2019-11-27

БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО

Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед газар дэлхий дээр хүн ч тэр, өөр зүйл ч тэр байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршин тогтнож, ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа эхэлсэн юм. Үүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд толгой өндийх завгүй байж эхэлжээ. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан, мөн тэргүүн тэнгэрэлчийн тэрслэлтээс болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол дахин хэзээ ч амралтад орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэг удаа амралтад ороход хүн ч бас амралтад орох болно. Амралтан дахь амьдрал гэдэг дайн дажингүй, бузар буртаггүй, зөвт бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн (энд “Сатан” гэдгээр дайсагнагч хүчийг хэлж байна), Сатаны ялзрал, Бурханы эсрэг ямар ч хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар тэр аяараа амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний тайван амьдрал юм. Бурхан амралтад орох үед газар дээр зөвт бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан ямар ч хүчний халдлага байхаа болино. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр юм. Хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; харин анхнаасаа Тэр амарч чаддаггүй байсан гэсэн үг биш. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино, бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтад орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан байна; ёрын муу үйлд нь Сатантай нэгддэг хорон муу хүмүүс шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдсан байна; Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо больсон байна. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзрал огт байхгүй, ямар ч зөвт бус зүйл тохиолдохгүй. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжид амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход, энэ нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдан, хүнд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүн дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно. Бурхан анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын дор бүрнээ оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж,
хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёуланд нь тус тусын амьдрах хэв маяг байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн; мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай адилгүй. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Иймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд эргэн очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээр Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох явдал болон хүний бүрэн аврал, амралтад орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх ба газар дэлхий дээр амьдарна; харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэднийг эцсийн өдрүүдийн агуу гай гамшиг устгасан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч амсахгүй. Хүн төрөлхтөн бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтад орох урьдчилсан нөхцөл юм.

Бүх зүйлийн төгсгөл ойртоно гэдэг нь Бурханы ажлын төгсгөл болон хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэдэг. Энэ нь, Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн хөгжлийнхөө төгсгөлд хүрч, Адам, Евагийн үр удам төгсгөлдөө хүртэл үржин олширсон гэсэн үг бөгөөд Сатаны ялзруулсан ийм хүн төрөлхтөн цааш хөгжих боломжгүй гэсэн үг юм. Анх Адам, Ева хоёр завхраагүй байсан, харин Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева хоёр Сатанаар завхруулагдсан юм. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох үед Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева болон тэдний үр хойч эцэст нь төгсгөл болох болно; ирээдүйн хүн төрөлхтөн мөн л Адам, Евагийн үр хойчоос бүрдэх боловч Сатаны эзэмшил дор амьдардаг хүмүүс байхгүй. Харин ч аврагдаж, ариуссан хүмүүс байх болно. Энэ нь шүүгдэж, гэсгээгдсэн, ариун хүн төрөлхтөн байх юм. Энэ хүмүүс нь анх байсан хүн төрөлхтөнтэй адилгүй; тэднийг анхны Адам, Евагаас бүхэлдээ өөр төрлийн хүмүүс гэж хэлэхэд бараг болно. Энэ хүмүүс нь Сатаны ялзруулсан бүх хүний дундаас сонгогдсон байх бөгөөд эцсийн дүндээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үеэр бат зогссон хүмүүс байх болно. Тэд ялзарсан хүн төрөлхтнөөс үлдсэн сүүлчийн бүлэг хүмүүс байх болно. Энэ бүлэг хүмүүс л Бурхантай хамт эцсийн амралтад орж чадах болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр, өөрөөр хэлбэл цэвэрлэх эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөвт бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, мөн шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас мөн л таягдуулж, устгагдах болно. Хожмын ертөнцөд тэд оршин байхаа болино, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд оршин байхаа болино. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ороход аливаа ёрын мууг үйлдэгчид болон аврагдаагүй бүхэн, нас барагсдын сүнс ч бай, махан биед амьдардаг ч бай, бүгд устгагдах болно. Ёрын мууг үйлдэгч энэ сүнснүүд болон ёрын мууг үйлдэгч хүмүүс, зөвт хүмүүсийн сүнс болон зөвийг үйлдэгч энэ хүмүүс аль эрин үед харьяалагддагаас үл хамааран ямар ч ёрын мууг үйлдэгч устгагдаж, аливаа зөвт хүн амьд үлдэнэ. Хүн эсвэл сүнс аврал хүлээж авах эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй, харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, дуулгаваргүй байсан уу гэдэг дээр үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эриний хүмүүс ёрын муу зүйл хийгээд аврагдаж чадаагүй бол эргэлзээгүй шийтгэлийн бай болох байсан. Энэ эриний хүмүүс ёрын муу зүйл хийгээд аврагдаж чадахгүй бол бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг эрин үеийн биш, харин сайн муугийн үндсэн дээр ялгаж салгадаг. Хүмүүсийг сайн, муугийн үндсэн дээр ялгамагцаа шууд шийтгэж, шагнадаггүй; харин ч Бурхан, эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэх болно. Үнэндээ Тэр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг ялгаж салгахын тулд сайн мууг ашигласаар ирсэн. Эцэстээ Тэр Өөрийн ажлыг дуусгах үедээ хорон муу болон зөвт шударга хүмүүсийг хувааж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхлэхээс илүүтэйгээр ердөө Өөрийн ажлыг дуусгасны дараа л зөвт шударгыг шагнаж, хорон мууг шийтгэх болно. Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн бас л амралтад орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүхий л хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно. Ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment