2020-05-05

Үхэл: Зургаа дахь онцгой үе

 Маш их үймээн бужигнааны дараа, маш их бүтэлгүйтэл, таагүй явдлын дараа, маш их баяр хөөр, уй гашуу болон сайн, муугийн дараа, маш олон мартагдашгүй жилүүдийн дараа, улирал ахин дахин солигдохыг харсны дараа ч хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөдөг бөгөөд нүд ирмэхийн зуурт л бөхөн унтарч буй насандаа очсоноо мэддэг. Цаг хугацааны ул мөр бүх биеэр нь тамгалагддаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй толгой нь цагаан болж, хурц тунгалаг нүд нь сүүмийн булингартаж, зөөлөн толигор арьс нь үрчийж, нөсөөтдөг. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог… Энэ үед хүн залуу насныхаа оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, амьдралынхаа хэвийх үе болох өтөл нас руу ордог. Дараа нь тэр хүний амьдралын сүүлчийн чухал үе болох үхэлтэй учрах болно.


 1. Хүний амьдрал, үхлийг хянах эрх гагцхүү Бүтээгчид бий

 Хэрвээ хүний төрөлт түүний өмнөх амьдралаар заяагддаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг тэмдэглэдэг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг тэмдэглэдэг. Бүтээгч хүний төрөлтөд зориулсан хөдөлшгүй нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн л хүний үхэлд хөдөлшгүй нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг нь зайлшгүй юм. Өөрөөр хэлбэл, хэн ч тохиолдлоор төрдөггүй, хэний ч үхэл санаандгүй байдаггүй бөгөөд төрөлт болон үхэл хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын хоёуланг Бүтээгч урьдчилан шийддэг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар ихийг хэлж болохын адилаар хүн болгоны үхэл нь янз бүрийн онцгой нөхцөл байдалд тохиолддог учраас хүмүүсийн насны хэмжээ, тэдний үхлийн байдал, цаг хугацаа нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс чийрэг, эрүүл саруул байдаг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай байдаг ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол насан эцэслэж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ хажууд нүд аньдаг. Зарим хүн агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гай гамшигт амиа алддаг. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гайхалтай амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйд зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийнхээ байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэхээ, эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээжээр, амьдрал, үхлийн эрхийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дүн билээ.

   2. Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүнээс үхлийн айдас салахгүй зовооно

   Өтөл насандаа очих үед хүнд тулгардаг бэрхшээл нь гэр бүлээ тэжээх, эсвэл амьдралын гол хүсэл эрмэлзлээ тогтооход биш, харин амьдралтайгаа хэрхэн салах ёс хийж, амьдралынхаа төгсгөлтэй хэрхэн учрах, оршин тогтнолынхоо төгсгөлд хэрхэн цэг тавих вэ гэдэгт байдаг юм. Хэдийгээр хүмүүс гаднаа үхэлд маш бага анхаарал хандуулдаг мэт байдаг боловч хэн ч энэ сэдвийг шинжлэхээс зайлсхийж чадахгүй, учир нь үхлийн нөгөө талд өөр ертөнц буюу хүний ойлгож, мэдэрч чаддаггүй, тэдний огтхон ч мэддэггүй ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч мэддэггүй билээ. Энэ нь хүмүүсийг үхэлтэй халз тулахаас айж, үүнтэй нүүр тулгарахаас айхад хүргэдэг бөгөөд үүний оронд тэд энэ сэдвээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс энэ нь хүн бүрийг үхлийн тухай айдсаар дүүргэж, амьдралын энэхүү зайлшгүй үнэнд нууцлаг бүрхүүл нэмж, хүн бүхний зүрх сэтгэлд байнгын сүүдэр тусгадаг.

   Бие нь муудаж байгааг мэдрэх үедээ, үхэл нь ойртож байгааг мэдрэх үедээ хүн тодорхойгүй айдас, үгээр илэрхийлэхийн аргагүй айдсыг мэдэрдэг. Үхлээс айх айдас нь хүнд бүр илүү их ганцаардал, арчаагүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд энэ үед хүн өөрөөсөө ийнхүү асуудаг: Хүн хаанаас ирсэн бэ? Хүн хаашаа явж байна вэ? Хүний амьдрал түүнээс урсан өнгөрч, хүн ингээд үхдэг юм гэж үү? Энэ нь хүний амьдралын төгсгөлийг тэмдэглэдэг үе гэж үү? Эцэстээ амьдралын утга учир юу юм бэ? Эцсийн эцэст амьдрал ямар үнэ цэнэтэй юм бэ? Энэ нь нэр хүнд, ашгийн төлөө гэж үү? Энэ нь үр хүүхэд өсгөхийн төлөө гэж үү?… Хүн эдгээр тодорхой асуултын тухай бодсон эсэхээс үл хамааран, хүн үхлээс хэр гүнзгий айдгаас үл хамааран нууцлаг байдлуудыг судлах хүсэл, амьдралын тухай ойлгохгүй байх болон эдгээртэй холилдсон дэлхий ертөнцийн тухай хоргодсон сэтгэл, орхин одох хүсэлгүй байдал хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд үргэлж байдаг. Хүний айдаг зүйл юу болохыг, хүний судлахыг хүсдэг зүйл юу болохыг, тэр юунд хоргодсон сэтгэлтэй байдгийг болон тэр юуг орхин одох хүсэлгүй байдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байх…

  Үхлээс айдаг учраас хүмүүс хэтэрхий их санаа зовдог; үхлээс айдаг учраас тэдний орхиж чаддаггүй зүйл маш их байдаг. Үхэх гэж байхдаа зарим хүн үүний эсвэл түүний тухай бухимддаг; тэд санаа зовсноороо үхлийн авчрах зовлон шаналал, айдсыг арилгаж чадах юм шиг, амьд хүмүүстэй ийм ойр дотно харьцааг хадгалснаараа үхлийг дагалдан ирдэг арчаагүй, ганцаардмал байдлаас зугтаж чадах юм шиг хүүхдүүд, хайртай хүмүүс, эд хөрөнгийнхөө төлөө санаа зовж байдаг. Хүний сэтгэлийн гүнд ойлгомжгүй айдас, хайртай хүмүүсээсээ хагацаж, хөх тэнгэрийг дахин хэзээ ч харахгүй, материаллаг ертөнцийг дахин хэзээ ч харахгүй гэсэн айдас байдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байж дассан ганцаардмал сүнс зууралдахаа больж, үл мэдэх, танихгүй ертөнц рүү цор ганцаараа явах дургүй байдаг.

   3. Алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөж өнгөрүүлсэн амьдрал хүнийг үхэлтэй тулгарахад барьц алдуулна

  Өөрийн гэсэн юу ч үгүйгээр эхэлсэн ганцаардмал сүнс Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосноос болж хувьдаа эцэг эх, гэр бүлтэй болж, хүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүний амьдралыг мэдэрч туулах болон дэлхий ертөнцийг харах боломжийг; мөн түүнчлэн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг мэдэж, юунаас ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэхээр барьж авсангүй. Хүн хувь заяаны эсрэг тэмцэж насан турш хүрэлцэх эрч хүчийг дуусгаж, гэр бүлээ тэжээх гэж оролдон завгүй явж, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйл нь гэр бүл, мөнгө, нэр хүнд байдаг; тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс хэмээн үздэг. Бүх хүн өөрсдийн хувь заяаны талаар гомдоллодог боловч хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэнэ, утга учир юу болох вэ гэсэн судалж, ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг санааныхаа мухар луу түлхсээр байдаг. Тэдний бүхий л амьдралдаа, хэчнээн жил наслах байсан ч хамаагүй, залуу нас нь нисэн өнгөрөх хүртэл, үрчлээтэж, буурал болох хүртлээ; нэр хүнд, ашиг хүний өтөл насны доройтол руу уруудахыг зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө зүрх сэтгэлийн хоосныг дүүргэж чадахгүй гэдгийг тэд харах хүртлээ; төрөлт, хөгшрөлт, өвчин болон үхлийн хуулиас хэн ч ангид байдаггүй гэдгийг, хувь заяаны бэлтгэсэн зүйлээс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд зүгээр л нэр хүнд, ашиг эрж хайн зүтгэдэг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л, хүн олон саяын эд хөрөнгөтэй байсан ч, эрх дархтай өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй ба хүн бүхэн анхдагч байрандаа буюу өөрийн гэх ямар ч юмгүй ганц сүнсний байдалдаа эргэн очих болно гэдгийг лавтай ухаардаг. Эцэг эхтэй байх үедээ хүн эцэг эх бол бүх юм нь гэж итгэдэг; эд хөрөнгөтэй байх үедээ мөнгө бол хүний гол тулгуур, амьдрах хөрөнгө гэж боддог; байр суурьтай болохоороо түүнтэйгээ ягштал зууралдаж, түүний төлөө өөрийнхөө амийг алдана. Хүмүүс энэ ертөнцийг орхих гэж байхдаа л өөрсдийнх нь эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс агшин зуурын үүлсээс өөр юу ч биш бөгөөд тэдгээрийн алийг ч тэд өөртөө байлгаж чадахгүй, тэдгээрийн алийг ч тэд аваад явж чадахгүй, тэдгээрийн аль нь ч тэднийг үхлээс чөлөөлж чадахгүй, тэдгээрийн аль нь ч буцах замдаа орсон ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгаруулж чадахгүй; хамгийн наад зах нь, эдгээрийн аль нь ч хүнд аврал өгч, үхлийг даван туулах боломж олгож чадахгүй гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнцөд олж авдаг нэр хүнд, ашиг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын тааламж, амар амгалангийн хуурамч мэдрэмжийг хүнд өгч, хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүмүүс хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух болон зүрх сэтгэлийн амар амгалан байдлыг хүсэн мөрөөдөнгөө давлагаан доор ахин дахин ордог. Хүмүүс ойлговол зохих хамгийн чухал зүйлийг—тэд хаанаас ирсэн, тэд яагаад амьд байгаа, тэд хаашаа явдаг вэ гэдэг асуултуудыг хараахан ойлгоогүй байхдаа нэр хүнд, ашигт уруу татагдаж, мэхлүүлж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн оддог; он жил нүд цавчихийн төдийд өнгөрдөг; хүн нэг мэдэхэд л амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийх ёстой болчихсон байдаг. Дэлхий ертөнцөөс явах нь дөхөхөд энэ дэлхий дээрх бүх зүйл холдон оддог ба хүн өөрийн эзэмшдэг зүйлсийг цаашид хадгалж чадахгүй гэсэн ойлголтод аажмаар хүрдэг; тэгээд энэ дэлхийд дөнгөж мэндлээд орилж байгаа нярай хүүхэд шиг огт юуг ч эзэмшээгүй хэвээр юм байна гэдгээ хүн лавтай мэдэрдэг. Энэ үед хүн амьдралдаа юу хийснээ, амьд байхын үнэ цэнийг, энэ нь ямар утга учиртайг, хүн яагаад энэ дэлхийд ирснийг тунгаан бодоход хүрдэг; мөн энэ үед хүн, хойд нас гэж үнэхээр байдаг эсэхийг, Тэнгэр үнэхээр оршдог эсэхийг, залхаан цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг… Хүн үхэлд ойртох тусмаа амьдрал гэж үнэндээ юу болохыг мэдэх гэж төдий чинээ их хүсдэг; хүн үхэлд ойртох тусам түүний зүрх сэтгэл төдий чинээ хоосон санагддаг; хүн үхэлд ойртох тусмаа арчаагүй байдлыг төдий чинээ их мэдэрдэг; иймээс үхлээс айх хүний айдас өдрөөс өдөрт улам их болдог. Үхэлд ойртох үедээ хүмүүс яагаад ийнхүү авирладагт хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд өөрсдийнх нь амьдрал хамаарч байсан нэр хүнд, ашгаа алдаж, дэлхий ертөнц дээрх үзэгдэх бүхнийг ардаа орхин одох гэж байна; хоёрдугаарт, тэд хөл тавихаасаа айдаг, хайртай хүмүүс нь байхгүй, ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх оронтой цор ганцаараа нүүр тулах гэж байна. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд амаргүй санагддаг бөгөөд урьд өмнө нь хэзээ ч үзээгүй сандарч, арчаагүйтэх байдлыг мэдэрдэг. Хүмүүс үнэндээ энэ цэгт хүрэх үедээ л хүн хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг гэдэг нь энэ дэлхийд хөл тавингуутаа хүний ойлгох учиртай эхний зүйл юм байна гэдгийг ухаардаг. Энэ мэдлэг нь хүний амьдардаг жинхэнэ хөрөнгө, хүний оршин амьдрах гол үндэс мөн—харин гэр бүлээ хэрхэн тэжээж, нэр хүнд, эд баялаг хэрхэн олж авахад суралцах явдал биш, хэрхэн бусдаас ялгарах, эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах биш, тэр ч бүү хэл хэрхэн бусдаас илүү дээр байж, тэдэнтэй хэрхэн амжилттай өрсөлдөхөд суралцах явдал биш юм. Хэдийгээр эзэмшихийн тулд хүмүүсийн амьдралаа зарцуулдаг олон янзын амь зуух ур чадвар нь асар их материаллаг тав тухыг өгдөг боловч тэдгээр нь хүний зүрх сэтгэлд жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй, харин оронд нь хүмүүсийг зүг чигээ алдаж, өөрсдийгөө хянахад хэцүү болж, амьдралын утга учрыг мэдэж авах бүх боломжийг алдахад байнга хүргэдэг; амьд үлдэх эдгээр чадвар нь үхэлтэй хэрхэн зүй зохистойгоор нүүр тулах тухай сэтгэл зовнилын нууцлаг мэдрэмжийг бий болгодог. Ийм байдлаар хүмүүсийн амьдрал сүйрдэг. Бүтээгч бол Өөрийнх нь дээд эрхийг мэдэрч, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрд олгон, хүн бүрд шударгаар ханддаг байтал зөвхөн үхэл ойртох үед, үхлийн заналхийлэл дээр нь эргэлдэх үед л хүн дөнгөж ойлгож эхэлдэг—энэ нь хэтэрхий оройтсон байдаг.

   Хүмүүс мөнгө, алдар нэр, ашиг хонжооны хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц найдвар хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ л эдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө хэчнээн сул дорой болохоо, хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл нэр хүндээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр хүнд үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр хүнд, ашиг ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, амьд явахсан гэж төдий чинээ их хүсдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Зөвхөн энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаарагддаггүй, энэ нь тэдний хянадаг зүйл биш, амьдрах уу, үхэх үү гэдгээ хүн шийдэж чадахгүй ба энэ бүхэн нь хүний хяналтаас гадна байдаг гэдгийг үнэхээр ухаардаг.

   4. Бүтээгчийн эрх мэдэл дор ирж, үхэлтэй тайвнаар нүүр тул

  Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс хүний ертөнц дэх амьдралын туршлагаа болон түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүний буюу сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биечлэн туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн бэлтгэж өгсөн хувь заяаны хуулийн дор амьдардаг бөгөөд газар дээрх амьдралынхаа хэдэн арван жилийн замналын явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний эрх мэдлийг мэдэх нь мөс чанартай ямар ч ухаалаг хүний хувьд хэцүү зүйл биш юм. Тиймээс бүх хүмүүний хувь заяа урьдчилан тогтоогдсон гэдгийг таньж, амьд байхын утга учир юу болохыг амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар ухаарч, эсвэл нэгтгэн дүгнэх нь хүн бүрийн хувьд тун амархан байх ёстой. Хүн эдгээр амьдралын сургамжуудыг өөртөө агуулахын зэрэгцээ, амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэлд үнэндээ юу хэрэгтэйг, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдгийг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг аажмаар ухаарч эхэлдэг; хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй бол, хэрвээ хүн Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах үедээ—сүнс Бүтээгчтэй дахин нүүр тулах гэж байх үедээ—хүний зүрх сэтгэл хэмжээлшгүй их айдас, түгшүүрээр дүүрэх болно. Хэрвээ хүн энэ дэлхийд хэдхэн арван жил оршсон атлаа хүний амь хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг хараахан танин мэдээгүй бол тэр үхэлтэй амар тайван нүүр тулж чадахгүйг гайхалтгүй. Хэдэн арван жилийн амьдралыг туулсны дараа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв ойлгодог хүн; амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой хүн; түүнээс ч илүүгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай хүн юм. Ийм хүн Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг ойлгодог, хүний эзэмшдэг бүх зүйл Бүтээгчээс ирдэг ба ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүнд буцааж өгнө гэдгээ ойлгодог; ийм хүн нь Бүтээгч хүний төрөлтийг зохицуулдаг ба хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан зохицуулдаг гэдгийг ойлгодог. Иймээс эдгээр зүйлийг үнэхээр ойлгохоороо хүн аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж чадах ба энэ ертөнцийн бүх өв хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг жаргалтайгаар хүлээн зөвшөөрч, даган Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсрэг тэмцэлдэхийн оронд баяртайгаар угтан авах болно. Хэрвээ хүн амьдралыг, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг бүтээгдсэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, даалгавраа хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар амьдрах болно, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөх ба тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгээр угтан авч чадна гэдэг нь гарцаагүй. Иов мэдээж үхэлд ингэж хандсан; тэр амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан ба өөрийнхөө амьдралын аяныг амжилттай төгсгөж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн хажууд эргэн очсон юм.

  5. Иовын амьдралын эрэл хайгуул, олз ашиг нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон

   Сударт Иовын талаар ингэж бичигдсэн: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвчин мэдрээгүй, харин энэ дэлхийгээс жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж буйгаар Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан; Бурхан түүний зөв шударга үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санасан бөгөөд түүний амьдрал өөр хэнийхээс ч илүү үнэ цэнэ, ач холбогдолтой байсан. Иов газар дээр Бурханы ерөөлийг хүртэж, Түүгээр зөв шударга хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэр мөн Бурханаар шалгагдаж, Сатанаар соригдсон; тэр Бурханы төлөө гэрчлэлд зогссон ба зөв шударга хүн гэж нэрлэгдэхэд зохистой байсан юм. Тэр Бурханаар шалгагдсаныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнэтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнийг шалгасан; түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярилцсан юм. Иймээс шалгагдсаныхаа дараагийн жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү тодорхой байдлаар ойлгон үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтод хүрсэн бөгөөд Бүтээгч Өөрийн ерөөлийг хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь Өөрийн өгч байснаас илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар тулгарч чадах илүү таатай нөхцөл байдалтай болгосон гэдгийг Иовын номд тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов өөрийнхөө хөрөнгийн талаар санаа зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох зүйл байгаагүй, харамсах зүйл байгаагүй бөгөөд мэдээж үхлээс айгаагүй; учир нь тэр өөрийн бүхий л амьдралыг Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж өнгөрүүлсэн бөгөөд өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын хийсэн бүхнийг өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрх хадгалах чадваргүй байдаг вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэд итгэх, танин мэдэх, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсан бөгөөд тэр ийнхүү итгэж, танин мэдэж, захирагдан амьдралынхаа чухал онцгой үеүдийг өнгөрөөж, амьдралын сүүлчийн жилүүдээ өнгөрүүлж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулж мэдэрснээс үл хамааран түүний амьдралын зорилго болон эрэл хайгуул нь зовлонтой биш, харин жаргалтай байсан. Тэр жаргалтай байсан нь зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, эсвэл сайшаалаас бус, харин түүнээс ч илүүтэйгээр, өөрийн эрэл хайгуул ба амьдралын зорилго, Бурханаас эмээж, муугаас зайлснаар олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай алгуур мэдлэг, жинхэнэ ойлголт, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэд захирагдаж байх хугацаандаа Иовын биечлэн мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын харилцаж, танилцаж, хоорондоо ойлголцсон халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжууд; Бүтээгчийн хүслийг мэдсэнээс үүссэн тав тух болон аз жаргал; Бурхан бол агуу, гайхалтай, хайр татам, итгэл даахуйц гэдгийг харсны дараа үүссэн хүндлэл бишрэлээс болсон юм. Иов ямар ч зовлон бэрхшээлгүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсны шалтгаан нь тэр үхэхээрээ Бүтээгчийн хажууд эргэж очно гэдгээ мэдэж байсанд оршино. Мөн түүний амьдралын эрэл хайгуул, олз ашиг нь түүнийг үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авах явдалтай сэтгэл тогтуун нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө ариун, зовох юмгүй болгосонд оршино. Өнөөгийн хүмүүс Иовд байсан тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нар өөрсдөө тэгж чадах уу? Өнөөгийн хүмүүс чадах мөртлөө яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос салж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүмүүс өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэрийг болон хүнийг ч мөн адил хараан загнаж, бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэл ойртон ирэх үед гарч ирдэг гэнэтийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, ойлголт тэдэнд байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагдаж чаддаггүй учраас; хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, өөрсдийн хувь заяа, өөрсдийн амьдрал, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас хүмүүс үндсэндээ ийм ичмээр авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйд гайхах хэрэггүй юм.

   6. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрснөөр л хүн Түүний дэргэд эргэн очиж чадна

   Хүн Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг ойлгомжгүй болох нь гарцаагүй. Энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой харж чаддаггүй, мөн Бурхан тэднийг хянаж, тэднийг захирах дээд эрхийг атгадаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхийг орхиж, зугтаж чадахгүй гэдгээ мэддэггүй; иймээс үхэлтэй нүүр тулах үед тэдний сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд төгсгөл байдаггүй. Тэд маш их ачаа, маш их дурамжхан байдал, маш их будилаанд дарагддаг ба энэ бүхэн нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ ертөнцөд мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх нь гарцаагүй, үхэх нь зайлшгүй бөгөөд хэн ч энэ замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ дэлхийгээс зоволгүй явахыг хүсэж байвал, хэрвээ хүн салж ядсан бус байдлаар, сэтгэл татагдалгүйгээр амьдралынхаа эцсийн онцгой үетэй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйлгүйгээр явах юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрхийг мэдэх, Түүний эрх мэдлийг мэдэх болон тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн зөвхөн ийм байдлаар л хүмүүний тэмцэлдээнээс, гэм нүглээс, Сатаны боолчлолоос хол байж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иовынх шиг амьдралаар, Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар, үнэ цэнэ, утга учиртай амьдралаар, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг Бүтээгчээр шалгагдаж, бүх зүйлээ булаалгаж, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг ямар ч зовлон, сэтгэлийн зовнил, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн аяныг гэрэлд төвөггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, ойлгож, мэдэж авах өөрийн даалгаврыг амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас бардаг бөгөөд дараа нь бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.

    Бүтээгчийн дээд эрхийг мэдэх боломжийг бүү алд

  Дээр дүрсэлсэн зургаан онцгой үе нь Бүтээгчийн бэлтгэсэн шийдвэрлэх чухал үе шатууд бөгөөд энгийн хүн бүхэн амьдралдаа үүнийг туулах ёстой. Эдгээр онцгой үе бүр бодитой; тэдгээрийн алийг ч тойрч гарч болохгүй бөгөөд бүгд Бүтээгчийн урьдчилан тогтоосонтой болон Түүний дээд эрхтэй холбоотой. Иймээс хүний хувьд эдгээр онцгой үе бүр нь нэг чухал байцаан өнгөрүүлэх цэг бөгөөд тэдгээрийн нэг бүрийг хэрхэн төвөггүй дамжин өнгөрөх нь та бүхэнд одоо тулгарч байгаа тун ноцтой асуулт юм.

   Хүний амьдралыг бүрдүүлдэг хэдхэн арван жил нь урт ч биш, богино ч биш юм. Төрөх болон насанд хүрэхийн хоорондох хорь гаруй жил нь нүд цавчихын төдийд өнгөрдөг бөгөөд хэдийгээр энэ үед хүнийг насанд хүрэгч гэж тооцдог боловч энэ насны хүмүүс хүний амьдрал болон хүний хувь заяаны талаар бараг юу ч мэддэггүй. Тэд илүү их туршлага хуримтлуулангаа дунд эргэм нас руу аажмаар дөхдөг. Гуч, дөч орчим насандаа хүмүүс амьдрал болон хувь заяаны талаар дөнгөж үүсэн бүрэлдсэн туршлагатай болдог боловч эдгээр зүйлийн талаарх тэдний санаа бодол тун бүрхэг хэвээр байдаг. Дөчин нас хүрээд л зарим хүмүүс Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн болон хорвоо ертөнцийг ойлгож, хүмүүний амьдрал ямар болохыг, хүмүүний хувь заяа юу болохыг ухаарч мэдэж эхэлдэг. Зарим хүн хэдийгээр урт хугацаанд Бурханы дагалдагчид байж, одоо дунд хэрийн настай болсон атлаа Бурханы дээд эрх, тэр ч бүү хэл жинхэнэ дуулгавартай байдлын талаар нарийн зөв мэдлэг, тодорхойлолттой болоогүй л байдаг. Зарим хүн ерөөл хүлээн авахыг хичээхээс өөр юу ч тоодоггүй бөгөөд тэд хэдийгээр олон жил амьдарсан ч ядахдаа, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг мэддэггүй, эсвэл ойлгодоггүй ба иймээс Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдах бага зэргийн бодит сургамжид ч ордоггүй. Тийм хүмүүс тэр чигтээ тэнэг; тийм хүмүүс амьдралаа дэмий өнгөрүүлдэг.

  Хэрвээ хүний амьдралыг дадлага туршлагынх нь түвшин болон хүний хувь заяаны талаарх түүний мэдлэгийн дагуу хуваавал үүнийг ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Эхний үе шат нь залуу нас буюу төрөлт болон дунд эргэм насны хоорондох, эсвэл төрөлтөөс гучин нас хүртэлх жил. Хоёр дахь үе шат нь боловсорч гүйцсэн нас буюу дунд наснаас өтөл нас хүртэл, гучаас жаран нас хүртэлх үе юм. Гурав дахь үе шат нь хүний нас биед хүрсэн үе буюу жаран наснаас эхлэдэг өтөл наснаас эхлээд хүн энэ дэлхийгээс явах хүртэлх үе юм. Өөрөөр хэлбэл, төрснөөсөө эхлээд дунд эргэм нас хүртэл ихэнх хүмүүсийн хувь заяа болон амьдралын талаарх мэдлэг нь бусдын үзэл санааг тоть шиг дуурайдгаар хязгаарлагддаг; үүнд бараг ямар ч үнэн, бодитой мөн чанар байдаггүй. Энэ хугацаанд амьдралын тухай хүний үзэл болон хүн энэ дэлхийд өөрийн замыг хэрхэн бүтээх нь бүгд тун өнгөц, гэнэн байдаг. Энэ бол хүний өсвөр үе юм. Хүн амьдралын бүх баяр хөөр, уй гунигийг амссаныхаа дараа л хувь заяаны талаар бодитой ойлголт олж авч, хүн—дотоод ухамсартаа, зүрх сэтгэлийнхээ гүнд—хувь заяаны эргэлт буцалтгүй байдлыг аажмаар мэдэж, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх үнэхээр оршин байдгийг аажуухнаар ухаарч эхэлдэг. Энэ бол хүний боловсорч буй үе юм. Хүн хувь заяаны эсрэг тэмцэхээ больж, цаашид сөргөлдөөнд татагдах хүсэлгүй болж, харин өөрийн хувь тавиланг мэдэж, Тэнгэрийн хүсэлд захирагдаж, амьдралынхаа амжилт болон алдааг нэгтгэн дүгнэж, өөрийн амьдрал дахь Бүтээгчийн шүүлтийг хүлээх үе—энэ нь хүний боловсорч гүйцсэн үе юм. Энэ гурван үе шатны туршид хүмүүсийн олж авдаг өөр өөр төрлийн туршлага, олз ашгийг авч үзвэл, хэвийн нөхцөл байдалд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх завшаан хүн бүрийн нэг насны амьдралд тийм ч их биш. Хэрвээ хүн жар насалбал, түүнд Бурханы дээд эрхийг мэдэх гуч орчим жил л байна; хэрвээ хүн илүү урт хугацаа хүсэх юм бол, зөвхөн түүний амьдрал хангалттай урт байвал, хэрвээ хүн зуун жил амьдарч чадвал л энэ нь боломжтой. Иймээс хэдийгээр хүний оршин тогтнолын энгийн хуулиар бол хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэх тухай сэдэвтэй анх тулгарсан цагаас эхлээд Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг танин мэдэж чадах хүртэл, тэгээд тэндээсээ түүнд захирагдаж чадах цаг хүртэл маш урт хугацааны үйл явцыг туулдаг боловч хэрвээ хүн он жилүүдээ үнэхээр тоолоод үзвэл эдгээр шагналыг олж авах боломжтой гуч юм уу дөчөөс ихгүй жил л байдаг гэж Би хэлдэг. Хүмүүс ихэвчлэн ерөөл хүлээн авах хүсэл, жолоогүй эрмэлзэлдээ автдаг; тэд хүний амьдралын мөн чанар хаана оршдогийг ялган салгаж чаддаггүй, Бүтээгчийн дээд эрхийг мэдэхийн ач холбогдлыг ухаардаггүй, иймээс тэд хүмүүний ертөнцөд орж, хүмүүний амьдралыг туулж, Бүтээгчийн дээд эрхийг мэдрэх энэхүү үнэт боломжийг нандигнадаггүй бөгөөд бүтээгдсэн зүйлийн хувьд Бүтээгчийн хувийн удирдамжийг хүлээн авах нь хэчнээн ховор эрдэнэ болохыг ухаардаггүй. Иймээс Бурханы ажил хурдан дуусаж, Бурхан хүний төгсгөлийг аль болох хурдан зохицуулж, ингэснээр тэд Түүний үнэн биеийг шуудхан харж, даруйхан ерөөгдөхийг хүсдэг хүмүүс бол хамгийн дуулгаваргүй, туйлын мунхаг байх гэмтэй гэж Би хэлдэг. Өөрсдийнхөө хязгаарлагдмал хугацаанд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх цорын ганц боломжийг шүүрэн авахыг хүсдэг хүмүүс бол ухаалаг, хурц ухаантай хүмүүс юм. Энэ хоёр өөр хүсэл нь асар их ялгаатай хоёр үзэл бодол, эрэл хайгуулыг илчилдэг: Ерөөл эрж хайдаг хүмүүс бол хувиа хичээсэн агаад хүний үнэргүй; тэд Бурханы хүслийг хайхардаггүй, Бурханы дээд эрхийг мэдэх гэж хэзээ ч чармайдаггүй, үүнд захирагдахыг хэзээ ч хүсдэггүй бөгөөд зүгээр л дураараа амьдрахыг хүсдэг. Тэд бол хэнэггүй адгийн шаарууд; тэд бол устгагдах ангилалынх юм. Бурханыг мэдэх гэж хичээдэг хүмүүс нь өөрсдийн хүслийг хойш тавьж чаддаг бөгөөд Бурханы дээд эрх болон Бурханы зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг; тэд Бурханы эрх мэдэлд захирагддаг, Бурханы хүслийг хангадаг хүмүүс байхаар чармайдаг. Тийм хүмүүс гэрэлд амьдардаг, Бурханы ерөөлүүдийн дунд амьдардаг; тэднийг Бурхан гарцаагүй сайшаах болно. Юу ч болсон бай, хүний сонголт ямар ч нэмэргүй бөгөөд Бурханы ажил хэр удахыг хүн шийдэхгүй. Хүмүүс өөрсдийгөө Бурханы эрхшээлд орхиж, Түүний дээд эрхэд захирагдсан нь дээр. Хэрвээ өөрийгөө Түүний эрхшээлд орхихгүй бол чи юу хийж чадах вэ? Бурхан хохирох уу? Хэрвээ чи өөрийгөө Түүний эрхшээлд орхихгүй бол, хэрвээ өөрийгөө хариуцах гэж оролдож байгаа бол чи тэнэг сонголт хийж байгаа ба эцэст нь хохирох хүн ганцхан чи л байх болно. Хүмүүс Бурхантай аль болох хурдан хамтран ажилласан цагт, Түүний зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдний төлөө Түүний хийсэн бүхнийг нь ойлгохоор яаравчилсан цагт л тэдэнд итгэл найдвар бий болж, амьдралаа хий дэмий өнгөрөөхгүй бөгөөд тэд авралд хүрэх болно.

   Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй

   Миний дөнгөж сая хэлсэн бүхнийг сонссоны дараа хувь заяаны талаарх та нарын бодол санаа өөрчлөгдсөн үү? Хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэний талаар та нар хэрхэн ойлгож байна вэ? Үүнийг энгийнээр хэлбэл, Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх болон зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэлдэх нь хамаагүй, хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ Бүтээгчийн өөрт нь зориулан төлөвлөсөн хувь заяаны тойрог замд буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдэл бүх зүйлийг хянаж, захирдаг барил юм. Энэ даван туулшгүй байдал, энэхүү хянаж захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, үхсэнийхээ дараа ямар ч саадгүйгээр дахин дахин өөр биед шилжих боломжийг хүмүүст олгож, дэлхий ертөнцийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Та нар энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, эсвэл гүн гүнзгий ч бай ойлгодог; хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх мэдлэг, туршлага болон Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, Бурханы үгийг хэр их мэдэрсэн, Бурханы мөн чанар болон зан чанарыг хэр сайн мэддэг чинь Бурханы дээд эрх болон зохицуулалтын талаарх чиний ойлголтын гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурхан энэ эрх мэдлийг эзэмшдэг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогдох уу? Бурханы эрх мэдэл нь орчин нөхцөлийг үл харгалзан оршдог; бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирахгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг захирч л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс шалтгаалахгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар үгүй болох байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр цор ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал, эд зүйлсээр юм уу орон зай, газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг хэзээний л хэвээр үргэлжлүүлдэг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!

   Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт

   Одоо хүн, Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ямар хандлагатайгаар мэдэж, авч үзвэл зохих вэ? Энэ бол хүн бүрийн өмнө тулгардаг бодит асуудал юм. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон дээд эрхийг хэрхэн ойлгож мэдвэл зохих вэ? Чи эдгээр асуудлыг хэрхэн ойлгож, шийдвэрлэж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлтгэсэн хүмүүс, үйл явдал болон зүйлсээр дамжуулан ажиглан ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгох, хүн юу биелүүлэх ёстойг болон тэдний мөрдөх ёстой замыг ойлгох, Бурхан хүмүүсээс ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг ойлгох гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, үүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдгийг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэжээн тэтгэдгийг, үнэнийг хүнд хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг ба хэрвээ өөрийнхөө бүх зүйлийг Бурханаар зохицуулуулж, захируулахаар шийдвэл чи хүлээж сурвал зохино, эрж хайж сурвал зохино, захирагдаж сурвал зохино. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсэж байгаа хүн бүхний баримтлах ёстой хандлага буюу Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа хүн бүхний эзэмших ёстой үндсэн чанар юм. Ийм хандлага баримталж, ийм чанарыг эзэмшихийн тулд та нар илүү шаргуу ажиллах ёстой; зөвхөн тэгснээр л та нар жинхэнэ бодит байдалд орж чадна.

  Бурханыг өөрийнхөө цор ганц Захирагч гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

  Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох ёстой үнэн юм; яагаад гэвэл эдгээр үнэн нь хүн бүрийн амьдралд, хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд, хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд, Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа түүний баримталбал зохих хандлагад, тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүчийг зарцуулдаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэх үедээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдгийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэхгүй, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй байх бөгөөд хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаарх чиний мэдлэг гарцаагүй хоосон байх болно. Энэ нь тун гунигтай зүйл биш гэж үү? Иймээс амьдралдаа хэр хол явсан чинь хамаагүй, одоо хэдэн настай байх чинь хамаагүй, аяны чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, үүнийг нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, нарийн зөв мэдлэг болон ойлголтыг олж авах нь хүн бүхний заавал биелүүлэх даалгавар, хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр, хүн бүрийн өмнө тулгардаг Бурханыг мэдэх өдөр тутмын амьдрал, үндсэн сургамж бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй гэдгийг Би чамд хэлье! Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний ганцхан Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны ганцхан Эзэн бөгөөд иймээс хүн өөрийн хувь заяаг захирах нь боломжгүй, мөн үүнийг даван гарах боломж ч байхгүй юм. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит баримт, үнэхээр оршин байдаг бодит баримт бөгөөд ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, чамайг аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, нэр хүнд, ашиг олохоор оролдож байгаа бол; чи байдлыг хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна гэдгийг Би чамд хэлж байна! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, хичээл чармайлт чинь талаар өнгөрснийг олж мэдэх болно. Хувь заяаны эсрэг тэмцэлдэх жолоогүй эрмэлзэл, хүсэл болон цадигаа алдсан зан авир чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр яг одоо чи уг үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, ойлгонгоо Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний бодит утга санааг аажмаар ухаарч эхлэх болно. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх нь, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Тэгээд аяндаа энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын үрээр чи үнэхээр сохор зоосны ч үнэ хүрэхгүй байх ба Бурханд жигшигдэн, гологдох бай болох нь эргэлзээгүй. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн өмнө захирагдах болно. Ийм хүмүүс л үнэхээр аврагдана. Тэд Бурханы дээд эрхийг мэдчихсэн учраас, үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ойлгож, дагах тэдний байдал бодитой, нарийн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголтгүйгээр, ямар ч хувийн хүсэлгүйгээр бүх зүйл дэх Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, сэтгэлдээ үхлийн айдаст автахгүй байж чадна. Ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн хажууд буцан очиж чадна.

2013 оны 12 дугаар сарын 17
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment