2020-05-31

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ VIII

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (II)


 Өмнө нь хэлэлцсэн сэдвээ үргэлжлүүлцгээе. Өнгөрсөн удаа бид юуны талаар хэлэлцсэнийг та нар санаж байна уу? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэв та нарт их хол юм шиг санагддаг уу? Та нар үүний талаар өнгөц түвшний ойлголттой байна уу? Өнгөрсөн удаа бидний ярилцсан энэ сэдвийн гол санааг Надад хэлж өгч чадах хүн байна уу? (Бурхан бүх зүйлийг бүтээснээр дамжуулан би, Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг тэтгэдгийг хардаг. Өмнө нь би, Бурхан хүнийг хангах үедээ зөвхөн Өөрийн сонгосон хүмүүсийг үгээрээ хангадаг гэж үргэлж боддог байсан, харин бүх зүйлийн хуулиар дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг тэтгэж байгааг хэзээ ч харж байгаагүй. Үнэний энэ талын тухай Бурханы яриагаар л дамжуулан би, Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийг хангадаг, Тэрээр эдгээр хуулийг зохицуулж, бүх зүйлийг тэтгэдэг гэдгийг мэдэрсэн. Бүх зүйлийн бүтээлээс нь би Бурханы хайрыг хардаг.)
Өнгөрсөн удаа бид, Бурхан бүх зүйлийг бүтээсэн талаар, мөн тэдгээрт зориулж хууль ба зарчмуудыг хэрхэн тогтоосон талаар голчлон ярилцсан. Ийм хууль, ийм зарчмуудын дор бүх зүйл хүнтэй хамт амьдарч, үхдэг бөгөөд Бурханы ноёрхол дор, Бурханы нүдэнд хүнтэй хамт зэрэгцэн оршдог. Бид эхлээд Бурхан бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийн өсөлтийн хууль, түүнчлэн тэдний өсөлтийн тойрог зам, хэв маягийг тогтооход Өөрийн арга барилыг ашигладаг тухай, мөн энэ газар нутагт бүх зүйлийн амьдрах арга замыг Тэр бас тогтоож, тэднийг өсгөн үржүүлж, бие биеэс нь хамааруулж оршин тогтнуулсаар ирсэн тухай ярилцсан. Ийм арга маяг ба хуулиуд байснаар бүх зүйл энэ газар нутаг дээр амжилттай, амар тайван оршиж, өсөж чадна. Ийм орчинтой байснаар л хүн тогтвортой гэр орон, амьдрах орчинтой болж, Бурханы удирдамж дор цаашид хөгжин урагшилж, хөгжин урагшилж чадна.

   Өнгөрсөн удаа бид Бурхан бүх зүйлийг хангадаг тухай үндсэн ухагдахууныг хэлэлцсэн. Бурхан эхлээд бүх зүйлийг энэ маягаар хангадаг болохоор бүх зүйл хүн төрөлхтний төлөө оршиж, амьдардаг. Өөрөөр хэлбэл, ийм орчин нь Бурханы тогтоосон хуулиудаас болж оршдог. Бурхан эдгээр хуулийг тогтоон барьж, удирддаг болохоор л одоогийн амьдрах орчин нь хүн төрөлхтөнд байдаг билээ. Өнгөрсөн удаа бидний ярилцсан зүйл бол өмнө нь бидний ярьсан Бурханы талаарх мэдлэгийн нэг том үсрэлт юм. Ийм үсрэлт яагаад оршдог вэ? Яагаад гэвэл, урьд нь бид Бурханыг мэдэж авах тухай ярилцах үедээ Бурхан хүн төрөлхтнийг аварч, удирдаж байгаа—өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийн хүрээн дотор аврах ба удирдах талаар—Бурхан, Бурханы үйл хэрэг, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний санаа зорилго, Тэр хүнийг үнэн ба амиар хэрхэн хангадаг тухай хэлэлцсэн. Гэхдээ сүүлд ярьсан сэдэв маань ердөө Библиэр, мөн Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг аврах цар хүрээн дотор хязгаарлагдахаа больсон байсан. Харин ч Бурханы Өөрийн тухай хэлэлцэхэд энэхүү цар хүрээнээс, Библиэс, мөн Өөрийн сонгосон хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын гурван үе шатны хил хязгаараас хальсан. Тиймээс Миний ярианы энэ хэсгийг сонсох үедээ та нар Бурханы талаарх мэдлэгээ Библи болон Бурханы ажлын гурван үе шатаар хязгаарлах ёсгүй. Харин харах өнцгөө нээлттэй байлгах хэрэгтэй; бүх зүйлийн дундах Бурханы үйл хэргийг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч, удирдаж байдгийг харах ёстой. Энэ аргаар болон энэ суурин дээр чи Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадгийг харж чадна. Энэ нь, Бурхан бол бүх зүйлийн амийн жинхэнэ сурвалж бөгөөд энэ бол Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанар гэдгийг ойлгох боломжийг хүн төрөлхтөнд олгодог. Өөрөөр хэлбэл, Бурханы ялгамж чанар, байр суурь, эрх мэдэл хийгээд Түүний бүх зүйл Өөрийг нь одоо дагаж байгаа хүмүүст зөвхөн чиглэдэггүй—энэ бүлэг хүмүүс та нарт төдийгүй—харин бүх зүйлд чиглэдэг билээ. Тэгвэл бүх зүйлийн цар хүрээ маш өргөн. Юм бүхнийг захирдаг Бурханы захиралтын цар хүрээг тайлбарлахын тулд Би “бүх зүйл” гэдгийг ашигладаг, учир нь Бурханы ноёрхдог зүйлс зөвхөн та нарын нүдээрээ харж чадах зүйлс төдийгүй, харин бүх хүний харж чаддаг материаллаг ертөнц, түүнчлэн материаллаг ертөнцийн гаднах, хүний нүдэнд үл үзэгдэгч өөр ертөнцийг багтаадаг ба цаашлаад, хүн төрөлхтний одоогийн оршдог газрын гаднах сансар огторгуй, гараг эрхсийг багтаадаг. Энэ бол Бурханы бүх зүйлийг захирдаг хүрээ юм. Бүх зүйлийг захирах Бурханы ноёрхлын хүрээ маш өргөн. Та нарын хувьд юу ойлгож, юу харах ёстой, мөн юунаас мэдлэг олж авах ёстой нь хүн нэг бүрийн ойлгож, харж, тодорхой мэдэх шаардлагатай, мэдэх ёстой зүйл юм. Хэдийгээр энэхүү “бүх зүйлийн” цар хүрээ маш өргөн ч гэсэн та нарын харж чадахгүй, эсвэл хүрч чадахгүй цар хүрээний талаар Би та нарт ярихгүй. Би зөвхөн хүмүүсийн хүрч, ойлгож, ухан мэдэж чадах цар хүрээний талаар ярина, тэгэхээр хүн бүр “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг үгийн жинхэнэ утгыг мэдэрч чадах юм. Тэгснээр та нарт Миний ярьсан зүйл дэмий хоосон үг болохгүй.

   Өнгөрсөн удаа “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг сэдвийн талаар та нарт энгийн ерөнхий тойм өгөхийн тулд бид түүх өгүүлэх арга хэрэглэсэн, тэгснээр та нар Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг тухай үндсэн ойлголттой болж чадна. Энэ үндсэн ойлголтыг та нарт суулгахын зорилго юу вэ? Энэ нь, Библи болон Өөрийн ажлын гурван үе шатнаас гадуур, хүний харж, хүрч чадахгүй бүр ч их ажлыг Бурхан бас хийж байгааг та нарт мэдэгдэхийн төлөө байдаг. Ийм ажлыг Бурхан биечлэн гүйцэтгэж байгаа билээ. Хэрвээ Бурхан Өөрийн удирдлагын ажлаас гадуурх энэ ажилгүйгээр, гагцхүү Өөрийн сонгосон хүмүүсийг л урагш хөтөлж байсан бол та бүгдийг багтаасан энэ хүн төрөлхтний хувьд үргэлжлүүлэн урагшлахад тун хэцүү байх байсан бөгөөд энэ хүмүүс болон энэ дэлхий ертөнц үргэлжлүүлэн хөгжиж чадахгүй байх байв. Энэ нь өнөөдөр та нартай ярилцаж байгаа “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх хэллэгийн чухал ач холбогдол юм.

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин

  Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх хэллэгт холбоотой олон сэдэв, агуулгыг хэлэлцсэн, гэхдээ Бурхан та нарыг Өөрийн үгээр хангаж, та нар дээр Өөрийн гэсгээлт, шүүлтийн ажлыг явуулахаас гадна хүн төрөлхтөнд ямар зүйлс хүртээдгийг та нар зүрх сэтгэл дотроо мэддэг үү? Зарим хүн “Бурхан надад нигүүлсэл, ерөөл хүртээдэг ба сахилгажуулалт, тайтгарал, халамж, хамгаалалтыг боломжит бүх аргаар өгдөг” гэж хэлж магад. Өөр хүмүүс “Бурхан надад өдөр тутмын хоол, унд хайрладаг” гэж байхад зарим нь “Бурхан надад бүхнийг хүртээдэг” гэж ч хэлнэ. Хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа харилцдаг эдгээр зүйлийн хувьд, өөрсдийн махан биеийн амьдралын туршлагатай холбоотой зарим нэгэн хариулт та бүхэнд байж болох юм. Бурхан хүн нэг бүрд олон зүйлийг өгдөг, гэхдээ энд бидний ярилцаж байгаа зүйл хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээний хүрээнд зөвхөн хязгаарлагдахгүй, харин цааш лавшруулж харах боломжийг та нарт олгодог. Макро өнцгөөс авч үзвэл Бурхан нэгэнт бүх зүйлийн амийн эх сурвалж тул бүх зүйлийн амийг хэрхэн тэтгэдэг вэ? Өөрөөр хэлбэл, Бүх зүйлийг цаашид оршин тогтнуулахын тулд тэдний оршин тогтнолыг тэтгэж, оршин тогтнолын хуулийг нь тогтоохын тулд Бурхан бүх зүйлд юу авчирдаг вэ? Энэ бол бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа зүйлийн гол зүйл юм. Та нар Миний хэлснийг ойлгож байна уу? Энэ сэдэв та нарт тийм ч танил биш байж магад, гэхдээ Би хэт гүн гүнзгий сургаал номлолын талаар ярихгүй. Та бүхнийг сонссоны дараа Би ойлгуулах гэж хичээнэ. Та нар дарамттай гэж бодох хэрэггүй—анхааралтай сонсоход л болно. Гэхдээ, Би үүнийг дахиад жаахан онцлох ёстой: Би ямар сэдвээр ярьж байгаа билээ? Надад хэлээч. (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Тэгвэл Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг вэ? Тэр бүх зүйлийг юугаар хангадаг болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэж хэлдэг вэ? Та нарт энэ тухай ойлголт, төсөөлөл байна уу? Миний ярьж байгаа энэ сэдэв та нарын зүрх сэтгэл, оюун ухаанд үндсэндээ огт байхгүй юм шиг байна. Гэхдээ та нар энэ сэдэв болон Миний ярих гэж байгаа зүйлсийг аливаа мэдлэгтэй холбож, эсвэл хүний ямар нэг соёл юм уу судалгаатай нэгтгэлгүйгээр Бурханы үйл хэрэгтэй холбож чадна гэдэгт Би найдаж байна. Би зөвхөн Бурхан болон Бурханы Өөрийн талаар ярьж байна. Энэ бол та нарт өгөх Миний зөвлөгөө юм. Та нар ойлгосон, тийм үү?

  Бурхан хүн төрөлхтөнд олон зүйл хайрласан. Би хүмүүсийн харж чадах зүйл, өөрөөр хэлбэл, тэдний мэдэрч чадах зүйлийн тухай ярьж яриагаа эхэлье. Эдгээр нь хүмүүсийн дотроо ойлгож, хүлээн зөвшөөрч чадах зүйлс юм. Иймд Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангасан талаар хэлэлцэхдээ материаллаг ертөнцөөс эхэлцгээе.

    1. Агаар

 Эхлээд Бурхан хүнийг амьсгалаг гэж агаарыг бүтээсэн. Энэ агаар нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа хүрэлцдэг зүйл биш гэж үү? Энэ агаар нь хором бүрд, унтаж байхдаа ч гэсэн хүмүүсийн салж болшгүй зүйл юм. Бурханы бүтээсэн агаар бол хүн төрөлхтөнд асар чухал: Энэ нь амьсгалж, амьд үлдэхэд заавал байх ёстой зүйл юм. Зөвхөн мэдрэгдэх атлаа үл үзэгдэх энэ бодис нь бүх зүйлд Бурханы өгсөн хамгийн анхны бэлэг байсан юм. Агаарыг бүтээснийхээ дараа Бурхан зүгээр л явахад бэлдсэн үү? Агаарыг бүтээчхээд Бурхан агаарын нягтшилыг анхаарч үзсэн үү? Бурхан агаарын агууламжийг анхаарч үзсэн үү? (Тэгсэн.) Бурхан агаарыг бүтээж байхдаа юу бодож байсан бэ? Бурхан яагаад агаарыг бүтээсэн бэ, мөн үүнийг бүтээсэн зорилго нь юу вэ? Хүмүүст агаар хэрэгтэй, тэд амьсгалах хэрэгтэй. Юуны өмнө агаарын нягтшил хүний уушгинд тохирох хэрэгтэй. Агаарын нягтшилыг мэддэг хүн байна уу? Энэ нь хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйл биш; үүнийг мэдэх хэрэг байхгүй. Бидэнд агаарын нягтшилтай холбоотой яг таг тоо хэмжээ хэрэггүй бөгөөд ерөнхий ойлголттой байхад л болно. Бурхан, хүний уушги амьсгалахад хамгийн тохиромжтой нягтшил бүхий агаарыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүст таатай бөгөөд амьсгалахад биед нь хор хөнөөл учруулахгүй. Энэ бол агаарын нягтшилын тухай хэллэг юм. Дараа нь бид агаарын агууламжийн талаар ярина. Юун түрүүнд агаарын агууламж хүмүүст хоргүй, тиймээс уушги, бие махбодыг гэмтээхгүй. Бурхан энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй байсан. Хүний амьсгалах агаар саадгүй орж, гарч байх хэрэгтэй, мөн амьсгал авсны дараа агаарын агууламж ба хэмжээ нь цус, түүнчлэн уушги ба биед буй хэрэглэгдсэн хий зохих ёсоор бодисын солилцоонд орохуйц байх, мөн тэр агаар ямар ч хортой бүрэлдэхүүн хэсгийг агуулах ёсгүй гэдгийг Бурхан харгалзан үзэх ёстой байлаа. Энэ хоёр стандарттай холбогдуулан, Би та нарыг баахан мэдээллээр булах гээгүй, харин Бурхан, юм бүхнийг бүтээхдээ Өөрийн гэсэн бодолтой байсан нь юм бүхэн нь хамгийн сайн байсан гэдгийг хүнд мэдэгдэх гэсэн юм. Түүнээс гадна, агаар дахь тоосны хэмжээ, газар дээрх тоос, элс, шороо, түүнчлэн тэнгэрээс унах тоосны хэмжээний тухайд гэвэл, Бурхан эдгээр зүйлийн талаар ч бас төлөвлөгөөтэй—эдгээр зүйлийг арилгах, шийдэх арга замтай байсан. Тоос байдаг ч гэсэн Бурхан, тоос нь бие махбод, хүний амьсгалд хор хөнөөл учруулахгүй бөгөөд тоосны хэсгүүд нь бие махбодод аюулгүй байх хэмжээтэйгээр хийсэн. Бурхан агаарыг бүтээсэн нь учир битүүлэг байгаагүй гэж үү? Энэ нь амнаасаа жаахан агаар үлээхтэй л адил энгийн байсан уу? (Үгүй.) Түүний бүтээсэн хамгийн энгийн зүйлсэд ч Бурханы нууц, Түүний оюун санаа, Түүний бодол болон Түүний мэргэн ухаан цөм илэрхий байдаг. Бурхан бодитой биш гэж үү? Өөрөөр хэлбэл, эгэл зүйлийг бүтээхдээ ч Бурхан хүн төрөлхтнийг бодож байсан юм. Юуны өмнө, хүний амьсгалдаг агаар цэвэр, агууламж нь хүн амьсгалахад зохимжтой, хоргүй, хүнд хор хөнөөл учруулдаггүй бөгөөд нягтшил нь хүн амьсгалахад тохирсон байдаг. Хүмүүсийн амьсгалдаг энэ агаар тэдний биед, тэдний махбодод заавал байх ёстой зүйл юм. Иймд хүмүүс саадгүй, санаа зоволгүйгээр чөлөөтэй амьсгалж болно. Тэд хэвийн амьсгалж болно. Агаар бол Бурханы эхлээд бүтээсэн зүйл бөгөөд хүн амьсгалахад зайлшгүй чухал билээ.

     2. Температур

  Хоёр дахь зүйл нь температур юм. Хүн бүр температур гэж юу болохыг мэднэ. Температур бол хүн оршин тогтноход зохимжтой орчинд байх ёстой зүйл билээ. Хэрвээ температур хэт өндөр буюу Цельсийн 40 хэмээс дээш бол хүмүүсийн эрч хүчийг бүр ихээр шавхахгүй гэж үү? Хүмүүс амьдрахад тун зүдэргээтэй байх байсан биш үү? Хэрэв температур хэт доогуур, Цельсийн хасах 40 хэм хүрвэл яах вэ? Хүмүүс үүнийг ч бас тэвчиж чадахгүй. Тиймээс Бурхан энэ температурын хязгаарыг тогтоохдоо үнэндээ маш нарийн хандсан юм. Хүний биеийн дасан зохицож чадах температурын хэлбэлзлийн хязгаар ерөнхийдөө Цельсийн хасах 30 хэмээс Цельсийн 40 хэм байдаг. Энэ бол хойд зүгээс өмнө зүг хүртэлх температурын үндсэн хязгаар юм. Хүйтэн бүсэд температур Цельсийн хасах тавиас жаран хэм орчим хүрдэг. Ийм бүсэд хүн амьдрахыг Бурхан зөвшөөрдөггүй. Яагаад ийм хүйтэн бүсүүд байдаг вэ? Үүнд Бурханы мэргэн ухаан, санаа зорилго оршдог. Тэр чамайг тийм газруудын ойр очихыг зөвшөөрдөггүй. Бурхан хэт хүйтэн болон хэт халуун газрыг хамгаалдаг бөгөөд тэнд хүнийг амьдруулахаар бэлдээгүй гэсэн үг юм. Үүнийг хүн төрөлхтөнд зориулаагүй. Яагаад Тэр ийм газруудыг дэлхий дээр байлгадаг юм бэ? Хэрвээ тэнд хүн амьдарч, оршин суухыг зөвшөөрөхгүй юм бол Бурхан тэдгээрийг яах гэж бүтээсэн юм бэ? Бурханы мэргэн ухаан энд оршдог. Өөрөөр хэлбэл, хүний оршин тогтнох орчны үндсэн температурыг Бурхан мөн л зохистойгоор тохируулдаг. Энд ч бас хууль бий. Бурхан ийм температурыг тогтоон барихад туслах, энэ температурыг хянах зарим зүйлийг бүтээсэн. Энэ температурыг тогтоон барихад ямар зүйл ашигладаг вэ? Юуны өмнө, нар хүмүүст дулааныг авчирдаг боловч хэтэрхий халуун бол хүмүүс тэвчиж чадах уу? Наранд ойртож зүрхлэх хүн бий юу? Наранд ойр очиж чадах ямар нэгэн хэрэгсэл газар дээр бий юу? (Үгүй.) Яагаад чадахгүй вэ? Хэтэрхий халуун. Наранд ойртохоор хайлна. Тиймээс Бурхан, хүн төрөлхтнөөс алслагдах нарны зайг тодорхой бодолцсон юм; Тэр тодорхой ажил хийсэн. Бурханд энэ зайн стандарт бий. Мөн дэлхийн Өмнөд ба Хойд туйл гэж бий. Тэнд дан мөсөн гол байдаг. Хүн төрөлхтөн мөсөн гол дээр амьдарч чадах уу? Энэ нь хүн амьдрахад тохиромжтой юу? (Үгүй.) Үгүй, иймээс хүмүүс тийшээ явахгүй. Хүмүүс Хойд ба Өмнөд туйл руу явдаггүй болохоор мөсөн гол хэвээр хадгалагдаж, температурыг хянах үүргээ гүйцэтгэж чадна. Ойлгов уу? Хэрвээ Хойд ба Өмнөд туйл гэж байхгүй, нар газар дэлхийг үргэлж ээгээд байвал газар дээрх бүх хүн халуунаас болж үхнэ. Бурхан хүний оршин тогтноход тохиромжтой температурыг хянах гэж энэ хоёр зүйлийг л ашигладаг уу? Үгүй, янз бүрийн амьд зүйлс, тухайлбал хээр талын өвс ногоо, ойн янз бүрийн мод, бүх төрлийн ургамал бий. Тэд нарны халууныг шингээн авч, үүний зэрэгцээ нарны дулааны эрчим хүчийг хүн амьдрах температур болгон тохируулж нийлэгжүүлдэг. Мөн гол мөрөн, нуур гэх мэт усны эх сурвалж байдаг. Гол мөрөн, нуурын гадаргын талбай нь хэн нэгний шийдэж чадах зүйл биш. Газар дэлхий дээр хэр их ус байх, ус хаашаа урсах, урсах чиглэл, усны хэмжээ, урсгалын хурдыг хэн ч хянаж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Газар доорх ус болон хүмүүсийн харж чадах газар дээрх гол мөрөн, нуур зэрэг усны эдгээр янз бүрийн эх сурвалж нь хүний амьдрах температурыг мөн зохицуулж чаддаг. Түүнчлэн уулс, тал, хавцал, намгархаг газар гээд бүх төрлийн газар зүйн тогтоц бий; эдгээр янз бүрийн газар зүйн тогтоц, мөн тэдгээрийн гадаргын талбай болон цар хүрээ нь бүгд температурыг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, хэрвээ энэ уул 100 километрийн радиустай бол энэ 100 километр нь 100 километрийн нөлөөтэй байна. Бурхан, ийм уул, хавцал хэр олныг газар дээр бүтээсэн тухайд гэвэл, энэ нь Бурханы сайтар бодсон зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл болгоны оршин тогтнолын ард нэг түүх байдаг бөгөөд энэ нь бас Бурханы мэргэн ухаан, төлөвлөгөөг агуулдаг. Жишээлбэл, ой мод, бүх төрлийн ургамал ногоо—тэдгээрийн ургадаг гадаргын талбай болон цар хүрээг ямар ч хүн хянаж чадахгүй, мөн эдгээр зүйлийн талаар ямар ч хүн шийдвэр гаргадаггүй. Тэдгээр нь хэр их ус шингээх, нарнаас хэр их дулааны эрчим хүч авах зэргийг бас ямар ч хүн хянаж чадахгүй. Энэ бүхэн нь, бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы төлөвлөсөн зүйлийн цар хүрээнд байдаг.

  Бурхан бүх талаар хянуур төлөвлөн, анхаарч зохицуулсны ачаар л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг юм. Тиймээс хүний нүдээрээ хардаг нар гэх мэт юм бүхэн, хүмүүсийн байнга сонсдог Хойд ба Өмнөд туйл, түүнчлэн газар дээр, доор болон усанд оршдог янз бүрийн амьд зүйл, ойн ба бусад төрлийн ургамал ногоо нь гадаргын талбай, мөн усны эх сурвалж, янз бүрийн ус, хэр их далайн ус ба цэвэр ус байх, түүнчлэн, газар зүйн өөр өөр орчин гэсэн зүйлийг ашиглаад Бурхан хүний амьдрах хэвийн температурыг тогтоон барьдаг. Энэ бол маргаангүй. Бурхан ийм их анхаарал халамж тавьсан учраас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг. Энэ нь хэт халуун, эсвэл хэт хүйтэн байж болохгүй: Хүний биеийн дасан зохицож чадах температураас хэтэрсэн дэндүү халуун газруудыг Бурхан чамд зориулж бэлдээгүй нь мэдээж. Температур нь хэт доогуур, хэт хүйтэн газрууд; хүрч ирмэгц нь хүнийг ярьж чадахгүй болгож, тархи нь царцаж, бодож сэтгэж чадахгүй болж, амьсгалах аргагүй болтол нь хөлдөөх ийм газруудыг Бурхан бас хүн төрөлхтөнд зориулж бэлдээгүй. Хүн ямар нэг судалгаа явуулахыг хүсэх, шинийг санаачлахыг хүсэх, эсвэл ийм хязгаарлалтыг эвдэхийг хүсэх нь хамаагүй—хүмүүс юу бодох нь хамаагүй, тэд хүний биеийн дасан зохицох хязгаарыг хэзээ ч давж чадахгүй. Хүний төлөө Бурханы бүтээсэн эдгээр хязгаараас тэд хэзээ ч салж чадахгүй. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн ба ямар температурт хүний бие дасан зохицож чадахыг Бурхан хамгийн сайн мэддэг. Харин хүмүүс өөрсдөө мэддэггүй. Яагаад Би хүмүүс мэддэггүй гэж хэлдэг вэ? Хүмүүс ямар мунхаг зүйл хийсэн бэ? Хойд ба Өмнөд туйлтай үзэлцэхийг үргэлж хүсдэг нэлээд олон хүн байгаагүй гэж үү? Тэд тэнд очиж, газар нутаг эзэлж, улмаар суурьшин хөгжүүлж болно гэж үргэлж хүсдэг. Энэ нь өөрийгөө хорлох үйлдэл биш гэж үү? Чи Хойд ба Өмнөд туйлыг бүхэлд нь судалсан гэж үзье. Гэхдээ чи тийм температурт дасан зохицож, тэнд амьдарч чадаад Хойд ба Өмнөд туйлын амьдрах орчныг “сайжрууллаа” ч гэсэн, энэ нь хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар ашиг тус болох уу? Хойд ба Өмнөд туйлын бүх мөс хайлбал чи баярлах уу? Энэ бол ухаан санаанд багташгүй зүйл. Энэ бол утгагүй үйлдэл. Хүн төрөлхтөнд амьдрах орчин бий, гэхдээ тэд зүгээр л чимээгүй, ухамсартайгаар тэнд байж чаддаггүй, харин амьд үлдэж чадахааргүй газрууд руу явах хэрэгтэй байдаг. Яагаад ингэдэг юм бэ? Тэд ийм зохимжтой температурт амьдрахаасаа уйддаг. Тэд хэтэрхий их ерөөл эдэлсэн. Үүнээс гадна, хүн төрөлхтөн энэхүү энгийн амьдрах орчноо нэлээд их устгасан, иймээс тэд илүү их сүйтгэх гэж, эсвэл ямар ч юм “үйл хэрэгт” оролцох гэж, тэгээд нэг маягийн “анхдагч” болох гэж Хойд ба Өмнөд туйл руу бас явдаг байх л даа. Энэ тэнэг хэрэг биш гэж үү? Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтөн өөрсдийн өвөг дээдэс Сатаны удирдлага дор утгагүй зүйлсийг ар араас нь үргэлжлүүлэн хийж, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн сайхан орон гэрийг хайр найргүй, дур зоргоороо устгасаар байна. Энэ бол Сатаны хийсэн зүйл юм. Цаашлаад газар дээрх хүн төрөлхтний оршин тогтнол бага зэрэг аюулд орсныг хараад нэлээд олон хүн саран дээр очиж суух арга замыг олж, тэнд амьдарч болох эсэхийг шалган гарц хайхыг хүсдэг. Эцсийн эцэст, саран дээр хүчилтөрөгч байхгүй. Хүмүүс хүчилтөрөгчгүйгээр амьд үлдэж чадах уу? Саранд хүчилтөрөгч байхгүй тул энэ нь хүний байж чадах газар биш, гэсэн ч хүн тийш очихыг хүссээр байдаг. Энэ юу вэ? Энэ нь өөрийгөө хорлох явдал, тийм үү? Энэ нь агааргүй газар бөгөөд температур нь хүн амьдрахад тохиромжгүй, иймээс Бурхан үүнийг хүнд зориулж бэлдээгүй.

   Бидний дөнгөж сая ярьсан температур бол өдөр тутмын амьдралдаа хүмүүсийн харилцдаг зүйл юм. “Цаг агаар өнөөдөр тун сайхан, Цельсийн 23 хэм байна. Цаг агаар сайхан, тэнгэр цэлмэг, агаар цэнгэг байна. Цэнгэг агаараар амьсгал. Нар гийж байна. Нарны гэрэлд суниа. Санаа сэтгэл сайхан байна!” Эсвэл “Өнөөдөр цаг агаар маш хүйтэн байна. Гараа гаргавал тэр даруй хөлдөнө. Тэсгим хүйтэн байна, иймээс гадаа битгий удаарай. Хурдал, буцаад ир, битгий хөлдчихөөрэй!” Температур бол бүх хүний бие мэдэрч чадах зүйл, гэвч энэ температур яаж бий болсон, эсвэл хүн амьдрахад тохиромжтой энэ температурыг хэн хариуцаж, хянадаг талаар хэн ч боддоггүй. Энэ бол бидний одоо мэдэж авах ёстой зүйл юм. Үүнд Бурханы мэргэн ухаан байна уу? Үүнд Бурханы үйл хэрэг бий юу? (Тийм.) Бурхан, хүн амьдрахад тохирох температур бүхий орчныг бүтээснийг авч үзвэл, энэ нь бүх зүйлийг хангадаг Бурханы арга замуудын нэг мөн үү? (Тийм ээ.) Мөн.

    3. Дуу чимээ

   Гурав дахь зүйл нь юу вэ? Энэ нь бас хүний хэвийн амьдрах орчинд байх ёстой зүйл юм. Энэ нь бас бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы шийдвэрлэх ёстой болсон зүйл юм. Энэ нь Бурханд, мөн хүн бүхэнд нэн чухал зүйл юм. Хэрвээ Бурхан үүнийг зохицуулаагүй байсан бол энэ нь хүн төрөлхтний амьдралд маш том саад бартаа болох байв. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний бие болон амьдралд тун их нөлөө үзүүлэх байсан ба ийм орчинд хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүйд хүрэх байсан юм. Ийм орчинд бүх амьд зүйл амьд үлдэж чадахгүй гэж хэлж бас болно. Тэгэхээр энэ зүйл юу вэ? Энэ бол дуу чимээ. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба бүх зүйл Бурханы гарт амьдардаг. Бурханы нүдэнд, бүх зүйл хөдөлж, амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэн, утга учир байдаг. Тэдний бүгдийнх нь оршин тогтнолын ард зайлшгүй хэрэгцээ бий гэсэн үг юм. Бурханы нүдээр юм бүхэн амьтай байдаг; тэд нэгэнт бүгд амьтай агаад хөдөлж байгаа болохоор дуу чимээ гаргана. Жишээ нь, дэлхий байнга эргэж байна, нар байнга эргэж байна, сар ч бас байнга эргэж байна. Бүх зүйлийн үржил, хөгжил болон хөдөлгөөнөөс дуу чимээ байнга гарч байгаа. Газар дээрх зүйлс байнга өсөн үржиж, хөгжиж, хөдөлж байна. Жишээлбэл, уулсын суурь хөдөлж, нүүж байхад далай тэнгисийн гүнд орших амьд зүйлс цөм нүүн шилжиж, сэлж байдаг. Эдгээр амьд зүйл, Бурханы нүдэн дэх бүх зүйл бүгд тасралтгүй, хэвийн, тогтмол хөдөлгөөнд байдаг гэсэн үг юм. Тэгэхээр эдгээр зүйлийн нууцхан үржил, хөгжил, хөдөлгөөн юу авчрах вэ? Хүчирхэг дуу чимээ. Дэлхийгээс гадна төрөл бүрийн гараг ч бас байнга хөдөлгөөнд байдаг бөгөөд эдгээр гараг дээрх амьд зүйлс, организмууд мөн байнга үржиж, хөгжин хөдөлгөөнд байдаг. Өөрөөр хэлбэл, амьтай, амьгүй бүх зүйл Бурханы нүдэнд байнга урагшлан хөдөлж байдаг ба үүний зэрэгцээ бас дуу чимээ гаргаж байдаг. Бурхан эдгээр дуу чимээг бас шийдвэрлэсэн юм. Яагаад эдгээр дуу чимээг шийдвэрлэх болсон шалтгааныг та нар мэдэх ёстой, тийм үү? Нисэх онгоцонд ойртох үед чинь онгоцны нүргээнтэй дуу чимээ чамд ямар нөлөө үзүүлэх вэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чих чинь дүлийрнэ. Чиний зүрх үүнийг тэсэж чадах уу? Зүрх муутай зарим нь үүнийг тэсэж чадахгүй. Мэдээж, хэрвээ хэт удаан үргэлжилбэл зүрх сайтай хүмүүс ч үүнийг тэсэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чих ч бай, зүрх ч бай, хүний биед үзүүлэх дуу чимээний нөлөөлөл нь хүн нэг бүрд тун их бөгөөд эдгээр дуу чимээ хэт чанга бол хүмүүст хор хөнөөл учруулна. Тиймээс бүх зүйлийг бүтээх үедээ болон тэдгээр нь хэвийн ажиллаж эхэлсний дараа Бурхан эдгээр дуу чимээг—хөдөлгөөнд буй бүх зүйлийн дуу чимээг зохих ёсоор шийдвэрлэсэн юм. Энэ нь бас хүн төрөлхтөнд зориулсан орчныг бүтээх үедээ Бурханы заавал анхаарах зүйлсийн нэг байсан билээ.

  Юун түрүүнд, дэлхийн гадаргаас агаар мандал хүртэлх өндөр нь дуу чимээнд нөлөөлнө. Түүнчлэн хөрсөн дэх хоосон орон зайн хэмжээ бас дуу чимээг шийдвэрлэж, үүнд нөлөөлнө. Тэгээд дуу чимээнд нөлөөлөх янз бүрийн газар зүйн орчны уулзвар бас бий. Өөрөөр хэлбэл, Бурхан зарим дуу чимээнээс салах тодорхой аргуудыг ашигладаг ба ингэснээр хүмүүсийн чих болон зүрх тэсвэрлэж чадах орчинд хүмүүс амьд үлдэж чадах юм. Эс бөгөөс хүн төрөлхтний оршин тогтнолд дуу чимээ асар их саад учруулна; мөн тэдний амьдралд ноцтой бэрхшээл учруулна. Энэ нь тэдний хувьд том асуудал болно. Өөрөөр хэлбэл, Бурхан газар, агаар мандал, янз бүрийн газар зүйн орчныг бүтээхдээ маш нарийн хандсан. Энэ бүхэнд Бурханы мэргэн ухаан агуулагддаг. Хүн төрөлхтөн үүнийг дэндүү нарийн ойлгох шаардлагагүй. Тэд Бурханы үйл хэрэг энд багтсан гэдгийг л мэдэх хэрэгтэй. Одоо та нар Надад хэлээч, Бурханы хийсэн энэ ажил шаардлагатай байсан уу? Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орчин болон тэдний хэвийн амьдралыг хадгалахын тулд дуу чимээг маш чамбай зохион байгуулсан нь чухал байсан уу? (Тийм.) Хэрвээ энэхүү ажил чухал байсан бол энэ өнцгөөс, Бурхан бүх зүйлийг хангахын тулд ийм арга хэрэглэсэн гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм нам гүм орчноор хангаж, үүнийг бүтээсэн, ингэснээр хүний бие ийм орчинд тун хэвийн байдлаар, ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр амьдарч чадна, ингэснээр хүн төрөлхтөн хэвийн оршин байж, амьдарч чадна. Энэ нь хүн төрөлхтнийг хангадаг Бурханы арга замын нэг мөн үү? Бурханы хийсэн энэ зүйл маш чухал байсан уу? (Тийм.) Энэ маш чухал байсан. Тэгэхээр та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Хэдийгээр та нар үүнийг Бурханы үйл хэрэг байсан гэж мэдэрч чадахгүй, мөн Бурхан тухайн үед үүнийг хэрхэн хийснийг мэдэхгүй ч гэсэн, Бурхан энэ зүйлийг хийх нь шаардлагатай байсныг та нар мэдэрч байна уу? Та нар үүнд шингэсэн Бурханы мэргэн ухаан, чин сэтгэлийн хүчин чармайлтыг мэдэрч чадаж байна уу? (Тийм.) Зүгээр л үүнийг мэдэрч чаддаг байхад болно. Энэ хангалттай. Хүмүүсийн мэдэрч, харж чаддаггүй олон зүйлийг Бурхан бүх зүйлийн дунд хийсэн. Би үүнийг энд дурдаж байгаагийн зорилго бол та нарыг ердөө л Бурханы үйл хэргийн тухай зарим мэдээллээр хангах, тэгснээр та нар Бурханыг мэдэж чаддаг болох явдал юм. Бурханыг илүү сайн мэдэж, ойлгоход эдгээр сэжүүр та нарт тусалж чадна.

    4. Гэрэл

    Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—тэр нь гэрэл юм. Энэ ч бас маш чухал. Чи тод гэрэл харж, уг гэрлийн гялбаа тодорхой нэг хэмжээнд хүрэхэд нүд чинь сохроно. Эцсийн эцэст хүний нүд бол махан биеийн нүд, үүнийг ямар ч зүйл гэмтээж чадахгүй юм биш. Нар луу шууд ширтэж зүрхлэх хүн бий юу? Зарим хүн оролдож үзсэн. Чи нарны шил зүүгээд харж чадна, тийм үү? Үүнд багаж хэрэгслийн тусламж хэрэгтэй. Хүний нүд багаж хэрэгсэлгүйгээр нар луу шууд эгцэлж харах чадваргүй. Гэхдээ Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрахын тулд нарыг бүтээсэн бөгөөд Тэр бас энэ гэрлийг чадварлаг шийдвэрлэсэн. Бурхан нарыг бүтээснийхээ дараа зүгээр нэг орхиж, үл тоосон юм биш. “Хүний нүд үүнийг тэсвэрлэж чадахгүй нь хамаа алга!” Бурхан юмыг ингэж хийдэггүй. Тэрээр аливаа зүйлсийг маш нарийн хийдэг ба бүхий л талыг харгалзан үздэг. Бурхан хүн төрөлхтөнд харах нүд заяасан боловч тэдний харж чадах гэрлийн хязгаарыг бас бэлтгэсэн юм. Хангалттай гэрэл байхгүй бол болохгүй. Хэрвээ хүмүүс нүднийхээ өмнө барьсан гараа ч харж чадахааргүй харанхуй бол тэдний нүд чиг үүргээ алдаж, хэрэгцээгүй болно. Хэтэрхий тод гэрэлтэй газар хүний нүдэнд тэвчишгүй байх бөгөөд юу ч харж чадахгүй. Иймээс хүн төрөлхтний амьдарч буй орчинд Бурхан, хүний нүдэнд тохиромжтой хэмжээний гэрэл өгсөн. Энэ гэрэл хүмүүсийн нүдийг өвтгөж, гэмтээхгүй. Түүнчлэн энэ нь хүмүүсийн нүдний чиг үүргийг алдагдуулахгүй. Ийм учраас Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд үүл нэмсэн бөгөөд мөн хүмүүсийн нүд, эсвэл арьсыг гэмтээж болох гэрлийг агаарын нягтшил ер нь шүүж чаддаг. Энэ нь харилцан уялдаатай. Цаашилбал, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нарны гэрэл болон бүх төрлийн гэрлийг мөн ойлгодог бөгөөд хүний нүдийг тавгүйтүүлдэг гэрлийн гялбааны тэр хэсгийг арилгадаг. Ингэснээр хүмүүс гадуур явж, амьдрал ахуйгаа амжуулахдаа байнга тас хар шил зүүх шаардлагагүй юм. Энгийн нөхцөлд хүний нүд харааныхаа цар хүрээнд юм харж чаддаг ба гэрэл саад болохгүй. Өөрөөр хэлбэл, энэ гэрэл хэт хурц юм уу, хэт бүдэг байж болохгүй: Хэрвээ хэт бүдэг байвал хүний нүд гэмтэж, удалгүй харж чадахаа болино; хэрвээ хэт хурц байвал хүмүүсийн нүд үүнийг тэсэж чадахгүй бөгөөд 30-40 нас, эсвэл 40-50 насандаа тэдний нүд ажиллагаагүй болох болно. Өөрөөр хэлбэл, энэ гэрэл нь хүний нүдэнд тохиромжтой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хор хөнөөлийг Бурхан янз бүрийн аргаар хамгийн бага болгожээ. Гэрэл хүний нүдэнд тустай, эсвэл халгаатай байхаас үл хамааран амьдралынхаа эцсийг хүртэл харж байх хангалттай боломж тэдний нүдэнд бий. Бурхан үүнийг сайтар бодоогүй гэж үү? Харин диавол Сатан аливааг хийхдээ эдгээрийн алийг ч, хэзээ ч хайхардаггүй. Гэрэл хэт хурц, эсвэл хэт бүдэг байдаг. Сатан юмыг ингэж хийдэг.

   Бурхан харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх … гээд хүний биеийн бүх талд тааруулан хүн төрөлхтний амьдралын дасан зохицох чадварыг дээд цэгт хүргэхийн тулд эдгээр зүйлийг хийсэн, ингэснээр тэд хэвийн амьдарч, цааш үргэлжлүүлж чадах юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн одоогийн ийм амьдрах орчин нь тэдний оршин тогтнолд хамгийн тохиромжтой, ашигтай амьдрах орчин мөн. Зарим хүмүүс энэ нь их юм биш, бүгд тун энгийн гэж бодож магадгүй. Дуу чимээ, гэрэл, агаар нь хүмүүсийн төрөхдөө л мэдэрдэг зүйл, төрсөн мөчөөсөө л тэдний эдэлдэг зүйл. Гэхдээ тэдний эдэлж байгаа эдгээр зүйлийн цаана Бурхан юу хийсэн гэдгийг тэд мэдэж, ойлгох хэрэгтэй. Эдгээр зүйлийг ойлгох, эсвэл мэдэх хэрэгтэй гэж чамд санагдаж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо Бурхан эдгээр зүйлийг бүтээхдээ нарийн бодол, төлөвлөгөө, тодорхой санаатай байсан. Тэр хүн төрөлхтнийг зүгээр л, санаандгүй, бодож үзэлгүйгээр ийм амьдрах орчинд тавьчихаагүй. Та нар Миний ярьсан эдгээр зүйл нэг бүрийг чухал юм биш гэж бодож магад, гэхдээ Миний үзэл бодлоор бол, хүн төрөлхтөнд Бурханы өгсөн юм бүхэн хүн төрөлхтний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай. Энд Бурханы үйл хэрэг байдаг.

    5. Агаарын урсгал

   Тав дахь зүйл юу вэ? Энэ зүйл хүн бүрд өдөр тутам маш их холбоотой бөгөөд энэ харилцаа маш чухал юм. Үүнгүйгээр хүний бие энэ материаллаг ертөнц дээр амьдарч чадахгүй. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг нь бүх хүний ойлгодог үг байх. Тэгэхээр агаарын урсгал гэж юу вэ? Урсаж буй агаарыг “агаарын урсгал” гэдэг гэж хэлж болох юм. Агаарын урсгал бол хүний нүд харж чаддаггүй салхи юм. Энэ нь бас хий шилжин хөдлөх байдал мөн. Гэхдээ ямар агаарын урсгалын талаар бид энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлмэгц ойлгоно. Дэлхий эргэхдээ уулс, далай тэнгис хийгээд бүх зүйлийг тээдэг бөгөөд тийн эргэхэд хурд бий. Чи эргэлдэж байгааг нь мэдрэхгүй байлаа ч гэсэн, эргэдэг нь үнэн. Үүний эргэлт юу үүсгэдэг вэ? Чамайг гүйхэд чихэнд чинь салхи мэдрэгддэг үү? Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж байгаа бол дэлхий эргэх үед салхины хүч байхгүй байж яаж болох юм бэ? Дэлхий эргэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Дэлхий хөдөлгөөнд оршин, тодорхой хурдаар эргэлдэж байхад газар дээрх бүх зүйл ч бас байнга өсөн үржиж, хөгжиж байдаг. Тиймээс тодорхой хурдаар хөдлөх нь аяндаа агаарын урсгалыг бий болгоно. Агаарын урсгал гэж ийм юм. Энэ агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү? Энгийн хар салхи тийм ч хүчтэй биш боловч дайрсан тохиолдолд хүмүүс хөдөлгөөнгүй зогсож чадахгүй ба салхинд алхахад хэцүү байдаг. Ганц алхахад ч төвөгтэй байдаг. Салхи маш хүчтэй, зарим хүн салхинд туугдаж, юманд тулаад, хөдөлж чаддаггүй. Энэ бол нэг төрлийн агаарын урсгалын хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө юм. Хэрвээ газар дэлхий бүхэлдээ тал газраар дүүрэн байсан бол дэлхийн эргэлт болон бүх зүйлийн тодорхой хурдтай хөдөлгөөнөөс болж үүсэх агаарын урсгалыг тэсэхэд хүний биед туйлын хэцүү байх байлаа. Үүнийг зохицуулахад туйлын хэцүү байх байсан. Тийм байсан бол агаарын урсгал хүн төрөлхтөнд зөвхөн хор хөнөөл төдийгүй сүйрэл учруулах байлаа. Ийм орчинд хэн ч амьд үлдэж чадахгүй байх байсан. Тийм учраас ийм агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд, өөр өөр орчноор дамжуулан тэдний хурд, чиглэл, хүчийг өөрчлөх замаар ийм агаарын урсгалыг сулруулахын тулд Бурхан өөр хоорондоо адилгүй газар зүйн орчныг ашигладаг. Тийм учраас хүмүүс янз бүрийн газар зүйн орчин болох уулс, уул нуруу, хээр тал, толгод, голын сав газар, хөндий, өндөрлөг газар, гол мөрнийг хардаг билээ. Бурхан энэ янз бүрийн газар зүйн орчныг ашиглан агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг, ийм арга хэрэглэн үүнийг сааруулж, тохиромжтой салхины хурд, чиглэл, хүч болгож бууруулах буюу зохицуулдаг, ингэснээр хүмүүс хэвийн амьдрах орчинтой байж чадах юм. Ингэх шаардлагатай юу? (Тийм ээ.) Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханд бол хялбар, учир нь Бурханы нүд бүх зүйлийг ажиглаж байдаг. Хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь Түүний хувьд хэтэрхий энгийн, хэтэрхий хялбар юм. Тиймээс Бурханы бүтээсэн ийм орчинд, бүх зүйлийн дундах юм нэг бүр зайлшгүй чухал билээ. Бүгдийнх нь оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага бий. Гэсэн хэдий ч Сатан болон ялзарсан хүн төрөлхтөн ийм үндсэн зарчмыг ойлгодоггүй. Тэд зогсолтгүйгээр сүйтгэж, нээж, уулсыг тэгшилж хавтгайлж, хавцлыг дүүргэж, бетонон ширэнгэ бүтээх гэж тэгш газар дээр тэнгэр баганадсан барилга барихаар хоосон мөрөөдсөөр байдаг. Хүн төрөлхтөн Өөрийнх нь бэлдсэн хамгийн зохимжтой орчинд аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлж чадна гэж Бурхан найддаг. Тийм учраас хүн төрөлхтний амьдрах орчныг харгалзан үзэхдээ Бурхан хэзээ ч хайнга хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалт хийсэн, ингэснээр хүн төрөлхтний бие махбод болон амьдрах орчин нь байгалийн нөхцөл байдлын ямарваа халдлагад өртөхгүй байж, харин ч хүн төрөлхтөн хэвийн амьдарч, өсөж, мөн бүх зүйлтэй эв зохицолтойгоор харилцаж, хамтран амьдарч чадах юм. Бүх зүйл болон хүн төрөлхтнийг Бурхан энэ бүхнээр хангадаг.

   Хүний оршин тогтнолд хэрэгтэй энэ таван үндсэн нөхцөлийг зохицуулж байгаа байдлаас нь Бурхан хүн төрөлхтнийг хангаж байгааг харав уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан хүний оршин тогтнолын хамгийн үндсэн нөхцөл байдлыг бүтээжээ. Үүний зэрэгцээ Бурхан эдгээр зүйлийг бас удирдаж, хянаж байгаа бөгөөд хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш оршин тогтносны дараа, одоо ч гэсэн Бурхан тэдний амьдрах орчныг байнга өөрчлөн, амьдрал нь хэвийн явагдаж болох хамгийн сайн, хамгийн таатай амьдрах орчноор хүн төрөлхтнийг хангасаар байна. Хэдий хүртэл ингэж хангах билээ? Өөрөөр хэлбэл, Бурхан биднийг хэр удаан ийм гайхалтай орчноор хангасаар байх вэ? Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бүрэн дуусгах хүртэл. Дараа нь Бурхан, хүн төрөлхтний амьдрах орчныг өөрчилнө. Үүнийгээ ижил аргаар, эсвэл өөр аргаар хийж болох юм, гэхдээ одоо хүмүүсийн үнэхээр мэдэх хэрэгтэй зүйл гэвэл, Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг хангаж, хүн төрөлхтний амьдрах орчныг удирдсаар, тэдний амьдрах орчныг тэтгэж, хамгаалж, хадгалсаар байгаа юм. Ийм орчны ачаар Бурханы сонгосон хүмүүс ингэж хэвийн амьдарч, Бурханы аврал, гэсгээлт, шүүлтийг хүлээн авч чаддаг билээ. Бурханы захиралтаас болж бүх зүйл оршсоор байдаг. Бурхан ийм байдлаар хангаж байгаа болохоор бүх хүн төрөлхтөн урагшилсаар байна.

   Миний дөнгөж сая ярьсан энэ хэсэг та нарт ямар шинэ бодол санаа өгсөн бэ? Та нар одоо Бурхан болон хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгааг мэдэрч байна уу? Хэн бүх зүйлийн эзэн бэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ба хүмүүсийн бүх зүйлд хандах ялгаа юу вэ? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулдаг байхад хүн энэ бүгдийг эдэлдэг.) Та нар үүнтэй санал нийлж байна уу? Бурхан ба хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх зүйлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн тэдгээрийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бүх зүйлийг бүтээсний үр дүнг хүн төрөлхтөн эдэлдэг, харин Бурхан бол Эзэн юм. Тэгвэл бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл, Бурхан ба хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг тодорхой харж, бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний хяналтын цар хүрээн дотор байдаг боловч хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чаддаггүй. Хүн төрөлхтний хардаг зүйл хязгаарлагдмал, ердөө л тэдний нүдний өмнө байгаа зүйлээ хардаг. Хэрвээ чи энэ ууланд авирвал чиний харах зүйл энэ уул байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрвээ далайн эрэгт очвол чи далайн энэ талыг харна, харин далайн нөгөө тал ямар болохыг мэдэхгүй. Хэрвээ энэ ой модонд ирвэл эргэн тойронд чинь байгаа, нүдний чинь өмнө байгаа ургамлуудыг харахаас бус, цаашаа юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд нүднийхээ өмнө, харааныхаа цар хүрээнд буй зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүх зүйлийг харахад Өөрийн биечлэн бүтээсэн машиныг харж байгаатай адил байдаг. Тэрээр бүрэлдэхүүн хэсэг бүрийг нь туйлын сайн мэднэ. Үүний зарчим, зүй тогтол, хэрэгцээ юу болохыг—Бурхан энэ бүх зүйлийг тодорхой, сайн мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн юм! Хүн бүх зүйлийн хууль, шинжлэх ухааныг судалсаар байвч энэ нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд байх атал харин Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, тэр нь хязгааргүй. Хэрвээ хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судалбал ямар ч бодит үр дүнд хүрэлгүйгээр түүнийгээ судалсаар бүх амьдралаа үрж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг ашиглаж, Бурханыг мэдэх гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйл хэрэг, мэргэн ухаан хаа сайгүй байгааг хүлээн зөвшөөрөх бөгөөд Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг бас мэдэх болно. Чи ийм мэдлэгтэй болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг улам их ойлгоно. Чамайг оролцуулаад бүх зүйл, юм бүхэн Бурханы тасралтгүй урсах хангамжийг байнга хүлээн авч байна. Энэ дэлхий, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах ийм хүч чадал ба ийм мөн чанар Бурханаас өөр хэнд ч байхгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэх үедээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрнө. Ийм цэгт хүрэх үед чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгоно. Ийм ойлголттой болж, амь чинь энэ цэгт ирэх үедээ чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн болохоор Бурхан чамайг цаашид шалгаж, шүүх юм уу чамд ямар нэгэн шаардлага тавихаа болино. Бурхан бүх зүйлийг захирдаг ба удирддаг тухай эдгээр сэдвийг ярилцахын нэг чухал шалтгаан энэ билээ. Энэ нь хүмүүст илүү их мэдлэг болон ойлголт өгөхийн тулд байдаг; чамаар зөвхөн хүлээн зөвшөөрүүлэх гэж биш, харин Бурханы үйл хэргийн талаар илүү бодитой мэдлэг, ойлголтыг чамд өгөхийн төлөө байдаг.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment