2020-04-15

Дөрөв дэх өдөр, Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ хэрэгжүүлэхэд хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон

  Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм маягаар Тэр төлөвлөгөөнийхөө эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан амсхийх завгүй, Өөрийгөө ядраасан харагдаагүй; харин ч эсрэгээрээ Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөж, дэлхий ертөнцийн эрс өөрчлөлтийн агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болж, Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан үзэсгэлэнт дүр зураг эцэст нь хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм. Шинэ зүйл бүрийн илрэлт нь шинээр төрсөн нярай хүүхэд мэт байсан бөгөөд нэгэнтээ Өөрийнх нь бодол дотор байсан боловч одоо амилсан дүр зураг Бүтээгчид таатай байлаа. Энэ үед Түүний зүрх сэтгэл өчүүхэн төдий сэтгэл ханамж олж авсан боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирлээ—Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Мөн үүний зэрэгцээ, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжийг даган, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр лүү бидний харц шилжлээ, энэ өдөр мөн дахин нэг цоо шинэ эхлэл байлаа. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь эргэлзээгүйгээр бас нэгэн гайхамшигт өдөр байсан ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд бас нэг туйлын чухал өдөр байлаа. Энэ нь мэдээж хэмжээлшгүй үнэ цэнтэй өдөр байсан юм. Энэ нь юугаараа гайхамшигтай, яагаад ийм чухал, мөн яагаад хэмжээлшгүй үнэ цэнтэй байсан бэ? Эхлээд бид Бүтээгчийн хэлсэн үгийг сонсоцгооё…

   “Бурхан, ‘Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйн мандалд гэрэлтүүлэгчид бий болог; эдгээр нь тэмдэг, улирал, өдөр ба жилд зориулагдаг: Тэдгээр нь газрыг гэрэлтүүлдэг огторгуйн мандал дахь гэрэл байг’ хэмээв” (Эхлэл 1:14-15). Энэ нь, хуурай газар болоод үүн дээрх өвс ургамлыг Бурхан бүтээсний дараа бүтээлүүдээр дамжуулан харуулсан Түүний эрх мэдлийн өөр нэгэн хэрэгжилт байв. Бурханд ийм хүч чадал байдаг учраас Бурханы хувьд ийм үйл мөн адил амархан байсан; Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно. Бурхан тэнгэрт гэрэлтүүлэгч бий болохыг тушаасан ба эдгээр гэрэлтүүлэгч нь тэнгэр, газар дээр гэрэлтээд зогсохгүй өдөр шөнө, улирал, хоног, жилийн тэмдэг болжээ. Ийм маягаар, Бурхан үгээ хэлэхэд Бурханы гүйцэлдүүлэхийг хүссэн үйл бүр Бурханы утга учрын дагуу, Бурханы тогтоосон байдлаар биелсэн юм.

   Тэнгэр дэх гэрэлтүүлэгчид нь гэрэл цацруулж чаддаг тэнгэр дэх зүйл юм; тэдгээр нь тэнгэрт гэрэлтэж, хуурай газар, тэнгис далайг гийгүүлж чаддаг. Тэд Бурханы тушаасан хэмнэл, давтамжийн дагуу эргэлдэж, газрыг өөр өөр цаг хугацаанд гэрэлтүүлдэг ба энэ маягаар гэрэлтүүлэгчдийн эргэлдэх мөчлөг нь газрын баруун, зүүн зүгт өдөр шөнө бий болоход хүргэдэг, мөн тэдгээр нь өдөр шөнийн тэмдэг болоод зогсохгүй, эдгээр өөр өөр мөчлөгөөр дамжуулан хүн төрөлхтний баяр наадам, төрөл бүрийн онцгой өдрүүдийг тэмдэглэдэг. Тэдгээр нь Бурханы гаргасан хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын төгс нэмэлт, хавсралт бөгөөд эдгээртэй хамт гэрэлтүүлэгчид зохицон, хүн төрөлхтний сарны тоолол, өдөр, жилийн тогтмол, үнэн зөв тэмдэг болдог. Хэдийгээр газар тариалан дөнгөж үүссэний дараа л хүмүүс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчдээс үүдсэн сарны тоолол, өдөр, жилийг ялган салгаж, ойлгож эхэлсэн боловч үнэндээ өнөөдөр хүмүүсийн ойлгодог сарны тоолол, өдөр, жил нь Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр аль хэдийн бий болсон бөгөөд мөн хүмүүсийн мэдэрч туулдаг хавар, зун, намар, өвлийн ээлжлэн солигддог мөчлөг ч гэсэн Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр аль эрт үүсэж эхэлсэн юм. Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид нь өдөр шөнийг тогтмол, яв цав, тодорхой ялгаж, хоног өдрийг тоолж, сарны тоолол болон жилийг тодорхой бүртгэх боломжийг хүнд олгосон. (Тэргэл сартай шөнө нь нэг сарын төгсгөл байсан ба гэрэлтүүлэгчдийн гэрэл шинэ мөчлөгөө эхэлснийг үүнээс хүн мэдэж авдаг байв; хавирган сар нь нэг сар дундаа орсныг илтгэн, сарны шинэ тоолол эхэлснийг хүмүүст хэлж, үүнээс сарны тоололд хэдэн өдөр, хэдэн шөнө байдгийг, нэг улиралд хэдэн сарны тоолол байдгийг, нэг жилд хэдэн улирал байдгийг тооцоолж болдог байсан бөгөөд бүгд тогтмол харагддаг байсан.) Иймээс, хүн төрөлхтөн гэрэлтүүлэгчдийн тойрон эргэлтээр тэмдэглэгдсэн сарны тоолол, өдөр, жилийг амархан бүртгэж чаддаг байв. Энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн болон бүх зүйл гэрэлтүүлэгчдийн эргэлтээс үүдсэн өдөр шөнийн эмх цэгцтэй ээлж ба улирлуудын ээлжлэн солигдолтын дунд өөрийн мэдэлгүй амьдарч байсан юм. Бүтээгч дөрөв дэх өдөр гэрэлтүүлэгчдийг бүтээсний ач холбогдол энэ байлаа. Үүний адилаар Бүтээгчийн энэ үйлдлийн зорилго болон ач холбогдол нь Түүний эрх мэдэл, хүч чадлаас мөн л салшгүй байсан юм. Иймээс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид болон тэдгээрийн хүнд авчрах үнэ цэн нь Бүтээгчийн эрх мэдлийн хэрэгжилтийн бас нэгэн агуу бүтээл байсан билээ.

   Хүн төрөлхтөн хараахан гарч ирээгүй байсан энэ шинэ дэлхийд Өөрийн удахгүй бүтээх шинэ амьд зориулан үдэш ба өглөө, огторгуй, газар ба далай тэнгис, өвс ургамал, хүнсний ногоо ба төрөл бүрийн мод, гэрэлтүүлэгчид, улирал, өдөр хоног, жилийг Бүтээгч бэлтгэсэн юм. Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь Түүний бүтээсэн шинэ зүйл бүрд илэрхийлэгдэж байсан бөгөөд Түүний үг, хэрэгжилт нэгэн зэрэг, өчүүхэн ч зөрүүгүй, өчүүхэн төдий ч зай завсаргүйгээр тохиолдсон билээ. Эдгээр шинэ зүйлийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын баталгаа байсан: Тэр үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйл нь үүрд үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч ийм байсан, өнөөдөр ч ийм байгаа ба үүрд мөнхөд ийм байх болно. Та нарыг дахин нэг харахад судрын эдгээр үг шинэхэн санагдаж байна уу? Та нар шинэ агуулгыг харж, шинэ нээлт хийсэн үү? Тэгсэн бол Бүтээгчийн үйл хэрэг та нарын зүрх сэтгэлийг хөдөлгөж, Түүний эрх мэдэл, хүч чадлын талаарх мэдлэгийн чинь чиглэлийг зааж, Бүтээгчийг ойлгох ойлголтын чинь үүдийг нээж, Түүний үйл хэрэг, эрх мэдэл эдгээр үгэнд амь хайрласан учраас тэр юм. Иймээс хүн эдгээр үгнээс Бүтээгчийн эрх мэдлийн бодитой, тод томруун илэрхийллийг харж, Бүтээгчийн дээдийн дээдийг үнэхээр гэрчилж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын ер бусын байдлыг харсан.

   Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал гайхамшгийг ар араас нь бүтээж, Тэр хүмүүсийн анхаарлыг татдаг бөгөөд Түүний эрх мэдлийн хэрэгжилтээс үүдсэн гайхалтай үйл хэргийг хүн өөрийн эрхгүй зогтусан ширтдэг. Түүний ер бусын хүч чадал хүн төрөлхтөнд баяр хөөрийг ар араас нь авчирдаг ба хүмүүсийн нүдийг гялбуулж, дэндүү баярлуулж орхидог, хүн шагшин гайхсандаа уулга алдаж, бахдан биширч, уухайлдаг; үүнээс ч илүүтэйгээр хүний сэтгэл илт хөдлөн, хүндлэл, бишрэл, сэтгэл татагдалт үүсдэг. Бүтээгчийн эрх мэдэл болон үйл хэрэг нь хүний сүнсэнд асар их нөлөө үзүүлж, хүний сүнсийг цэвэрлэж, цаашлаад хүний сүнсийг цатгадаг. Түүний бодол нэг бүр, айлдвар нэг бүр, эрх мэдлийнх нь илчлэл бүр нь бүх зүйлийн дундах сор бүтээл бөгөөд бүтээгдсэн хүн төрөлхтний гүн гүнзгий ойлгож, мэдэх ёстой хамгийн үнэ цэнтэй агуу ажил хэрэг юм. Бид Бүтээгчийн үгнээс үүссэн бүтээл бүрийг тоолох үед сүнс маань Бурханы хүч чадлын гайхамшигт татагдан өөрийн мэдэлгүйгээр Бүтээгчийн хөлийн мөрийг дагаж удаах өдөр буюу Бурханы бүх зүйлийн бүтээлийн тав дахь өдөр лүү хүрч ирсэн.

   Бүтээгчийн үйл хэргээс илүү ихийг харангаа Судрыг хэсэг, хэсгээр нь үргэлжлүүлэн уншицгаая.

  Тав дахь өдөр, янз бүрийн хэлбэртэй амь Бүтээгчийн эрх мэдлийг өөр өөр байдлаар харуулсан

  Сударт, “Бурхан, ‘Уснууд амьд амьтдаар бялхаж, жигүүртэн шувууд газар дээгүүр, тэнгэр огторгуйд нисэг’ гэв. Тэгээд Бурхан аварга загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээгээд дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа” (Эхлэл 1:20-21) гэж байдаг. Энэ өдөр Бурхан усан дахь амьтад болон агаар дахь шувуудыг бүтээсэн бөгөөд, өөрөөр хэлбэл Тэр янз бүрийн загас, шувуудыг бүтээж, тэдгээрийг дор бүрд нь төрөл төрлөөр нь ангилсан гэдгийг Судар бидэнд тодорхой өгүүлдэг. Энэ маягаар газар, тэнгэр болон ус Бурханы бүтээлийн улмаас баяжжээ…

    Бурханыг үгээ хэлэхэд, цоо шинэ амь дор бүрнээ өөр хэлбэртэйгээр Бүтээгчийн үгэн дунд даруй амь орж байв. Тэд байраа олох гэж түлхэлцэн, үсрэн харайж, баяр хөөртэйгөөр наадан тоглож энэ дэлхий дээр ирсэн юм… Бүх төрлийн загас усан дотор сүлжилдэж, бүх төрлийн дун элснээс гарч ирж, хайрстай, хясаатай, сээр нуруугүй амьтад том, жижиг, урт богино янз бүрийн хэлбэртэйгээр яаран бий болж байв. Мөн олон төрлийн далайн замаг гавшгайлан ургаж, олон янзын усны амьтдын хөдөлгөөнд найган долгиолж: Хурдал! Найз нөхдөө авчир! Учир нь чи хэзээ ч дахин ганцаардахгүй! гэж хэлж буй мэт тогтоол усыг шавдуулж байлаа. Бурханы бүтээсэн олон янзын амьтад усанд гарч ирсэн мөчөөс эхлээд цоо шинэ амь бүр, асар урт удаан хугацаанд зогсонги байсан усанд эрч хүч авчирч, шинэ эрин үеийг урин залжээ… Тэр үеэс хойш тэд бие биеэ түшиж, хань болсон бөгөөд нэг нэгнээ огтхон ч ялгаварлаагүй. Дотор нь буй амьтдын төлөө ус оршин тогтнож, өвөрт нь оршдог амь бүрийг тэжээн тэтгэсэн бөгөөд шим тэжээлээс нь улбаалан амь бүхэн усны төлөө оршин тогтносон юм. Тэд бүгд бие биедээ амь хайрлаж, үүний зэрэгцээ бүгд ийм маягаар Бүтээгчийн бүтээлийн гайхалтай, агуу байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн давшгүй их хүч чадлыг гэрчилж байлаа…

   Далай тэнгис цаашид нам гүм байхаа больсон ба тэнгэр ч гэсэн хөөр хөгжөөнтэй болж эхэлсэн. Том, жижиг шувууд нэг нэгээрээ газраас тэнгэрт хөөрөн ниссэн юм. Тэнгисийн амьтдаас ялгаатай нь тэд даль жигүүртэй, мөн туяхан, уян налархай биеийг нь бүрхсэн өд сөдтэй байв. Тэд далавчаа дэрвэлзүүлэн, Бүтээгчийн хайрласан гоёмсог өдөн бүрхүүл болон онцгой чиг үүрэг, ур чадварыг бахархалтай, ихэмсгээр харуулж байлаа. Тэд эрх чөлөөтэйгөөр халин нисэж, тэнгэр газрын хооронд болон өвст тал, ой хөвчийг дамнан чадварлагаар ниссэн билээ… Тэд бол агаарын хайртай амьтад, бүх зүйлийн хайртай амьтад байсан. Тэд удалгүй тэнгэр газрын хоорондох холбоо болж, бүх зүйлд мэдээ дамжуулах байсан юм… Тэд дуулан жиргэж, баяр хөөртэйгээр халин нисэж, нэгэнтээ хоосон байсан энэхүү дэлхий ертөнцөд баяр баясал, инээд хөөр, эрч хүчийг авчирсан билээ… Тэд өөрсдөд нь амь хайрласных нь төлөө Бүтээгчийг магтахын тулд зүрх сэтгэл доторх үгээ хэрэглэж, цээлхэн, уянгалаг жиргээгээ ашиглажээ. Тэд Бүтээгчийн бүтээлийн төгс агаад ер бусын байдлыг харуулахын тулд баяр хөөртэйгээр бүжсэн ба өөрсдөд нь Түүний хайрласан онцгой амиар дамжуулан Бүтээгчийн эрх мэдэлд гэрчлэл хийхийн төлөө бүхий л амьдралаа зориулах юм.…

  Усанд байна уу, тэнгэрт байна уу хамаагүй, энэхүү элбэг олон амьд биет нь Бүтээгчийн тушааснаар амьдралын өөр өөр хэлбэртэйгээр оршин тогтнож, Бүтээгчийн тушааснаар тус тусын төрөл зүйлийнхээ дагуу цугларсан бөгөөд энэ хууль, энэ дүрмийг ямар ч бүтээл өөрчлөх аргагүй байсан. Тэд Бүтээгчийн өөрсдөд нь тогтоож өгсөн хил хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй, тэгэх чадвар ч тэдэнд байгаагүй. Өнөөдрийг хүртэл тэд Бүтээгчийн тушаасны дагуу амьдарч, өсөн үржиж, Бүтээгчийн тэдэнд тогтоож өгсөн амьдралын замнал, хууль дүрмийг чанд мөрдөж, тэдэнд өгсөн үгээр илэрхийлээгүй тушаал болон тэнгэрлэг зарлиг, зааврыг нь ухамсарлан дагасан юм. Тэд өөрсдийн тусгай аргаар Бүтээгчтэй ярилцаж Бүтээгчийн санаа зорилгыг ойлгож эхэлсэн бөгөөд Түүний тушаалыг дуулгавартай дагасан юм. Бүтээгчийн эрх мэдлийг хэн ч, хэзээ ч зөрчөөгүй бөгөөд тэднийг захирах Түүний дээд эрх, тушаал нь Түүний бодол дотор хэрэгждэг байсан; хэдийгээр ямар ч үг гараагүй, гэвч Бүтээгчид цор ганц байдаг эрх мэдэл нь хүн төрөлхтнөөс ялгаатай, ямар ч хэл яриа эзэмшээгүй бүх зүйлийг нам гүмд хянадаг байсан. Бүтээгч эрх мэдлээ ийм онцгой байдлаар хэрэгжүүлсэн нь Түүний цор ганц эрх мэдлийн талаар шинэ мэдлэг олж авч, шинэ тайлбар хийхэд хүнийг хүргэсэн. Энэ шинэ өдөр Бүтээгчийн эрх мэдлийн хэрэгжилт нь Бүтээгчийн цорын ганц чанарыг дахин нэгэнтээ харуулсан гэдгийг энд Би та нарт хэлэх ёстой.

   Одоо судрын энэ эшлэлийн сүүлийн өгүүлбэрийг харцгаая: “Бурханыг харахад энэ нь сайн байлаа.” Энэ нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Энэ үгэнд Бурханы сэтгэл санааны байдал багтсан байдаг. Өөрийн үгээс улбаалан бүтээсэн бүх зүйл нь бий болж, бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан үгээрээ бүтээсэн янз бүрийн зүйлдээ, мөн Өөрийнхөө гүйцэлдүүлсэн олон янзын үйлдэлд сэтгэл хангалуун байсан уу? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь үүний хариулт юм. Та нар эндээс юу харж байна вэ? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, төлөвлөж тушаасан зүйлээ биелүүлж, хүрэх гэж зорьсон зорилгодоо хүрэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан ажил бүрээ биелүүлчихээд харамссан уу? Хариулт нь мөн л “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, мөн хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд Түүний эрх мэдэл л тийм төгс байдлыг биелүүлж чадах цорын ганц эх сурвалж гэсэн үг юм. Хүн ямар нэг зүйлийг биелүүлэх үедээ Бурханы адилаар тэр нь сайн байлаа гэж хэлж болох уу? Хүний хийдэг бүх зүйл төгс болж чаддаг уу? Хүн аливаа зүйлийг бүрмөсөн гүйцэлдүүлж чаддаг уу? “Төгс зүйл гэж үгүй, харин илүү дээр зүйл л гэж байдаг” гэж хүмүүс хэлдэгчлэн хүний хийдэг юу ч төгс болж чаддаггүй. Хийсэн, биелүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы бүтээсэн бүхэн Түүний үгээр болсон, өөрөөр хэлбэл, “Бурханыг харахад энэ нь сайн байх” үед Түүний бүтээсэн бүхэн байнгын хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, эцсийн тогтсон орон байр, хэрэгцээ болон чиг үүрэг нь өгөгдсөн гэсэн үг юм. Түүнчлэн, бүх зүйлийн дундах тэдний үүрэг болон Бурханы бүх зүйлийн удирдлагын үеэр тэдний туулах ёстой аян зам нь Бурханаар аль хэдийн урьдчилан тогтоогдсон бөгөөд үүрд хувиршгүй юм. Бүх зүйлд Бүтээгчийн өгсөн тэнгэрлэг хууль энэ байлаа.

  “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” хэмээх энгийн бөгөөд дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог эдгээр үг нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрлэг хууль, тэнгэрлэг зарлиг юм. Энэ үг нь Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү гүн гүнзгий өөр нэгэн биелэл юм. Бүтээгч үгээрээ дамжуулан олж авах гэж зорьсон бүхнээ олж авч, хүрэх гэж зорьсон бүхэндээ хүрч чадсанаар зогсохгүй бүтээсэн бүхнээ гартаа хянаж, Өөрийн эрх мэдэл дор захирч чадсан, цаашлаад энэ бүхэн нь дэг журамтай, тогтмол байсан. Түүнчлэн бүх зүйл Түүний үгээр амьдарч, үхсэн төдийгүй Түүний эрх мэдлийн улмаас Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон, үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурхан харахад тэр нь сайн байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгчийн хүчингүй болгох өдөр хүртэл энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлд бий болохыг тушаах Түүний чадвараар илрээд зогсохгүй, бүх зүйлийг удирдаж захирах, бүх зүйлд амийн эрч хүчийг хайрлах Түүний чадвараар, цаашлаад төлөвлөгөөнийхөө дагуу бүтээх бүх зүйлээ Өөрийн бүтээсэн дэлхийд төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэгтэйгээр эцэслэн гарч ирж, оршин тогтноход хүргэх Түүний чадвараар илэрсэн. Энэ нь мөн Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай, газар зүйд хязгаарлагддаггүй байдлаар илэрсэн. Бүтээгчийн эрх мэдлийн адилаар, цор ганц ялгамж чанар нь мөнхөөс мөнхөд үл өөрчлөгдөнө. Түүний эрх мэдэл үргэлж цор ганц ялгамж чанарынх нь төлөөлөл ба бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл ялгамж чанартай нь зэрэгцэн үүрд мөнх орших болно!

   Зургаа дахь өдөр, Бүтээгч үгээ хэлмэгц, Түүний оюун санаан дахь төрөл бүрийн амьтад ээлж дараалан гарч ирсэн

   Бүх зүйлийг бүтээх Бүтээгчийн ажил таван өдөр анзаарагдалгүй үргэлжилсэн ба үүний дараа Бүтээгч бүх зүйлийн бүтээлийнхээ зургаа дахь өдрийг даруй угтан авсан. Энэ өдөр нь өөр нэг шинэ эхлэл, бас нэгэн ер бусын өдөр байсан юм. Тэгвэл энэ шинэ өдөр ирэх мөчид Бүтээгчийн төлөвлөгөө юу байсан бэ? Ямар шинэ бүтээлүүдийг Тэр бий болгож, бүтээх гэж байсан бэ? Сонс, тэр бол Бүтээгчийн дуу хоолой юм…

  “Бурхан, ‘Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгож, мал амьтан, шавж, зэрлэг араатан амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог’ гэсэнд тэр нь ёсоор болов. Дараа нь газрын араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээр мөлхдөг хорхой шавж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурханыг харахад тэр нь сайн байлаа” (Эхлэл 1:24-25). Үүнд ямар амьтад багтаж байна вэ? Сударт: төрөл бүрийн мал амьтан, хорхой шавж болон газрын зэрлэг амьтад гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр газар дээр бүх төрлийн амьтад бий болоод зогсохгүй, тэдгээр нь бүгд төрөл төрлөөрөө ангилагдсан ба мөн л “Бурханыг харахад тэр нь сайн байлаа.”

  Зургаа дахь өдөр нь Бүтээгч хүссэн амьтдаа бий болохыг өмнөх таван өдрийнхтэйгөө адил өнгөөр тушаасан ба тэдгээр нь газар дээр төрөл төрлөөрөө гарч ирсэн. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлэх үед Түүний хэлсэн ямар ч үг талаар болдоггүй, иймээс зургаа дахь өдөр Түүний бүтээхээр зорьсон амьтан бүр тогтсон цагтаа гарч ирсэн юм. Бүтээгчийг “Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог” хэмээн хэлэхэд, газар дэлхий тэр дороо хөөр хөгжөөнөөр дүүрч, газар дээр бүх төрлийн амьтдын амьсгал гэнэт гарч иржээ… Зүлэгт ногоон атар талд сүүлээ нааш цааш хөдөлгөн тарган үхрүүд ар араасаа гарч ирж, майлах хоньд сүрэглэн бэлчиж, үүрсэх морьд давхиж эхэлсэн юм… Анир чимээгүй уудам ногоон тал тэр дороохөөр хөгжөөнөөр бялхжээ… Янз бүрийн эдгээр мал амьтан гарч ирсэн нь тогтуун хээр тал дээрх нүдэнд чимэгтэй дүр зураг байсан бөгөөд хязгааргүй их эрч хүчийг авчирсан юм… Эдгээр нь хээр талын хань, хээр талын эзэн байж, бие биеэсээ бүгд хамааралтай байсан; тэд хээр талын хамгаалагч, сахиул нь болох бөгөөд хээр тал нь ч тэдний байнгын уугуул нутаг нь болж, тэднийг хэрэгтэй бүхнээр нь хангаж, оршин тогтнолынх нь тэжээн тэтгэгч байх болно…

    Янз бүрийн эдгээр мал амьтан Бүтээгчийн үгээр бий болсон тэр өдөр үй олон шавж хорхой бас цуван гарч ирсэн. Тэд бүх бүтээлийн дундаас хамгийн жижигхэн амьтад байсан боловч амийн хүч нь мөн л Бүтээгчийн гайхамшигт бүтээл байсан бөгөөд хэт оройтож ирээгүй билээ… Зарим нь жаахан далавчаа дэвж байхад, өөр нэг нь аажмаар мөлхөж байсан; зарим нь дэвхэрч, харайж, нөгөө хэд нь найган ганхаж байлаа; зарим нь урагш шаламгай хөдөлж байхад бас бусад нь хурднаар ухрав; зарим нь хажуу тийш хөдөлж байхад, өөр хэд нь өндөр нам үсэрч байв… Бүгд гэр орноо олох гэж чармайн, завгүй байлаа: Зарим нь зүлэг рүү шигдэн орж, зарим нь газар нүхлэхээр зүтгэж, зарим нь мод руу нисэж, ой шугуйд бүгжээ… Тэд хэдийгээр жижиг ч гэсэн гэдэс хоосон байхын зовлон амсахыг хүсээгүй бөгөөд амьдрах газраа олсныхоо дараа идэх хоол хүнс эрж хайхаар яаравчилжээ. Зарим нь зөөлөн навч идэх гэж өвсөнд авирч, зарим нь амаараа дүүрэн шороо үмхэж, үүгээрээ хооллон, тун их дуршил, тааламжтайгаар иджээ (тэдний хувьд шороо хүртэл амттай зоог юм); зарим нь ойд бүгсэн боловч гялалзсан хар ногоон навчин дахь шүүс нь шимтэй хоол болж байсан тул тэд амрахаа больсонгүй… Цадсаныхаа дараа ч гэсэн шавжууд өөрсдийн үйл ажиллагааг зогсоогоогүй юм; тэд хэдийгээр жижиг ч гэсэн асар их эрч хүч, хязгааргүй тамир тэнхээтэй байсан тул бүх бүтээлээс нь хамгийн идэвхтэй, хамгийн хөдөлмөрч нь юм. Тэд хэзээ ч амарч, залхуурч байгаагүй. Цадангуутаа тэд ирээдүйнхээ төлөө мөн л шаргуу хөдөлмөрлөж, маргаашийнхаа төлөө, амьд үлдэхийн төлөө борви бохисхийх чөлөөгүй, яаран зүтгэж байлаа… Тэд өөрсдийгөө шавдуулж, урамшуулахын тулд олон янзын айзам хэмнэлт дууллыг намуухан аялж байсан. Түүнчлэн өвс ногоо, ой хөвч, ямх хөрс бүрд баяр хөөр нэмж, өдөр бүр, жил болгоныг өвөрмөц болгож байсан билээ… Өөрсдийн хэл болон өөрсдийн аргаар тэд газар дээрх бүх амьтдад мэдээлэл дамжуулдаг байсан. Мөн амьдралынхаа онцгой замналыг ашиглан бүх зүйлийг тэмдэглэж, тэдгээр дээр ул мөрөө үлдээсэн юм… Тэд хөрс шороо, өвс ногоо, ой хөвчтэй дотно холбоотой байсан бөгөөд хөрс шороо, өвс ногоо, ой хөвчид эрч хүч, амин чанарыг авчирч, бүх амьтанд Бүтээгчийн захиас, мэндчилгээг авчирсан билээ…

   Бүтээгчийн харц бүтээсэн бүх зүйлээ ширтсэн ба энэ мөчид Түүний нүд ой хөвч, уул нурууд дээр саатаж, Тэр бодолхийлсээр байлаа. Түүнийг үг хэлэхэд, өтгөн ой шугуй болон уул нуруудад урьд өмнө нь ер байгаагүй амьтад гарч ирэв: Тэдгээр нь Бурханы амаар хэлэгдсэн зэрлэг амьтад байлаа. Оройтож гарч ирсэн тэд толгойгоо сэгсэрч, сүүлээ шарвацгааж, дор бүрнээ дахин давтагдашгүй зүстэй байлаа. Харагтун, тэдний зарим нь үслэг арьстай, зарим нь хуягтай, зарим нь ярзайсан соёотой, бас зарим нь ярзайтал инээсэн, зарим нь урт хүзүүтэй, зарим нь оготор сүүлтэй, зарим нь догшин нүдтэй, зарим нь аймхай харцтай, зарим нь өвс идэхээр бөхийсөн, зарим нь амандаа цустай, зарим нь хоёр хөл дээрээ дэгдэж, зарим нь дөрвөн туурайгаараа алхалж, зарим нь модон дээрээс алсын бараа харж, зарим нь ой модон дотор отон хэвтэж, зарим нь амрах агуй хайж, зарим нь тал газар хөгжилдөн давхиж, зарим нь ойд гэтэж байв…; зарим нь архирч, зарим нь ульж, зарим нь хуцаж, зарим нь орилж байлаа…; зарим нь нарийн, зарим нь баргил хоолойтой, зарим нь цээлхэн, зарим нь тод уянгалаг дуутай байсан…; зарим нь догшин, зарим нь хөөрхөн, зарим нь ой гутам, зарим нь өхөөрдөм, зарим нь аймаар, зарим нь хайр татам гэнэн байсан… Тэд нэг нэгээрээ гарч ирсэн. Харагтун, тэд тургилж, эрх чөлөөтэй байж, бие биеэ зүгээр л үл хайхран, нэг нэгнээ зэрвэс ч харахгүй байлаа… Тэд дор бүрнээ Бүтээгчийн онцгойлон хайрласан амийг болон өөрсдийн зэрлэг, догшин байдлыг тээн, ой шугуй, уул нуруудад гарч ирсэн. Бүхнээс дээрэнгүй, бүрмөсөн түрэмгий тэднийг хэн уул нурууд, ой хөвчийн жинхэнэ эзэд болгосон бэ? Гарч ирэхийг нь Бүтээгч тушаасан мөчөөс эхлээд тэд ой модонд “эзэн сууж”, уул нуруудад “эзэн суусан”, учир нь Бүтээгч аль хэдийн тэдний хил хязгаарыг тогтоож, оршин тогтнолынх нь цар хүрээг тогтоосон байсан юм. Тэд л уул нурууд, ой хөвчийн жинхэнэ эзэд байсан, ийм ч учраас тэд маш зэрлэг, дээрэнгүй байсан юм. Тэднийг “зэрлэг амьтан” хэмээн нэрийдсэн нь бүх бүтээлээс үнэхээр зэрлэг, догшин, номхоршгүй байсанд нь оршино. Тэднийг номхруулж болдоггүй тул өсгөж үржүүлж болдоггүй, тэд хүн төрөлхтөнтэй эв найртай амьдарч, хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж чаддаггүй байсан. Тэднийг өсгөж үржүүлж болдоггүй байсан учраас тэд хүн төрөлхтний төлөө ажиллаж чадаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс хол амьдрах ёстой болж, хүн тэдэнд ойртож чаддаггүй байсан. Тэд хүн төрөлхтнөөс хол амьдарч, хүмүүс тэдэнд ойртож чаддаггүй байсан учраас тэд Бүтээгчийн хайрласан үүрэг буюу уул нурууд, ой хөвчийг манах үүргээ биелүүлэх чадвартай байсан. Тэдний зэрлэг байдал уул нуруудыг хамгаалж, ой хөвчийг манаж байсан бөгөөд энэ нь тэдний оршин тогтнол болон үржлийн хамгийн сайн хамгаалалт ба баталгаа байсан. Үүний зэрэгцээ тэдний зэрлэг байдал нь бүх зүйлийн дундах тэнцвэрийг хадгалж, баталгаажуулсан. Тэд ирсэн нь уул нурууд, ой хөвчид тусламж дэмжлэг, түшиг тулгуурыг авчирсан; тэд ирсэн нь онгон зэлүүд уул нурууд, ой хөвчид хязгааргүй их эрч хүч, ид хав нэмсэн. Энэ үеэс хойш уул нурууд болон ой хөвч тэдний уугуул нутаг болсон бөгөөд уул нурууд болон ой хөвч тэдний төлөө бий болж, оршин тогтносон тул тэд гэр орноо хэзээ ч алдахгүй болсон, зэрлэг амьтад уул нурууд болон ой хөвчийг сахин хамгаалахын тулд үүргээ биелүүлж, чадах бүхнээ хийдэг. Мөн газар нутгаа хамгаалж, Бүтээгчийн байгуулсан бүх зүйлийн тэнцвэрийг хадгалах болон Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд араатан уг чанараа үргэлжлүүлэн ашиглах Бүтээгчийн сургамжийг зэрлэг амьтад ч гэсэн чанд сахисан юм.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment