2020-04-27

Хүмүүс чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртдэг

  Дараагийнх нь “Бурхан Ниневег аварсан” тухай Библийн түүх юм.

   Иона 1:1-2 Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв” гэжээ.

   Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн блон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм бил үү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.

   Иона 4 Гэхдээ энэ нь Ионад огт таалагдсангүй, тэр маш их уурлав. Тэгээд тэрээр Еховад залбирч: “Өө, Ехова минь, би Танд залбирч байна, би нутагтаа байхдаа Танд үүнийг хэлээгүй гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлтэй, гай гамшгийг зөөлрүүлэгч гэдгийг би мэддэг учраас Таршиш руу зугтсан. Тийм учраас, өө Ехова минь, Та надаас миний амийг аваач гэж би гуйж байна: учир нь, надад амьд явахаас үхэх нь илүү дээр” гэж хэлэв. Тэгэхэд нь Ехова түүнээс “Чамд уурлах шатгаан байна уу?” гэж асуулаа. Улмаар Иона хотоос гарч, хотын зүүн талд суув, тэнд өөртөө сүүдрэвч бариад, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суужээ. Тэгэхэд Ехова Бурхан эрэндийн бут бэлтгэж, толгой дээгүүр нь сүүдэрлэн, гуниг ганьхралаас нь салгахын тулд Ионагийн дээгүүр ургууллаа. Иона эрэндийн бутанд маш их баярлав. Гэхдээ дараа өдрийн өглөө болоход Бурхан өт бэлдэж, эрэндийн бутыг нэрвэхэд тэр нь гандаж хатав. Нар мандахад Бурхан дорнын халуун салхи бэлдэж, Ионагийн толгойг наранд цохиулахад тэр ухаан балартаж, үхэхийг хүсэн “Амьд явахаас үхсэн нь надад дээр” гэж хэлэв. Бурхан Ионагаас “Эрэндийн бутны төлөө уурлах шалтгаан чамд байна уу?” гэж асуухад тэрээр, “Надад бүр үхтэлээ уурлах шалтгаан байна” гэлээ. Тэгэхэд Ехова, “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхсөн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.

    Ниневегийн түүхийн тойм

 “Бурхан Ниневег аварсан” тухай түүх хэдий богинохон боловч Бурханы зөвт зан чанарын нөгөө талыг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Тэр тал яг юунаас бүрдэж байгааг ойлгохын тулд бид Судар луу буцан очиж, Бурханы үйл хэргүүдийг эргэж нэг харах ёстой.

   Эхлээд энэ түүхийн эхлэлийг харцгаая: “Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, ‘Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв’ гэжээ” (Иона 1:1-2). Судрын энэ хэсгээс бид, Ехова Бурхан Ионад Ниневе хот руу явахыг тушаасан гэдгийг мэднэ. Тэр яагаад Ионад энэ хот руу яв гэж тушаасан бэ? Библид энэ тухай маш тодорхой өгүүлсэн: Энэ хотын хүмүүсийн хорон муу нь Ехова Бурханы нүдэнд өртсөн ба тиймээс Өөрийн хийх гэж байгаа зүйлийг тэдэнд тунхаглахын тулд Бурхан Ионаг илгээжээ. Иона хэн байсан тухай хэлсэн юу ч тэмдэглэгдээгүй боловч энэ нь мэдээж Бурханыг мэдэхтэй хамаагүй. Тиймээс та нар энэ хүнийг ойлгох хэрэггүй. Та нар Бурхан Ионад юу хий гэж тушаасныг болон Тэр яагаад ийм зүйл хийснийг л мэдэх хэрэгтэй.

   Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрэв

  Бид залгаад хоёр дахь хэсэг буюу Ионагийн номын гуравдугаар бүлгийг харцгаая: “Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв. Мэдээж тэдгээр нь бас Еховагийн Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн үг юм. Тэдний хорон муу нь Бурханы нүдэнд өртсөн учир Бурхан энэ хотын хүмүүсийг үзэн ядаж, зэвүүцэж эхэлсэн бөгөөд иймээс энэ хотыг устгахыг хүссэн гэдгийг эдгээр үг хүмүүст хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарласан төдийгүй хорон муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлэх байв. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотын хүмүүс дөчин өдрийн дотор гэмшиж, Ехова Бурханы өмнө нүглээ өчиж, нүүрээрээ газар унан мөргөхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл энэ байлаа. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь ойлгомжтой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулаад зогсохгүй, мөн Ниневе хотынхонд хандах хандлагыг нь дамжуулсан; үүний зэрэгцээ энэхүү энгийн тунхаглал нь бас уг хотод амьдарч байсан хүмүүсийн хувьд хатуу анхааруулга болсон. Өөрсдийнх нь хорон муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлсэн бөгөөд хорон муу үйлдэл нь удахгүй өөрсдийг нь сүйрлийн ирмэгт аваачна гэдгийг хэлсэн; тиймээс Ниневе дэх хүн бүрийн аминд аюул заналхийлж байсан юм.

  Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе ба Содомын хариу үйлдэл дэх эрс ялгаа

  Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь алга болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйл хэргийг гүйцэтгэх боломжгүй. Энэ хүмүүс тэнэг байгаагүй; энэ тунхаглалыг сонсмогцоо л тэр дороо ойлгосон. Энэ нь Бурханаас ирснийг тэд мэдсэн; Бурхан ажлаа гүйцэтгэх гэж байгааг тэд мэдсэн; өөрсдийнх нь хорон муу байдал Ехова Бурханыг хилэгнүүлж, Түүний уурыг өөрсөд дээрээ авчирсан, иймээс удахгүй хоттойгоо хамт устгагдах юм байна гэдгээ мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Энэ хүмүүс хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртлээ ямар хариу үйлдэл хийсэн талаар Библид нарийвчлан дүрсэлсэн. Сударт бичсэнээр: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, ‘Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн блон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая…’ гэжээ.”

 Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан—Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол энэ үгийг сонссоныхоо дараа Ниневе хотынхон хэрэг явдалд тоомсоргүй хандаагүй, мөн эсэргүүцээгүй; үүний оронд тэд Бурханд итгэсэн ба мацаг барилт зарласан. Энд “итгэсэн” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл болон дуулгавартай байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрвээ бид Ниневе хотынхны бодит ааш авирыг ашиглан энэ үгийг тайлбарлах юм бол, Бурхан хэлснийхээ дагуу хийж чадна, хийх болно хэмээн тэд итгэсэн бөгөөд гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдас төрүүлсэн юм. Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлсэнчлэн: “тэд мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсжээ.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн ба энэ итгэлээс айдас төрж, энэ нь тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Ингэж тэд гэмшлийнхээ эхлэлийг харуулсан юм. Содомын хүмүүсээс шал эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам гэмшлийн зан авир болон үйлдлээ тодорхой харуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Ниневегийн энгийн ард иргэдэд хамаатай байгаагүй; тэдний хаан ч ялгаагүй байлаа.

  Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүртсэн

 Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үедээ сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч, юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж, ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар нөмрөх учиртай байв; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлийн гэмшлээ харуулсан юм. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь—Ниневегийн хаан язгууртны байр сууриа хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийноныхоо дараа Ниневегийн хаан ргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлийн гэмшлээ харуулсан юм. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлж, таар нөмрөн, үхарьяатын хувиар Түүний өмнө очиж нүглээ улайж, гэмшсэн. Түүнчлэн өөртэй нь адил байдлаар Ехова Бурханы өмнө нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд бас хэлсэн; дээр нь нэмээд, үүнийг хийх тухай тодорхой төлөвлөгөө түүнд байсан, Сударт өгүүлсэнчлэн: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй … хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая.” Хотын захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод хүч чадлыг эзэмшиж байсан бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы тунхаглалтай нүүр тулах үедээ тэр үл тоож, эсвэл зүгээр л өөрийнхөө нүглийг ганцаараа улайж, гэмшиж болох байсан; хотод байсан хүмүүсийн гэмших эсэхийн тухайд бол тэрээр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр сэнтийнээсээ бууж, үнсэн дунд таар өмсөж, Ехова Бурханы өмнө өөрийн нүглийг улайж, гэмшээд зогсохгүй, бас уг хотод байгаа бүх хүн, малыг мөн адил хийхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан чадлаараа гуйхыг” хүмүүст тушаасан. Дараалсан эдгээр үйлдлээр дамжуулан Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн; түүний дараалсан үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба хэний ч хийж чадаагүй зүйл байсан юм. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болно; тэдгээрийг хүн төрөлхтөн тэмдэглэж, даган дуурайваас зохистой. Хүн үүссэнээс хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд өөрсдийн ардуудыг хөтөлж байсан. Өөрсдийн хорон муу байдлын төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, тулгарч буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч ардуудаа залж чиглүүлж байгаагүй. Ниневегийн хаан харин өөрийн ардуудыг Бурхан руу эргүүлж, тэдний хорон мууг орхиулж, гар дахь хүчирхийллийг нь хаяулж чадсан. Түүнчлэн өөрийн хаан ширээг орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан эргэж зөөлрөн, гэмшиж, уур хилэнгээ буцаан авч, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Ниневегийн хааны үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг гэж л нэрлэж болно; тэр ч бүү хэл завхарсан хүмүүс Бурханы өмнө нүглээ улайж, гэмшиж байгаагийн үлгэр дуурайл гэж нэрлэж болно.

   Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан

   Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний ардууд хэд хэдэн үйлдэл хийсэн. Тэдний ааш авир болон үйлдлүүдийн шинж чанар юу вэ? Өөрөөр хэлбэл, тэдний бүхий л үйлдлийн мөн чанар юу вэ? Тэд яагаад тэгж хийсэн бэ? Бурханы нүдээр бол тэд үнэхээр гэмшсэн, учир нь тэд чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө нүглээ улайгаад зогсохгүй, бас бүх нүглээ хаясан. Бурханы үгийг сонссоныхоо дараа тэд ихэд айж, Бурхан хэлснээрээ хийх болно гэж итгэсэн учраас ийнхүү үйлдсэн юм. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд замаа засаж, хорон муу байдлаасаа татгалзаж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, Өөрийн шийдвэрийг өөрчилж, өөрсдөд нь тохиолдох гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйхад бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж байв. Тэдний бүх ааш авираас харвал, өөрсдийнх нь урьдын хорон муу үйл Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба яагаад удахгүй сүйрүүлэгдэх болсныг тэд ойлгож байсан юм. Энэ шалтгааны улмаас тэд бүгд үнэхээр гэмшиж, хорон муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаяхыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд зүрх сэтгэлдээ айдас мэдэрсэн; тэд хорон муу үйлдлээ үргэлжлүүлэхээ больсон, мөн Ехова Бурханы үзэн яддаг тэдгээр үйлийг ч үргэлжлүүлэн үйлдэхээ больсон юм. Түүнчлэн, урьдын нүглийг нь уучилж, урьдын үйлдлүүдийнх нь дагуу өөрсдөд нь хандахгүй байхыг Ехова Бурханаас гуйсан. Тэд хэзээ ч дахин Ехова Бурханыг хилэгнүүлэхгүй байж чадах л юм бол ахин хэзээ ч хорон мууг үйлдэхгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байлаа. Тэдний гэмшил чин сэтгэлийн агаад бүрэн гүйцэд байв. Энэ нь тэдний чин сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурмаг байгаагүй, мөн түр зуурынх ч байгаагүй.

   Ехова Бурхан өөрсдөд нь уурласныг мэдмэгц эрхэм дээд хаанаасаа эхлээд ардуудаа хүртэл Ниневегийн хүмүүсийн үйлдэл бүр, бүхий л зан авир, мөн шийдвэр, сонголт бүр Бурханы нүдэнд тодорхой, илэрхий байв. Бурханы зүрх сэтгэл Тэдний ааш авирийн дагуу өөрчлөгдсөн юм. Яг тэр мөчид Бурханы сэтгэл санаанд юу байсан бэ? Библи тэр асуултад чинь хариулж чадна. Сударт бичигдсэний дагуу: “Ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг Бурхан храад гэмшиж, тэгээд тэдэн дээр буулгана гэж шийдсэн гай гамшгаа буулгасангүй.” Хэдийгээр Бурхан сэтгэлийн байдлаа өөрчилсөн ч Түүний сэтгэл санаанд ямар ч ярвигтай зүйл байгаагүй. Тэр зүгээр л уураа илэрхийлж байснаа намжаасан бөгөөд дараа нь Ниневе хотын хүмүүст гай гамшиг буулгахгүй байхаар шийдсэн. Ниневе хотынхныг гай гамшгаас хэлтрүүлэх Бурханы шийдвэр яагаад маш хурдан байсны шалтгаан нь Бурхан Ниневегийн хүн бүрийн зүрх сэтгэлийг ажигласанд оршино. Тэрээр, тэдний зүрх сэтгэлийн гүнд байгаа чин сэтгэлийн өчил, нүгэлдээ гэмших гэмшил, Ехова Бурханд итгэх чин сэтгэлийн итгэл, хорон муу үйлдэл нь Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн талаарх тэдний гүн гүнзгий мэдрэмж, Ехова Бурханаас ирэх гэж буй шийтгэлээс үүдсэн зүрх сэтгэлийн гүн дэх айдсыг харсан юм. Үүний зэрэгцээ, энэхүү гай гамшгаас зайлсхийхийн тулд тэдэнд гаргах уур хилэнгээ зогсоохыг Түүнээс гуйж байсан тэдний зүрх сэтгэлийн гүн дэх залбирлыг Ехова Бурхан бас сонссон билээ. Энэ бүх баримтыг ажиглах үед Бурханы уур хилэн бага багаар үгүй болсон. Түүний уур хилэн урьд нь хэчнээн их байснаас үл хамааран, энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харах үед үүнээс болж Түүний сэтгэл хөдөлсөн, иймээс Тэр тэдэнд гай гамшиг буулгаж түвдээгүй ба тэдэнд уурлахаа больсон. Харин ч Тэр тэдэнд Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлжлүүлэн хүртээж, тэднийг үргэлжлүүлэн залж чиглүүлж, хангасан билээ.

   Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ бол чи Түүний халамжийг үргэлж хүртэнэ

   Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөн нь ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал агуулаагүй. Харин ч энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болж хувирсан юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илрэл билээ. Бурхан үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй, эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болон зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй. Ёрын муу үйл хэрэг нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд уурласан; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн үгүй болж, Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүртээх үед Түүний харуулсан бүхэн нь мөн л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөний улмаас болсон. Энэ бүхий л хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хайр, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй. Хүмүүс хорон муу үйл үйлдэж, Бурханыг гомдоох үед Тэр уур хилэнгээ тэдэн дээр авчирна. Хүмүүсийг үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, уур нь намжих болно. Хүмүүс Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсээр байх үед Түүний хилэн намжихгүй; тэднийг сүйрэх хүртэл нь Бурханы уур хилэн тэдэн дээр бага багаар ойртон ирэх болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурханы зан чанарын харуулсан уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэлийн аль нь ч бай, хүний биеэ авч явах байдал, үйлдэл, зүрх сэтгэлийн гүндээ Бурханд хандах хандлагаар шийдэгддэг. Хэрвээ Бурхан уур хилэнгээ нэг хүнд тасралтгүй буулгавал энэ хүний зүрх сэтгэл гарцаагүй Бурхантай дайсагнаж байдаг. Тэр хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж, Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй учраас Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүртээгүй. Хэрвээ нэг хүн Бурханы халамжийг үргэлж хүлээн авч, Түүний өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол энэ хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй бөгөөд түүний зүрх сэтгэл Бурхатай дайсагнадаггүй. Тэр үргэлж Бурханы өмнө үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилгажуулалт энэ хүн дээр дандаа буун ирдэг ч гэсэн, Түүний уур хилэн буухгүй.

    Энэхүү товч тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэл, Түүний мөн чанарын үнэн бодитой байдал, Бурханы уур хилэн болон Түүний зүрх сэтгэлийн өөрчлөлт нь учир шалтгаантай гэдгийг харуулсан. Ууртай байх үедээ болон зүрх сэтгэлээ өөрчлөх үедээ Бурханы харуулсан эрс тэс ялгаа нь Түүний уур хилэн болон хүлээцтэй байдал хэмээх хоёр мөн чанарын хооронд асар том зай, том ялгаа оршиж байгаа мэт хүмүүст санагдуулдаг хэдий ч Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг дахин нэг удаа харах боломжийг хүмүүст олгодог. Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт нь Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэлийн үнэн бодитой байдал, Бурханы мөн чанарын жинхэнэ илрэлийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа үнэн бодитоор харуулсан. Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэл нь домог биш, утгагүй, хачин жигтэй зүйл ч биш гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тухайн үед Бурханы сэтгэлийн байдал жинхэнэ байсан; Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт жинхэнэ байсан; Бурхан Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүн төрөлхтөнд үнэхээр дахин нэг удаа хайрласан.

   Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшил нь тэдэнд Бурханы өршөөлийг хүртээж, төгсгөлийг нь өөрчилсөн

   Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт болон Түүний уур хилэнгийн хооронд ямар нэгэн зөрчилдөөн байсан уу? Мэдээж үгүй! Учир нь тухайн үеийн Бурханы хүлээцтэй байдалд өөрийн гэсэн шалтгаан байсан. Энэ нь ямар шалтгаан байсан вэ? Энэ бол Библид бичигдсэн “Хүн бүр ёрын муу замаасаа эргэж”, “өөрсдийн гар дахь хүчирхийллээ хаях” хэмээх шалтгаан юм.

   Энэхүү “ёрын муу зам” нь цөөн хэдэн муу үйлийг хэлдэггүй, харин хүмүүсийн ааш авирын ар дахь ёрын муу эх сурвалжийг хэлдэг. “Ёрын муу замаасаа эргэх” гэдэг нь хүмүүс дахин хэзээ ч тэгэж үйлдэхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд ахин хэзээ ч муу арга замаар үйлдэхгүй; тэдний үйлдлийн арга барил, эх сурвалж, зорилго, санаархал болон зарчим бүгд өөрчлөгдсөн; зүрх сэтгэлдээ таашаал, аз жаргал авчрахын тулд тэд дахин хэзээ ч тэдгээр арга барил, зарчмыг ашиглахгүй. “Гар дахь хүчирхийллээ хаях” гэдгийн “хаях” гэдэг нь болих, орхих, өнгөрснөөсөө бүрэн салах, хэзээ ч эргэж буцахгүй байх гэсэн утгатай. Ниневегийн хүмүүс өөрсдийн гар дахь хүчирхийллийг хаях үзэгдэл нь тэдний жинхэнэ гэмшлийг баталж, бас төлөөлдөг. Бурхан хүмүүсийн гадаад байдлыг харж, мөн тэдний зүрх сэтгэлийг ажигладаг. Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшлийг үнэхээр ажиглах үедээ, мөн өөрсдийн муу замыг орхиж, гар дахь хүчирхийллээ хаясныг нь харах үедээ Өөрийн зүрх сэтгэлийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн биеэ авч явах байдал болон ааш авир, аливааг хийх янз бүрийн арга, түүнчлэн зүрх сэтгэлдээ нүглээ үнэхээр улайж, гэмших хандлага нь Бурханыг зүрх сэтгэлээ өөрчилж, санаагаа өөрчилж, шийдвэрээ буцаан, тэднийг шийтгэх юм уу сүйрүүлэхгүй байхад хүргэсэн юм. Тиймээс Ниневегийн хүмүүсийн төгсгөл нь өөрчлөгдсөн. Тэд амиа аврахын зэрэгцээ Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртсэн, энэ мөчид Бурхан бас уур хилэнгээ буцаан татсан билээ.

   Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш—хүний жинхэнэ гэмшил л ховор юм

    Бурхан Ниневе хотынхонд хэчнээн ч их уурласан бай, тэднийг мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрч, өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө—Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэхүү үйл явдал дээр Бурханы зан чанарын энэ хоёр тал давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Зөрчилдөөн байхгүй байгааг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмшихийн өмнө болон дараа нь Бурхан, энэ хоёр эрс эсрэг мөн чанарыг амжилттайгаар илэрхийлж, харуулсан ба Бурханы мөн чанарын үнэн бодитой байдал болон халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүст хүлээцтэй ханддаггүй юм биш, эсвэл Тэр тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүй юм биш; харин хүмүүс Бурханд хандан үнэхээр гэмших нь ховор бөгөөд өөрсдийн муу замаас эргэж, гар дахь хүчирхийллээ хаях нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг бөгөөд хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүнд үргэлжлүүлэн өгөөмрөөр хайрлах болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу үйл хэрэг Бурханы уур хилэнд өртдөг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, мөн муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаясан хүмүүст Бурханы өршөөл, хүлээцтэй байдал өгөгддөг. Ниневе хотынхонд хандах явдал дээр Бурханы хандлага маш тодорхой илэрч гарсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш; Тэрээр хүний жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях л юм бол Бурхан зүрх сэтгэлээ өөрчилж, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.

  Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

   Бурхан Ниневегийн хүмүүсийн төлөө зүрх сэтгэлээ өөрчлөх үед Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэ хэрэг явдал дээр Бурханы зан чанарын хоёр талын өөрчлөлт нь чамд юуг харах боломжийг олгодог вэ? Бурханы зан чанар бол тэр чигээрээ бүхэл; энэ нь огтхон ч хуваагдмал биш. Тэр хүмүүст хандан Өөрийн уур хилэнг, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлж байгаа нь хамаагүй, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар бодитой агаад тод томруун. Тэрээр аливаа зүйлсийн өрнөл хөгжлийн дагуу Өөрийн бодол болон хандлагыг өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүнд хэлдэг; Тэрээр робот юм уу шавар хүн биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч тэдний хандлагаас хамаарч өнгөрсөн үеийг нь уучилж чадна; Тэр Ниневе хотынхонд гай гамшиг буулгахаар шийдэж чадах бөгөөд тэдний гэмшлээс болж Өөрийн шийдвэрийг өөрчилж чадна. Хүмүүс дүрэм журмыг шууд мөрдөхийг илүүд үздэг ба дүрэм журам ашиглан Бурханыг тогтоож, тодорхойлохыг илүүд үздэг, түүнчлэн томьёо ашиглан Бурханы зан чанарыг мэдэхийг илүүд үздэг. Тиймээс хүний бодлын цар хүрээний дагуу бол Бурхан боддоггүй, мөн Түүнд ямар ч бодит санаа байдаггүй. Бодит байдал дээр, Бурханы бодол нь аливаа зүйлс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг; эдгээр бодол өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр талууд илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, зүрх сэтгэлээ өөрчлөх агшиндаа Бурхан Өөрийн амийн оршин тогтнолын үнэнийг хүн төрөлхтөнд харуулдаг бөгөөд Түүний зөвт зан чанар бол бодитой агаад тод томруун гэдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэл болон хүлээцтэй байдал үнэхээр оршин байгааг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илрэлийг ашигладаг. Аливаа зүйлсийн хөгжлийн дагуу Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Тэрээр арслангийн уур хилэн ба эхийн өршөөл, хүлээцтэй байдлыг эзэмшдэг. Түүний зөвт зан чанарыг сэжиглэж, үүнд халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрдөггүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх зүйлийн өнцөг булан бүрд тод томруунаар илэрхийлдэг бөгөөд агшин бүрд тод томруунаар хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй, өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурхан зүрх сэтгэлээ өөрчилж, уур хилэнгээ илэрхийлэхээ зогсоож, Ниневе хотыг устгахаа больсныг харах үедээ чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж хэлж чадах уу? Бурхан догшин ширүүн уур хилэнг илэрхийлж, Өөрийн өршөөлийг буцаан авах үедээ хүний төлөө ямар ч жинхэнэ хайргүй гэж хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд догшин ширүүн уур хилэнг илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлээс болж Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний зүрх сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдлөл, зүрх сэтгэлийн өөрчлөлт, мөн хүнд хандах Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй бөгөөд хольцгүй байдаг. Бурханы хүлээцтэй байдал нь цэвэр хүлээцтэй байдал; Түүний өршөөл нь цэвэр өршөөл билээ. Хүний гэмшил болоод өөр өөр хандлагаас хамаарч Түүний зан чанар нь уур хилэнг харуулж, мөн өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлдэг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, энэ нь бүгд ариун; энэ нь бүгд шууд; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Бурханы илэрхийлдэг үйлдлүүдийн зарчим, Түүний бодол, санаа, ямар нэг тодорхой шийдвэр, түүнчлэн аливаа үйлдлээс нь ямар ч өө сэв, гэм буруу харагдахгүй байдаг. Бурханы шийдэж, үйлдсэний дагуу ажил нь гүйцэлддэг. Ийм төрлийн үр дүн нь оновчтой зөв, алдаа мадаггүй байдаг, учир нь үүний эх сурвалж нь өө сэвгүй, гэм буруугүй билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг өөр ямар ч бүтээл эзэмшдэггүй бөгөөд тэр нь ариун, өө сэвгүй агаад нягт шинжилт, туршлагыг тэсвэрлэж чадна.

    Ниневегийн түүхийг ойлгосны дараа та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг харж байна уу? Та нар Бурханы цор ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтөний дундаас хэн нэгэнд ийм төрлийн зан чанар байдаг уу? Хэн нэгэн хүнд Бурханых шиг ийм уур хилэн байдаг уу? Бурханых шиг өршөөл, хүлээцтэй байдлыг эзэмшдэг хэн нэгэн байна уу? Бүтээлийн дундаас хэн асар их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж, эсвэл тэдэн дээр гай гамшиг буулгахаар шийдэж чадах вэ? Мөн хэн өршөөл хайрлаж, хүн төрөлхтөнд хүлээцтэй хандаж, хүнийг уучилж, улмаар хүнийг устгах шийдвэрээ өөрчлөх эрхтэй вэ? Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг; Тэр ямар ч хүн, үйл явдал, зүйлсийн хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Түүний цор ганц зан чанарын хувьд хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлт дор оршдог. Тэр уур хилэгнэх юм уу өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар буюу өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын цор ганц чанар юм!

  Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлага өөрчлөгдсөнийг тайлбарлахаар дамжуулан та нар “цор ганц” хэмээх үгийг ашиглан Бурханы зөвт зан чанарын дотор байдаг өршөөлийг дүрсэлж чадах уу? Бурханы уур хилэн бол Түүний цор ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл гэсэн хоёр талыг Түүний зөвт чанар гэж тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; энэ нь хүний халдах, сэжиглэхийг тэвчдэггүй; энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй зүйлсийн алинд ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц бөгөөд ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд хүний халдахыг тэвчдэггүй; үүний зэрэгцээ Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл нь мөн ариун агаад хүний халдахыг тэвчдэггүй юм. Бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл Бурханыг орлож, эсвэл төлөөлөн хийхээр зорьсон зүйлийг нь хийж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр ч Түүнийг орлох юм уу төлөөлж чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.

Хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн чин сэтгэл

   Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс үргэлж хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэдэг, учир нь Бурхан үйл хэргээ хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүн төрөлхтнөөс нууцлаагүй, мөн Өөрийгөө ч нуугаагүй. Түүний бодол, санаа, үг болон үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд нээлттэй байдаг. Тиймээс хүн төрөлхтөн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан санаатайгаар өөрөөс нь зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө хүнээс зориуд нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох санаа зорилго Бурханд байдаггүй хэмээн хүн төрөлхтөн бодсоор байгаагийн учир шалтгаан гэвэл тэрээр Бурхан гэж хэн болохыг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүтэйгээр тэрээр Бүтээгч юу бодож, юу хэлсэн, юу хийсэн тухай анзаардаггүй… Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг, үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлж, ойлгохын тулд өөрийн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон сэтгэлийн үгэнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг бүхэн нээлттэй, тод томруун гэдгийг ухаарахад хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч цаг үргэлжид хүмүүсийн дунд байдаг, Тэрээр хүнтэй болон бүх зүйлтэй үргэлж ярилцаж байдаг, мөн өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад хэцүү биш. Түүний мөн чанар болон зан чанар хүнтэй ярих ярианд нь илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн илэрдэг; Тэрээр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр бүх зүйл болон хүн төрөлхтөнтэй Өөрийн чимээгүй үгээр аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба бүх зүйлийн дунд байдаг. Би харж хандаж байгаа; Би хүлээж байгаа; Би дэргэд чинь байна… Түүний гар дулаахан агаад хүчтэй; Түүний алхаа хөнгөн; дуу хоолой нь намуухан агаад уянгалаг; Түүний бие хаа шилжин өөрчлөгдөж, хүн төрөлхтний эргэн тойронд байдаг; Түүний төрх байдал үзэсгэлэнтэй сайхан агаад эелдэг. Тэр хэзээ ч яваагүй, мөн алга болоогүй. Өдөр шөнөгүй хүн төрөлхтөнтэй хамт байж, бие сүүдэр мэт салшгүй билээ. Хүний төлөө Түүний зориулсан анхаарал халамж, онцгой дотно байдал, мөн хүнийг гэх Түүний жинхэнэ санаа зовнил болон хайр Ниневе хотыг аврах үед нь бага багаар илэрхийлэгдсэн. Ялангуяа Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох яриа нь Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг харуулсан. Үүнээс чи хүнийг гэх Бурханы чин сэтгэлийг гүн гүнзгий ойлгож чадна…

  Иона Номын 4:10-11-д дараах зүйл тэмдэглэгдсэн: “Тэгээд Ехова, ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?’ гэж хэлэв.” Эдгээр нь Ехова Бурханы анхны үг, мөн Ехова, Иона хоёрын хоорондох яриа юм. Энэхүү яриа товчхон байсан ч гэсэн, Бүтээгчийн хүнийг хаях хүсэлгүй байдал, хүн төрөлхтнийг гэх анхаарал халамжаар бялхаж байсан. Эдгээр үг нь бүтээлийнхээ төлөө зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг жинхэнэ хандлага болоод мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд хүн төрөлхтний ховорхон сонсож байсан эдгээр тодорхой үгээр Бурхан, хүн төрөлхтнийг гэх Өөрийн жинхэнэ санаа зорилгыг өгүүлсэн байдаг. Энэ харилцан яриа нь Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлдөг—энэ нь ямар хандлага вэ? Энэ бол гэмшлийнх нь өмнө ба дараа Ниневегийн хүмүүст харуулсан Түүний хандлага юм. Энэхүү хандлага нь мөн Бурхан хүн төрөлхтөнд хандах хандлага юм. Үүнд Бурханы бодол, санаа, мөн Түүний зан чанар агуулагдаж байдаг.

    Эдгээр үгэнд Бурханы харуулсан бодлууд нь юу вэ? Анхааралтай уншвал Тэр “өрөвдөх” гэсэн үгийг ашигласан гэдгийг олж мэдэхэд хэцүү биш; энэ үгийг ашигласан нь, хүн төрөлхтөнд хандах Бурханы жинхэнэ хандлагыг харуулдаг.

  Үгийн өнгөц утгаас хүн “өрөвдөх” гэдэг үгийг өөр өөр байдлаар тайлбарладаг: нэгдүгээрт, хайрлах, хамгаалах, энэрэх; хоёрдугаарт, халуун дотноор хайрлах; эцэст нь шархлуулахыг хүсэхгүй байх ба ингэж тэвчихгүй байх. Товчхондоо, энэ нь энхрийлэл, хайр болон хаяхыг хүсэхгүй байх утга санааг агуулдаг; энэ нь хүнийг гэсэн Бурханы өршөөл, хүлээцтэй байдал гэсэн үг юм. Хэдийгээр Бурхан хүмүүсийн дунд түгээмэл яригддаг үг ашигласан боловч Бурханы сэтгэлийн үг болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага нь энэ үгийг хэлэх үед аль хэдийн бүрэн ил болсон байв.

    Ниневе хотын бүх хүн Содомынхтой адил завхарсан, ёрын муу, хүчирхийллээр дүүрсэн байсан ч тэдний гэмшлийн улмаас Бурхан зүрх сэтгэлээ өөрчилж, тэднийг устгахгүй байхаар шийдсэн юм. Бурханы үг болон зааварт хандах тэдний хандлага Содомын иргэдийнхээс шал өөр учраас, мөн тэд Бурханд үнэнчээр захирагдаж, өөрсдийнхөө нүгэлд үнэнчээр гэмшсэн учраас, түүнчлэн бүх зүйлд хандах тэдний жинхэнэ, чин сэтгэлийн улмаас Бурхан Өөрийн чин зүрхний өрөвдөх сэтгэлийг дахин нэг удаа харуулж, үүнийг тэдэнд хайрласан. Хүн төрөлхтнийг гэх Бурханы шагнал болон өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлах боломжгүй; хэн ч Бурханы өршөөл болон хүлээцтэй байдлыг эзэмшиж чадахгүй, мөн хүн төрөлхтнийг гэх чин сэтгэлийг нь ч эзэмшиж чадахгүй. Чиний агуу, эсвэл бүр супер хүн гэж үздэг хэн нэгэн өндөрт зогсоод агуу хүний хувиар ярьж, хамгийн өндөр дээд цэгээс хүн төрөлхтөнд буюу бүтээлд ингэж илтгэж чадах уу? Хүн төрөлхтний дундаас хэн, хүний оршин тогтнолын нөхцөл байдлыг гарын алга шигээ мэдэж чадах вэ? Хүн төрөлхтний оршин тогтнолын төлөөх ачаа болон хариуцлагыг хэн үүрч чадах вэ? Хэн нэг хотын сүйрлийг тунхаглах эрхтэй вэ? Мөн хэн нэг хотыг өршөөх чадвартай вэ? Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрладаг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч! Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвддөг, Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг хайрлаж энхрийлдэг, Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө хаяхыг хүсэхгүй байх чин сэтгэлтэй байдаг. Мөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд өршөөл хайрлаж, Өөрийн бүх бүтээлийг хайрлан энхрийлж чадна. Түүний зүрх сэтгэл хүн төрөлхтний үйлдэл бүрд татагдаж байдаг: Тэрээр хүн төрөлхтний ёрын муу, завхралд уурлаж, зовж, шаналж байдаг; хүн төрөлхтний гэмшил болон итгэлд баярлан хөөрч, өөрчлөгдөж, баясаж байдаг; Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө оршиж, тойрон эргэлдэж байдаг; Тэр юу болох, Түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний бүхий л сэтгэл хөдлөл нь хүн төрөлхтний оршин тогтнолтой нягт холбоотой байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг; хүн төрөлхтний төлөө Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг; мөн хүн төрөлхтний төлөө Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг… Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй атлаа Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж ирсэн… Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгсөн… Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүртээдэг. Хүн төрөлхтнийг Өөрийн нүдний өмнө болон амийн хангалт дор үргэлжлүүлэн амьдруулах гэсэндээ л Тэр үүнийг хийдэг; хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг, бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрөг гэсэндээ л Тэр үүнийг хийдэг.

  Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл

   Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох энэ яриа нь хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл гэдэг нь эргэлзээгүй. Нэг талаар энэ нь, Өөрийнх нь дээд эрхэн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдэгддэг; Ехова Бурханы хэлсэнчлэн “Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь тойм биш байсан. Тэрээр хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс болон амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй, мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг—өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуус байгааг мэдэж байв. Энэ нь хүн төрөлхтнийг Бурхан тун сайн ойлгодгийн бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ нь, хүмүүст хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зүрх сэтгэлд хүний эзлэх жингийн талаар хүмүүст мэдэгддэг. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би … их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Эдгээр нь Ионаг буруутгасан Ехова Бурханы үг боловч тэдгээр нь бүгд үнэн юм.

  Ниневегийн хүмүүст Ехова Бурханы үгийг тунхаглахыг Ионад даалгасан хэдий ч тэрээр Ехова Бурханы санаа зорилгыг ойлгоогүй, мөн уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовнил болон хүлээлтийг ч ойлгоогүй. Энэ зэмлэлээр дамжуулан, хүн төрөлхтөн бол Түүний гараар бүтээгдсэн бөгөөд Бурхан хүн нэг бүрийн төлөө хичээл чармайлт гаргасан; хүн бүр Бурханы итгэл найдварыг тээдэг; хүн бүхэн Бурханы амийн хангалтыг эдэлсэн; хүн бүрийн төлөө Бурхан уйгагүй төлөөс төлсөн гэдгийг Бурхан түүнд хэлэхийг хүссэн юм. Энэ зэмлэл нь, Иона эрэндийн бутыг хайрлан энхрийлж байсантай адилаар Бурхан Өөрийн гараар бүтээгдсэн хүнийг хайрлан энхрийлсэн гэдгийг ч бас Ионад хэлсэн. Бурхан эцсийн боломжит мөчийг хүртэл тэднийг яасан ч амархан орхихгүй; түүнчлэн хотын дотор маш олон хүүхэд, гэмгүй мал амьтад байсан. Баруун, зүүн гараа ялгаж ч чадахгүй, эдгээр залуу, мэдлэггүй бүтээгдсэн зүйлтэй харьцахдаа Бурхан тэдний амийг тасалж, тэдний төгсгөлийг тийм амархнаар тодорхойлж бүр ч чадахгүй байсан юм. Бурхан тэдний өсөж том болохыг харахыг хүссэн; тэд өвөг дээдэс шигээ замаар алхахгүй, Ехова Бурхан тэдэнд дахин хэзээ ч анхааруулж сануулах хэрэггүй болж, Ниневегийн өнгөрсөн үеийг гэрчилнэ гэж Тэр найдсан. Үүнээс ч илүүтэйгээр Бурхан гэмшсэнийх нь дараах Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, Бурханы өршөөл дор дахин нэгэнтээ амьдрах Ниневег харахыг бүр ч их хүссэн. Тиймээс Бурханы нүдээр бол, өөрсдийн баруун, зүүн гарыг ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээгдсэн хүмүүс нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсан төдийгүй Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг гэрчлэх чухал үүрэг хүлээх байв. Ехова Бурханы энэхүү чин сэтгэлийн илэрхийлэл нь хүнийг гэх Бүтээгчийн өршөөлийг бүхэлд нь харуулсан. Энэ нь, “Бүтээгчийн өршөөл” бол хоосон үг биш, хуурамч амлалт ч биш гэдгийг хүн төрөлхтөнд харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Тэр бол жинхэнэ, бодит агаад ямар ч худал хуурмаг, хуурамч төрх ашигладаггүй, мөн ийм маягаар Түүний өршөөл нь бүх цаг хугацаа, эрин үед хүнд эцэс төгсгөлгүйгээр хайрлагддаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярьсан яриа нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэрхэн өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг болон хүн төрөлхтнийг гэх Түүний чин сэтгэлийн талаарх цорын ганц, онцгойлон хэлсэн зүйл юм. Ехова Бурханы товч яриа нь, хүн төрөлхтнийг гэх Түүний бодлыг бүрэн дүүрэн илэрхийлдэг; энэ нь хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл бөгөөд мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний элбэг дэлбэг өршөөлийн бодит нотолгоо юм. Түүний өршөөл нь зөвхөн хүн төрөлхтний ахмад үеийнхэнд хайрлагдаагүй; энэ нь үеэс үед үргэлж ийм байсан шигээ, залуу үеийнхэнд ч бас өгөгдсөн юм. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой өнцөг буланд, тодорхой эрин үед үргэлж бууж ирдэг боловч Бурханы өршөөл хэзээ ч зогсоогүй. Тэрээр Өөрийн өршөөлөөр бүтээсэн хүн төрөлхтнийг үеийн үед удирдан, хөтөлж, хангаж, тэжээн тэтгэдэг, учир нь хүнд хандах Түүний чин сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгэхэд Би … Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Тэр Өөрийн бүтээсэн бүх зүйлийг үргэлж энхрийлэн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл бөгөөд мөн Бүтээгчийн цэвэр ариун цор ганц чанар юм!
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment