүлдэг. Нөгөө талаар, эдгээр үгэнд бодитой тал байдаг уу? Эзэн Есүс 40 өдөр, шөнө мацаг барьсныхаа дараа тэнд байсаар байсан, амьд байсаар байсан бус уу? Энэ нь бодит жишээ биш гэж үү? Тэр 40 өдөр, шөнийн турш ямар ч хоол идээгүй байсан. Тэр амьд хэвээр байв. Энэ бол Түүний хэлсэн үгийн ар дахь хүчирхэг баталгаа юм. Энэ үг хэллэг энгийн боловч Эзэн Есүсийн тухайд гэвэл Түүний зүрх сэтгэлээс гаарсан энэ үгийг хэн нэгэн хүн Түүнд зааж өгсөн үү, эсвэл Сатаны хэлсэн зүйлээс болж л Тэр үүнийг бодож олсон уу? Үүнийг өөрөөр хэлэх юм бол, Бурхан бол үнэн, Бурхан бол амь, гэхдээ Бурханы үнэн ба амь нь сүүлд нэмсэн нэмэлт байсан уу? Энэ нь туршлагаас үүсэн гарсан уу? Үгүй, энэ нь Бурханд угаасаа байдаг. Өөрөөр хэлбэл, үнэн ба амь бол Бурханы мөн чанар юм. Түүнд юу ч тохиолдсон бай, Түүний харуулдаг зүйл бол үнэн. Энэхүү үнэн, энэхүү үг хэллэг—агуулга нь урт ч бай, богино ч бай—хүнийг амьдруулж, хүнд амийг өгч чадна; энэ нь хүнийг үүн дотроос үнэнийг олж авч, хүний амьдралын замыг ойлгох боломжтой болгож, Бурханд итгэлтэй болгодог. Өөрөөр хэлбэл, Бурхан энэ хэллэгийг хэрэглэдгийн эх сурвалж нь эерэг. Тэгвэл бид энэ эерэг зүйл бол ариун гэж хэлж болох уу? (Болно.) Сатаны үг хэллэг нь Сатаны уг чанараас гардаг. Сатан өөрийн ёрын муу уг чанарыг, өөрийн хорлонтой чанарыг хаа сайгүй, байнга харуулдаг. Тэгвэл эдгээр илрэлийг Сатан аяндаа харуулдаг уу? Хэн нэгэн хүн түүнийг өдөөн турхирдаг уу? Хэн нэгэн хүн түүнд тусалдаг уу? Хэн нэгэн хүн тэрнийг албаддаг уу? (Үгүй.) Тэр тэдгээрийг бүгдийг нь өөрийн дураар гаргадаг. Энэ бол Сатаны ёрын муу уг чанар юм. Бурхан юу ч хийсэн, яаж ч хийсэн бай, Сатан Түүнийг өсгий даран дагадаг. Сатаны хэлдэг, хийдэг эдгээр зүйлийн мөн чанар болон жинхэнэ шинж чанар нь Сатаны мөн чанар—ёрын муу мөн чанар, хорлонтой мөн чанар юм. Сатан өөр юу хэлсэн бэ? Бид үргэлжлүүлэн уншъя.

   Матай 4:5-7 Тэгээд диавол Түүнийг ариун хот руу аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод Түүнд, “Хэрвээ Та Бурханы Хүү юм бол доошоо үсэр: учир нь, Таны төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Таныг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Таныг гар дээрээ өргөх болно гэж бичигдсэн байдаг шүү дээ” гэлээ. Есүс түүнд, “Та Бурхан Эзэнээ сорьж болохгүй гэж бас бичигдсэн байдаг” гэж хэлэв.

   Сатаны энэ хэллэгийн талаар эхлээд ярилцацгаая. Тэр, “Хэрэв Та Бурханы Хүү юм бол доошоо үсэр” гэж хэлсэн ба дараа нь Судраас эш татан, “Таны төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Таныг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Таныг гар дээрээ өргөх болно” гэсэн. Сатаны үгийг сонсох үед чамд ямар санагдаж байна вэ? Тэдгээр нь тун хүүхдэрхүү биш гэж үү? Тэдгээр нь хүүхдийнх, утгагүй агаад зэвүүцмээр. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Сатан үргэлж ямар нэгэн тэнэг зүйл сэддэг, өөрийгөө тун ухаантай гэж итгэдэг; бас ихэвчлэн судраас—Бурханы үгийг хүртэл эш татдаг—тэр эдгээр үгийг Бурханы эсрэг эргүүлж, Түүнийг дайрч, Түүнийг сорихоор оролддог. Үүнийг хийж байгаагийн зорилго нь Бурханы ажлын төлөвлөгөөг сүйтгэх явдал юм. Гэсэн хэдий ч, Сатаны хэлсэн зүйлээс чи ямар нэг зүйл анзаарсан уу? (Энд ёрын муу санаа байдаг.) Сатан үргэлж соригч байсаар ирсэн; тэр шулуухан ярьдаггүй, сорилт, заль мэх, уруу таталт ашиглан тойруу замаар ярьдаг. Сатан жирийн хүнийг сорьдог шигээр Бурханыг ч сорьдог: Бурхан бас хүн шиг маш мэдлэггүй, тэнэг, аливаа зүйлийг тодорхой ялган салгах чадваргүй гэж тэр боддог. Бурхан, хүн хоёрын аль аль нь түүний мөн чанарыг нэвт харж чадахгүй, мөн зальжин байдал болон хорон муу санааг нь нэвт харж чадахгүй гэж Сатан боддог. Энд Сатан тэнэг байдлаа гаргаж байгаа биш гэж үү? Цаашлаад Сатан судраас илт эш татдаг; ингэх нь түүнийг үнэмшилтэй болгож байгаа бөгөөд чи түүнээс ямар ч өө олж чадахгүй, эсвэл үүнд хууртагдахаас зайлсхийж чадахгүй гэж тэр боддог. Энд Сатан утгагүй, хүүхдэрхүү байгаа биш гэж үү? Энэ нь, зарим хүн сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийдэгтэй яг адилхан, үл итгэгчид Сатаны хэлсэнтэй төстэй зүйл хэлэхгүй гэж үү? Хүмүүс үүнтэй төстэй зүйл хэлж байхыг чи сонссон уу? Тиймэрхүү зүйлийг сонсох үед чамд ямар санагддаг вэ? Зэвүүцдэг үү? (Тийм.) Чи зэвүүцэх үедээ мөн эгдүүцэж, үзэн ядмаар санагддаг уу? Чамд эдгээр мэдрэмж төрөх үед Сатан болон Сатаны хүнд нэмдэг завхарсан зан чанар нь хорон муу гэдгийг чи таньж чаддаг уу? Чамд эдгээр мэдрэмж төрөх үед зүрх сэтгэлдээ чи, “Сатаны үг дайралт болон сорилтыг авчирдаг, түүний үг утгагүй, инээдтэй, хүүхдэрхүү агаад зэвүүн. Харин, Бурхан ярихдаа эсвэл Өөрийн ажлыг хийхдээ Өөрийн үг болон үйлдэлд иймэрхүү аргыг хэзээ ч хэрэглэхгүй, бас Тэр хэзээ ч ингэж байгаагүй” хэмээн ухаарч байсан уу? Мэдээж энэ үед хүмүүст зөвхөн өчүүхэн мэдрэмж л байдаг бөгөөд Бурханы ариун байдлын талаарх ухаарал тэдэнд байдаггүй, тийм үү? Одоогийн ийм биеийн хэмжээнд та нарт ердөө: “Бурханы хэлдэг бүхэн үнэн, энэ нь бидэнд ач тустай бөгөөд бид хүлээн зөвшөөрөх ёстой” гэж санагдаж байгаа; үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу, үгүй юу гэдгээсээ үл хамааран, Бурханы үг бол үнэн, Бурхан бол үнэн гэж чи хэлдэг боловч үнэн өөрөө ариун байдал бөгөөд Бурхан ариун гэдгийг чи мэддэггүй.

   Тэгвэл Сатаны үгэнд Есүс ямар хариулт өгсөн бэ? “Есүс түүнд, Чи Бурхан Эзэнээ сорьж болохгүй гэж бас сударт бичигдсэн байдаг гэсэн” (Мат 4:7). Есүсийн хэлсэн энэ үгэнд үнэн байна уу? (Тийм.) Үүнд үнэн байна. Гаднаа энэ нь хүнд тушаасан тун энгийн үг боловч хүн, Сатан хоёрын аль алины дандаа зөрчдөг зүйл юм. Иймээс Эзэн Есүс түүнд, “Чи Бурхан Эзэнээ сорьж болохгүй” гэж хэлсэн, учир нь энэ бол Сатаны байнга хийдэг байсан зүйл бөгөөд тэр ингэхийн тулд бүх хичээл чармайлтаа гаргасан, Сатан ичгүүргүйгээр ингэж хийсэн гэж ч хэлж болно. Сатан уг мөн чанартаа Бурханаас айдаггүй, мөн Бурханыг хүндэлдэггүй. Бурханы хажууд байж, Түүнийг харж байх үедээ ч гэсэн Сатан өөрийн эрхгүй Бурханыг сорьдог. Тиймээс Эзэн Есүс Сатанд, “Чи Бурхан Эзэнээ сорьж болохгүй” гэж хэлсэн юм. Энэ бол Бурханы Сатанд дандаа хэлдэг хэллэг билээ. Энэ хэллэгийг өнөөдөр ч гэсэн хэрэглэх нь зохистой биш гэж үү? (Зохистой, бид ч бас Бурханыг байнга сорьдог.) Яагаад хүмүүс дандаа ингэдэг вэ? Хүмүүс Сатаны завхарсан зан чанараар дүүрэн байдаг учраас уу? (Тийм.) Тэгвэл Сатаны дээр хэлсэн зүйл нь хүмүүсийн дандаа хэлдэг зүйл үү? Ямар нөхцөл байдалд хэлдэг вэ? Хүмүүс цаг хугацаа, орон зайнаас үл хамааран иймэрхүү зүйлийг хэлсээр ирсэн гэж хэлж болно. Хүмүүсийн зан чанар нь Сатаны завхарсан зан чанартай яг адилхан гэдгийг энэ нь баталдаг. Эзэн Есүс, үнэнийг төлөөлж чадах, хүмүүст хэрэгтэй энгийн нэгэн хэллэгийг хэлсэн. Гэсэн хэдий ч, энэ нөхцөл байдалд Эзэн Есүс Сатантай маргалдаж байсан уу? Сатанд хэлсэн Түүний үгэнд ямар нэгэн сөргөлдсөн байдал байсан уу? (Үгүй.) Сатаны сорилтыг Эзэн Есүс зүрх сэтгэлдээ хэрхэн авч үзсэн бэ? Тэр зэвүүцэж, эгдүүцсэн үү? (Тийм.) Эзэн Есүс зэвүүцэж, эгдүүцсэн боловч Сатантай маргалдаагүй, тэр ч бүү хэл ямар нэгэн агуу ёс яриагүй. Яагаад тэр вэ? (Учир нь Сатан үргэлж ийм байсан, тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй.) Сатан бол ухаан мэдрэлгүй гэж хэлж болох уу? Бурхан бол үнэн гэдгийг Сатан хэзээ ч мэддэггүй бөгөөд Бурхан бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй; энэ бол түүний уг чанар. Цаашлаад, Сатаны өөр нэг зэвүүцмээр уг чанар байдаг, энэ нь юу вэ? Эзэн Есүсийг сорих оролдлогодоо Сатан, биелэхгүй байх байсан ч гэсэн ямартай ч Бурханыг сориод үзье гэж бодсон. Тэр шийтгэгдэх байсан ч гэсэн, ямартай ч үүнийг хийдэг. Ингэж хийснээр ямар ч сайн зүйлд хүрэхгүй байх байсан ч гэсэн, тэр ямартай ч үүнийг хийдэг бөгөөд эцсээ хүртэл Бурханы эсрэг зогсож, цөхрөлтгүй үргэлжлүүлдэг. Энэ нь ямар уг чанар вэ? Ёрын муу биш гэж үү? Бурханыг дурдах үед хилэгнэдэг, Бурханыг дурдах үед уурладаг хүн Бурханыг харсан гэж үү? Тэрээр Бурханыг мэддэг үү? Тэрээр Бурхан хэн болохыг мэддэггүй, Түүнд итгэдэггүй ба Бурхан түүнтэй яриагүй. Бурхан хэзээ ч түүнд саад болоогүй, тэгтэл тэр яагаад уурлана вэ? Бид энэ хүнийг ёрын муу гэж хэлж болох уу? Энэ дэлхий дээр ямар ч чиг хандлага зонхилж байгаа бай, энэ нь зугаа цэнгэл, хоол, алдартай хүмүүс, үзэсгэлэнтэй сайхан хүмүүс ч бай, эдгээрийн алинд ч тэд уурладаггүй, харин “Бурхан” хэмээх үгийг нэгэнтээ дурдахад л тэд уурладаг; энэ нь ёрын муу уг чанар биш гэж үү? Энэ нь хүний ёрын муу уг чанарын хангалттай нотолгоо болдог. Одоо та нарын талаар яривал, үнэнийг дурдах үед, эсвэл хүн төрөлхтнийг турших Бурханы туршилтыг цухуйлгах үед, хүний эсрэг Бурханы шүүлтийн үгийг дурдах үед та нар цухалдаж, эгдүүцэж энэ талаар сонсохыг хүсдэггүй юу? Та нар зүрх сэтгэлдээ: “Хүмүүс бүгд Бурхан бол үнэн гэж хэлээгүй гэж үү? Эдгээр үгийн зарим нь үнэн биш, энэ нь мэдээж Бурхан хүнийг буруушасан үг!” гэж боддог. Зарим хүн бүр зүрх сэтгэлдээ: “Үүнийг өдөр бүр цухуйлгадаг, бидэнд хандах Түүний туршилт, шүүлтийг үргэлж дурддаг; энэ бүхэн хэзээ төгсөх юм бэ? Хэзээ бид сайн хүрэх газрыг хүлээн авах юм бэ?” гэж зэвүүцдэг. Энэхүү учир шалтгаангүй уур хаанаас гарч байгаа нь мэдэгддэггүй. Энэ нь ямар уг чанар вэ? (Ёрын муу уг чанар.) Энэ нь Сатаны ёрын муу уг чанараар өдөөгддөг. Сатаны ёрын муу уг чанар болон хүн төрөлхтний завхарсан зан чанарын тухайд Бурхан хүмүүстэй хэзээ ч маргалдаж, хэрэлддэггүй бөгөөд хүмүүс мэдлэггүй байдлаасаа болж ингэж авирлах үед Тэр хэзээ ч тоодоггүй. Бурхан аливаа зүйл дээр хүмүүстэй адил үзэл бодол баримталж байхыг та нар харахгүй, түүнчлэн аливаа зүйлийг шийдвэрлэхдээ хүний үзэл бодол, тэдний мэдлэг, тэдний шинжлэх ухаан, тэдний гүн ухаан, эсвэл хүний төсөөллийг ашиглаж байхыг та нар харахгүй. Үүний оронд Бурханы хийдэг бүхэн, илэрхийлдэг бүхэн үнэнтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг болгон, хийсэн үйлдэл болгон нь үнэнтэй хамаатай байдаг. Энэ үнэн болон эдгээр үг нь ор үндэсгүй уран сэтгэмж биш, харин ч Бурханы мөн чанар, Түүний амийн улмаас Бурханаар илэрхийлэгдсэн. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүхний мөн чанар нь үнэн учраас Бурханы мөн чанар бол ариун гэж бид хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн нь хүмүүст эрч хүч болон гэрлийг авчирдаг; энэ нь эерэг зүйлс болон тэдгээр эерэг зүйлийн бодит байдлыг харах боломжийг хүмүүст олгодог бөгөөд зөв замаар алхах боломжийг олгодог. Бурханы мөн чанарын улмаас эдгээр зүйл тодорхойлогддог бөгөөд Түүний ариун байдлын мөн чанарын улмаас тэдгээр нь тодорхойлогддог. Та нар үүнийг харсан, тийм үү? Судрыг үргэлжлүүлэн уншицгаая.

  Maтай 4:8-11 Диавол дахиад Түүнийг асар өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг үзүүлээд “Хэрвээ Чи сөхрөн, намайг шүтвэл би энэ бүх зүйлийг Чамд өгөх болно” гэв. Тэгэхэд Есүс түүнд, “Зайл, Сатан аа: Чи өөрийн Бурхан Эзэнд шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчлэх ёстой гэж сударт бичигдсэн байдаг” гэж хэллээ. Тэгээд диавол Түүнийг орхин явж, тэнгэрэлчүүд ирээд, Түүнд үйлчилж эхлэв.

   Диавол Сатаны өмнөх хоёр заль мэх бүтэлгүйтсэн ч гэсэн дахиад нэг оролдсон: Тэр дэлхий дээрх бүх хаанчлал болон тэдгээрийн сүр хүчийг Эзэн Есүст харуулсан бөгөөд диаволыг шүтэхийг Түүнээс хүссэн юм. Энэ нөхцөл байдлаас чи диаволын жинхэнэ шинж чанарын талаар юу харж байна вэ? Диавол Сатан туйлын ичгүүргүй биш гэж үү? (Тийм.) Тэр хэчнээн ичгүүргүй вэ? Бүх зүйлийг Бурхан бүтээсэн атал Сатан үүнийг эргүүлэн Бурханд харуулаад, “Эдгээр бүх хаанчлалын эд баялаг, сүр хүчийг хар. Хэрвээ Чи намайг шүтвэл би тэдгээрийг бүгдийг нь Чамд өгөх болно” гэж хэлсэн. Энэ нь үүрэг роль солигдсон явдал биш гэж үү? Сатан ичгүүргүй бус уу? Бурхан бүх зүйлийг бүтээсэн, Бурхан эдгээр зүйлийг таашаалаа болгодог уу? Бурхан бүх зүйлийг хүн төрөлхтөнд өгсөн боловч Сатан энэ бүхнийг булаан авахыг хүссэн ба дараа нь тэр, “Намайг шүт! Намайг шүт, тэгвэл би энэ бүхнийг Чамд өгөх болно” гэж хэлсэн. Энэ бол Сатаны муухай нүүр царай; тэр туйлын ичгүүргүй, тийм үү? Сатан бүр “ичгүүр” гэдэг үгийн утга учрыг ч мэддэггүй ба энэ нь түүний ёрын муугийн өөр нэгэн жишээ юм. Ичгүүр гэж юу болохыг ч тэр мэддэггүй. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба тэдгээрийг захирч, ноёрхдог гэдгийг Сатан тодорхой мэддэг. Бүх зүйл хүнд биш, Бурханд харьяалагддаг, Сатанд бол бүр ч биш, гэтэл диавол Сатан бүх зүйлийг Бурханд өгөх болно хэмээн ичгүүр сонжуургүйгээр хэлсэн. Сатан дахин нэгэнтээ утгагүй, ичгүүргүй зүйл хийж байгаа биш гэж үү? Бурхан одоо Сатаныг бүр ч илүү их үзэн яддаг, тийм үү? Гэхдээ Сатан юу ч хийхээр оролдсон бай, Эзэн Есүс үүнд нь автсан уу? Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (“Чи өөрийн Бурхан Эзэнд шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчлэх ёстой.”) Энэ хэллэгт бодитой утга учир байна уу? (Байна.) Ямар төрлийн бодитой утга учир вэ? Бид Сатаны ёрын муу, ичгүүргүй байдлыг үгээс нь хардаг. Тэгвэл хэрвээ хүн Сатаныг шүтсэн бол төгсгөл нь ямар байх байсан бэ? Тэд бүх хаанчлалын эд баялаг, сүр хүчийг хүлээн авах байсан уу? (Үгүй.) Тэд юу хүлээн авах байсан бэ? Хүн төрөлхтөн яг Сатан шиг ичгүүргүй агаад инээдтэй болох байсан уу? (Тийм.) Тэд тэгвэл Сатанаас ямар ч ялгаагүй байх болно. Тиймээс Эзэн Есүс: “Чи өөрийн Бурхан Эзэнд шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчлэх ёстой” хэмээх хүн нэг бүрийн хувьд чухал энэ хэллэгийг хэлсэн бөгөөд энэ нь Эзэнээс гадна, Бурханаас Өөрөөс нь гадна хэрвээ чи өөр нэгэнд үйлчилбэл, хэрвээ чи диавол Сатаныг шүтвэл Сатантай адил бохир заваанд хутгалдана гэдгийг өгүүлдэг. Тэгвэл чи Сатан шиг ичгүүргүй, ёрын муу болох ба мөн Сатан шиг Бурханыг сорьж, Бурханыг дайрч давшилна. Тэгвэл чиний төгсгөл ямар байх вэ? Чи Бурханаар жигшигдэж, Бурханаар цохигдож, Бурханаар устгагдана. Сатан Эзэн Есүсийг хэд хэдэн удаа ямар ч амжилтгүйгээр сорьсныхоо дараа дахин оролдсон уу? Сатан дахиж оролдоогүй ба орхин явсан. Энэ нь юуг баталдаг вэ? Сатаны ёрын муу уг чанар, хорон санаа болон гажууд, хөгийн байдал Бурханы өмнө дурдагдах үнэ цэнэгүй гэдгийг энэ нь баталдаг. Эзэн Есүс Сатаныг ердөө гурван өгүүлбэрээр л ялсан, үүний дараа тэр царайгаа дахин харуулахаас хэтэрхий их ичиж, сүүлээ хавчин яаран зугтсан бөгөөд Эзэн Есүсийг дахин хэзээ ч сориогүй. Эзэн Есүс Сатаны энэ сорилтыг ялан дийлсэн болохоор Өөрийн хийх учиртай ажлыг болон хариуцах ёстой ажлыг саадгүй үргэлжлүүлж чадах болсон. Энэ нөхцөл байдалд Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхнийг хэрвээ одоо хэрэглэвэл хүн бүхэнд бодитой утга учир агуулах уу? (Тийм.) Ямар төрлийн бодитой утга учир вэ? Сатаныг ялах нь амархан зүйл үү? Хүмүүс Сатаны ёрын муу уг чанарын талаар тодорхой ойлголттой байх ёстой юу? Хүмүүс Сатаны сорилтын талаар нарийн зөв ойлголттой байх ёстой юу? (Тийм.) Чи Сатаны сорилтуудыг туулах үедээ, хэрвээ Сатаны ёрын муу уг чанарыг нэвт харж чаддаг бол түүнийг ялж чадах уу? Хэрвээ чи Сатаны гажууд, хөгийн байдлыг мэддэг бол мөн л Сатаны хажууд зогсож, Бурханыг дайрч давшлах уу? Сатаны хорон санаа болон ичгүүргүй байдал хэрхэн чамаар дамжин илчлэгддэгийг ойлговол—эдгээр зүйлийг тодорхой таньж, мэддэг бол—чи мөн л ийм байдлаар Бурханыг сорьж, дайрах уу? (Үгүй, бид тэгэхгүй.) Хүн юу хийх вэ? (Бид Сатаны эсрэг босож, түүнийг орхих болно.)Энэ нь хийхэд амархан зүйл үү? Энэ нь амархан биш, үүнийг хийхийн тулд хүмүүс ахин дахин залбирах ёстой, тэд өөрсдийгөө үргэлж Бурханы өмнө тавьж, өөрсдийгөө шалгах ёстой. Тэд Бурханы сахилгажуулалт, шүүлт, гэсгээлтэд захирагдах ёстой бөгөөд зөвхөн ийм байдлаар л хүмүүс өөрсдийгөө Сатаны хууран мэхлэлт, хяналтаас аажмаар салгаж чадна.

  Түүний хэлсэн эдгээр зүйлээс бид, Сатаны мөн чанарыг бүрдүүлдэг зүйлсийг нэгтгэн дүгнэж болно. Нэгдүгээрт, Сатаны мөн чанарыг ерөнхийд нь ёрын муу гэж хэлж болно, энэ нь Бурханы ариун байдлын эсрэг байдаг. Сатаны мөн чанар бол ёрын муу гэж Би яагаад хэлдэг вэ? Үүнийг мэдэхийн тулд хүн хүмүүст Сатаны хийдэг зүйлийн үр дагаврыг харах ёстой. Сатан хүнийг завхруулж, хянадаг бөгөөд хүн Сатаны завхарсан зан чанарын дор үйлдэж, Сатаны завхруулсан дэлхийд оршин сууж, завхарсан хүмүүсийн дунд амьдардаг. Хүн өөрийн эрхгүй Сатанаар эзэмдүүлж, түүнд уусдаг; тиймээс хүнд Сатаны уг чанар болох завхарсан зан чанар байдаг. Сатаны хэлсэн, хийсэн бүхнээс та нар биеэ тоосон занг нь харсан уу? Түүний заль мэх, хорон санааг харсан уу? Сатаны биеэ тоосон зан үндсэндээ хэрхэн харагддаг вэ? Сатан Бурханы байр суурийг эзлэхийг үргэлж хүсдэг үү? Сатан Бурханы ажил болон Бурханы байр суурийг нурааж, үүнийг өөртөө авахыг үргэлж хүсдэг, ингэснээр хүмүүс Сатаныг дагаж, дэмжиж, шүтэх болно; энэ бол Сатаны биеэ тоосон уг чанар юм. Сатан хүмүүсийг завхруулахдаа юу хийх ёстойг нь хүмүүст шууд хэлдэг үү? Сатан Бурханыг сорих үедээ гарч ирээд, “би Чамайг сорьж байна, би Чам руу дайрах гэж байна” гэж хэлдэг үү? Тэр огтхон ч тэгдэггүй. Сатан ямар арга ашигладаг вэ? Тэр уруу татаж, сорьж, дайрч, занга тавьж, тэр ч бүү хэл судраас эш татдаг. Сатан өөрийн муу ёрын санаа зорилго, сэдлийг гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн аргаар ярьж, үйлддэг. Сатан үүнийг хийсний дараа, хүнд илэрдэг зүйлээс юуг харж болох вэ? Хүмүүс биеэ тоосон биш гэж үү? Хүнийг хэдэн мянган жилийн турш Сатан завхруулсан, иймээс биеэ тоосон, зальтай, хорон санаатай, ухаан мэдрэлгүй болсон. Энэ бүх зүйл нь Сатаны уг чанарын улмаас бий болдог. Сатаны уг чанар ёрын муу болохоор хүнд энэхүү ёрын муу уг чанарыг өгч, энэхүү ёрын муу завхарсан зан чанарыг хүнд авчирсан. Тиймээс хүн сатаны завхарсан зан чанар дор амьдардаг ба Сатаны адилаар Бурханд шүтэн мөргөхөө больж, зүрх сэтгэлдээ Түүнийг хүндлэхээ болих хүртлээ Бурханы эсрэг явж, Бурханыг дайрч, Түүнийг сорьдог.

  Бурханы ариун байдлын тухайд, энэ нь хэдийгээр танил сэдэв байж болох ч үүнийг хэлэлцэх үед зарим хүмүүсийн хувьд бага зэрэг ойлгомжгүй болж магад бөгөөд агуулга нь бага зэрэг гүнзгий байж болох юм. Яагаад гэвэл, өмнө нь хүмүүс энэ сэдвийн бодит талтай ховорхон харьцаж байсан. Гэхдээ бүү санаа зов, бид үүнийг аажмаар авч үзэх ба Бурханы ариун байдал юу болохыг ойлгоход Би та нарт тусална. Хүн ямар хүн болохын тухайд бол, зүгээр л тэр юу хийдгийг болон түүний үйлдлүүдийн үр дүнг хар, тэгвэл чи тухайн хүний мөн чанарыг харж чадах болно. Ингэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл, эхлээд энэ өнцгөөс Бурханы ариун байдлын талаар нөхөрлөцгөөе. Өөрөөр хэлбэл, Сатаны мөн чанар нь ёрын муу, иймээс хүнд чиглэсэн Сатаны үйлдлүүд нь тэднийг тасралтгүй завхруулах явдал байлаа. Сатан бол ёрын муу, иймээс түүний завхруулсан хүмүүс гарцаагүй ёрын муу, тийм үү? “Сатан бол ёрын муу, түүний завхруулсан хэн нэгэн ариун байж магадгүй” хэмээн хэлэх хүн байна уу? Ямар инээдтэй юм бэ, тийм үү? Ийм байх боломжтой юу? (Үгүй.) Иймээс бүү тэгж бод. Сатан бол ёрын муу, үүнд мөн чанар, бодитой тал байдаг бөгөөд энэ нь дэмий хоосон яриа биш. Бид Сатаныг гүтгэхээр хичээж байгаа юм биш; ердөө үнэн болоод бодит байдлын талаар нөхөрлөж байна. Энэ нь зарим хүнийг, эсвэл тодорхой хэсэг хүмүүсийг гомдоож магад боловч энд ямар ч хорон санаа зорилго байхгүй; магадгүй өнөөдөр үүнийг сонсоод та нарт бага зэрэг эвгүй санагдаж болох ч тун удалгүй үүнийг танин мэдэх үедээ та нар өөрсдийгөө жигшиж, өнөөдрийн ярьсан зүйл маань та нарт тун хэрэгтэй, тун үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх болно. Сатаны мөн чанар нь ёрын муу, иймээс Сатаны үйлдлүүдийн үр дүн нь гарцаагүй ёрын муу, ядаж л түүний ёрын муутай холбоотой байдаг гэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл Сатан хүнийг хэрхэн завхруулдаг вэ? Эхлээд бид, энэ дэлхийд болон хүмүүсийн дунд Сатаны хийсэн, ялангуяа бидэнд мэдрэгддэг болон харагддаг ёрын мууг харах ёстой; та нар өмнө нь энэ талаар ер нь бодож байсан уу? Та нар үүнийг тийм ч их бодож үзээгүй байж магад, иймээс Би хэд хэдэн гол санааг гаргаж ирье. Сатаны дэвшүүлдэг хувьслын онолын тухай хүн бүхэн мэднэ, тийм үү? Энэ нь хүний судалдаг мэдлэгийн хүрээ биш гэж үү? (Мөн.) Иймээс Сатан хүнийг завхруулахын тулд эхлээд мэдлэгийг ашигладаг ба өөрийн гэсэн арга барилаар тэдэнд мэдлэгийг зааж сургадаг. Дараа нь тэр, мэдлэг, шинжлэх ухаан, нууцлаг зүйлс эсвэл хүмүүсийн судлахыг хүсдэг зүйлээр сонирхлыг нь өдөөн, тэднийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашигладаг. Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг дараагийн зүйл нь уламжлалт соёл ба мухар сүсэг, үүний дараагаар тэр нийгмийн чиг хандлагыг хэрэглэдэг. Эдгээр нь өдөр тутмын амьдралдаа хүн бүхний харилцдаг зүйл бөгөөд хүн бүхэнд ойр байдаг, мөн тэдний хардаг, сонсдог, харилцдаг, мэдэрдэг бүхэн нь үүнтэй холбоотой байдаг. Тэдгээр нь хүн бүрийг тойрон хүрээлж байдаг гэж хэлж болох бөгөөд чи зугтахыг хүссэн ч зугтаж чадахгүй, мултрахыг хүссэн ч мултарч чадахгүй. Хүн төрөлхтөн эдгээр зүйлийн нөлөөнд автаж, эдгээрээр халдварлагдаж, хянагдаж, хүлэгдэхээс зайлсхийх ямар ч аргагүй; тэд эдгээрийг зайлуулах чадалгүй.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment