2020-04-26

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ II

Бурханы зөвт зан чанар

 Та нар Бурханы эрх мэдлийн тухай өмнөх нөхөрлөлийг сонссон болохоор энэ талаарх үгээр нэлээд сайн зэвсэглэсэн гэдэгт чинь Би итгэлтэй байна. Та нар хэр ихийг хүлээн авч, ухаарч, ойлгож чадах нь бүгд хэр их хичээл зүтгэл гаргахаас чинь хамаардаг. Та нар энэ асуудалд няхуур хандах ба хааш яаш хандахгүй гэж Би найдаж байна. Тэгвэл, Бурханы эрх мэдлийг мэдэх нь Бурханыг бүхэлд нь мэдэхтэй адилхан уу? Бурханы эрх мэдлийг мэдэх нь цор ганц Бурханыг Өөрийг нь мэдэхийн эхлэл гэж хэлж болох бөгөөд Бурханы эрх мэдлийг мэднэ гэдэг нь хүн цор ганц Бурханы Өөрийн мөн чанарыг мэдэх үүд хаалгаар аль хэдийн алхан орсон гэсэн үг гэж ч бас хэлж болно. Энэ ойлголт нь Бурханыг мэдэхийн нэг хэсэг юм. Тэгвэл нөгөө хэсэг нь юу вэ? Энэ нь өнөөдөр Миний нөхөрлөхийг хүсэж буй сэдэв буюу Бурханы зөвт зан чанар юм.

  Би өнөөдрийн сэдвийн талаар нөхөрлөхийн тулд Библиэс хоёр хэсгийг сонгон авсан: Эхнийх нь Бурхан Содомыг устгасантай холбоотой ба үүнийг Эхлэл 19:1-11 болон Эхлэл 19:24-25 -аас харж болно; хоёр дахь нь Бурхан Ниневег аварсан тухай бөгөөд үүнийг Иона 1:1-2 -оос болон уг номны гурав, дөрөв дэх бүлгээс олж харж болно. Энэ хоёр хэсгийн талаар юу хэлэхийг минь сонсохоор та бүхэн хүлээж байгаа гэж Би таамаглаж байна. Миний хэлдэг зүйл Бурханыг Өөрийг нь мэдэх болон Түүний мөн чанарыг мэдэх тухай цар хүрээнээс давж болохгүй, гэхдээ өнөөдрийн нөхөрлөлийн гол зүйл юу байх вэ? Та нар үүнийг мэдэх үү? “Бурханы эрх мэдлийн” тухай Миний нөхөрлөлийн аль хэсэг анхаарлыг чинь татсан бэ? Тийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг нэгэн бол Бурхан Өөрөө гэж Би яагаад хэлсэн бэ? Ингэж хэлснээрээ Би юуг тайлбарлахыг хүссэн бэ? Би та нарт юу мэдэгдэхийг хүссэн бэ? Бурханы мөн чанарыг илэрхийлдэг нэг тал нь Түүний эрх мэдэл, хүч чадал мөн үү? Тэдгээр нь Түүний ялгамж чанар, байр суурийг баталдаг мөн чанарынх нь нэг хэсэг мөн үү? Эдгээр асуултыг үндэслэвэл Миний юу ярих гэж байгааг та нарт мэдэв үү? Би та нарт юу ойлгуулахыг хүсэж байна вэ? Үүнийг сайтар эргэцүүлэн бод.

  Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсэнийхээ төлөө хүн Бурханы уур хилэнгээр устгагддаг

  Юун түрүүнд, “Бурхан Содомыг сүйрүүлсэн” тухай дүрсэлсэн судрын хэдэн хэсгийг харцгаая.

  Эхлэл 19:1-11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүн хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.

   Эхлэл 19:24-25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.

   Содомын хорон муу, завхрал нь хүн болон Бурханы аль аль нь жигшихээр түвшинд хэдийнээ хүрсэн бөгөөд иймээс Бурханы нүдээр уг хотыг сүйрүүлэх нь зүй ёсны зүйл байсан гэдгийг эдгээр хэсгээс харахад хэцүү биш юм. Гэхдээ устгагдахаас нь өмнө энэ хотын дотор юу болсон бэ? Эдгээр үйл явдал хүмүүст юу ухааруулж байна вэ? Эдгээр үйл явдалд хандах Бурханы хандлага нь хүмүүст Түүний зан чанарын талаар юуг харуулдаг вэ? Энэ үйл явдлыг бүхэлд нь ойлгохын тулд Сударт тэмдэглэсэн зүйлийг анхааралтай уншицгаая…

Содомын завхрал: Хүний уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлэв

   Тэр шөнө, Лот Бурханы илгээсэн хоёр элчийг хүлээн авч, тэдэнд зоог бэлдэж өгчээ. Хоол идсэний дараа, тэднийг хэвтэцгээхээс өмнө тухайн хотын иргэд тал бүрээс цуглан, Лотын байшинг хүрээлж, Лотыг дуудсан. Тэд “Энэ шөнө танайд ирсэн хүн хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” хэмээсэн гэж Сударт тэмдэглэсэн байдаг. Хэн энэ үгийг хэлсэн бэ? Хэнд энэ үгийг хэлсэн бэ? Энэ нь Содомын ард иргэдийн үг байсан бөгөөд Лотод хандан байшингийнх нь гаднаас хашхирч байв. Энэ үгийг сонсоход ямар санагдаж байна вэ? Чиний уур хүрч байна уу? Эдгээр үг чамайг зэвүүцүүлж байна уу? Уур хилэн чинь буцалж байна уу? Энэ хүмүүсийн үгэнд Сатаны юм хийдэг өнгө аяс байна уу? Тэдгээрээр дамжуулан чи энэ хот дахь ёрын муу, хар барааныг мэдэрч чадах уу? Үгээр нь дамжуулан чи энэ хүмүүсийн хэрцгий, бүдүүлэг зан авирыг мэдэрч чадах уу? Тэдний зан авираас завхралынх нь гүнийг мэдэрч чадах уу? Тэдний уг чанар хорон муу, зан чанар нь харгис хэрцгий гэдгийг хэлсэн үгийнх нь агуулгаас харахад хэцүү биш юм. Лотыг үл оролцуулбал, энэ хотын хүн бүхэн Сатанаас ялгаагүй байсан; өөр хүнийг харах төдийд энэ хүмүүс хорлож, залгихыг хүсэж байв… Эдгээр зүйл нь, энэ хотын аюулт, аймшигт уг чанараар зогсохгүй, мөн үүнийг хүрээлэн байгаа үхлийн орчныг хүнд мэдрүүлдэг; тэдгээр нь бас хорон муу, цусанд шунасан байдлыг нь хүнд мэдрүүлдэг.

  Огтхон ч хүн чанаргүй, сүнс-залгих санаархлаар дүүрсэн бүлэг дээрэмчинтэй нүүр тулах үедээ Лот хэрхэн хариу барьсан бэ? Сударт өгүүлснээр: “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэжээ. Лот үгээрээ дараах зүйлийг илэрхийлсэн юм: Элчүүдийг хамгаалахын тулд тэрээр хоёр охиноо өгөхөд бэлэн байв. Энэ шалтгааны улмаас, тэр хүмүүс Лотын болзлыг зөвшөөрч, хоёр элчийг тайван орхих ёстой байлаа; эцсийн эцэст элчүүд тэдний хувьд огт танихгүй хүмүүс буюу тэдэнтэй ямар ч хамаагүй хүмүүс байсан; энэ хоёр элч хэзээ ч тэдэнд гэм хор хүргээгүй байсан юм. Гэвч, хорон муу уг чанартаа автсан тэд уг асуудлыг ингээд орхиогүй. Харин ч бүр ноцтой болжээ. Энд байгаа тэдний өөр нэг харилцан яриа нь, энэ хүмүүсийн жинхэнэ хорлонт уг чанарын талаар илүү гүнзгий ойлголтыг хүнд төрүүлэх нь гарцаагүй; үүний зэрэгцээ энэ нь, Бурхан яагаад энэ хотыг устгахыг хүссэн шалтгааныг мэдэж, ойлгоход хүнийг хүргэдэг.

   Тэд дараа нь юу гэж хэлсэн бэ? Библид өгүүлснээр: “Тэд, ‘Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана’ гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо.” Тэд яагаад хаалгыг нь эвдэхийг хүссэн бэ? Учир нь тэд хоёр элчид хор хөнөөл учруулахыг маш ихээр хүсэж байсан юм. Тэдгээр элч Содомд юу хийж байсан бэ? Тэдний очсон зорилго нь Лот болон түүний гэр бүлийг аврах явдал байсан; гэсэн хэдий ч, уг хотын хүмүүс тэднийг албан тушаал хүлээн авахаар ирсэн хэмээн андуурсан юм. Зорилгыг нь асуулгүйгээр, уг хотынхон энэхүү хоёр элчийг хэрцгийгээр гэмтээхийг хүсэхэд хүргэсэн зүйл нь ердөө таамаглал байв; тэд өөрсөдтэй нь огтоос ямар ч хамаагүй байсан энэ хоёр хүнийг гэмтээхийг хүссэн. Энэ хотын хүмүүс хүн чанар, эрүүл ухаанаа бүрмөсөн алдсан байсан нь тодорхой юм. Тэдний галзуурал, зэрлэг догшин байдлын түвшин нь хүмүүсийг хорлож, залгидаг Сатаны хорон уг чанараас хэдийнээ ялгаагүй болсон байлаа.

  Тэд энэ хүмүүсийг Лотоос шаардах үед Лот юу хийсэн бэ? Лот тэднийг өгөөгүйг бид бичвэрээс мэднэ. Бурханы энэ хоёр элчийг Лот мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл тэр яагаад энэ хоёр хүнийг аварсан бэ? Тэд юу хийхээр ирснийг тэр мэдэж байсан уу? Хэдийгээр тэдний ирсэн шалтгааныг мэдээгүй боловч Бурханы зарц нар гэдгийг нь тэр мэдэж байсан тул тэднийг хүлээн авсан юм. Тэрээр Бурханы энэ зарц нарыг эзэн гэж дуудаж байсан нь Лот бол энгийндээ Бурханы дагагч байсан бөгөөд Содомд байсан бусад хүмүүстэй адилгүй байсныг харуулдаг. Тиймээс Бурханы элчүүд түүн дээр ирэх үед энэ хоёр элчийг хүлээн авахын тулд тэрээр амь насаараа дэнчин тавьсан; түүнчлэн энэ хоёр зарцыг хамгаалахын тулд хоёр охиноороо сольсон. Энэ бол Лотын зөв шударга үйл хэрэг юм; энэ нь бас Лотын уг чанар болон мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Лотыг аврахын тулд Бурхан Өөрийн зарц нарыг илгээсэн шалтгаан юм. Аюул тулгарсан үед Лот өөр юуг ч үл хайхран энэ хоёр зарцыг хамгаалсан; тэр ч байтугай хоёр охиноо зарц нарын аюулгүй байдлаар солихоор оролдсон. Тухайн хотод ийм зүйл хийж чадах хүн Лотоос өөр байсан уу? Байгаагүй гэдгийг баримтууд нотолдог! Тиймээс Лотыг үл тооцвол Содомд байсан хүн бүр сүйрлийн бай, мөн устгагдах учиртай бай байсан нь харваас илэрхий юм.

  Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө Содом газартай тэгшлэгджээ

  Содомын ард иргэд энэ хоёр зарцыг харах үедээ ирсэн шалтгааныг нь нэг ч хүн асуугаагүй, мөн Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг нь хэн ч асуугаагүй. Эсрэгээрээ, тэд тайлбар сонсохыг хүлээлгүйгээр бөөгнөрч, зэрлэг нохой, догшин чоно мэт тэр хоёр зарцыг барихаар ирсэн. Ийм зүйл болж байхад Бурхан харсан уу? Хүний ийм зан авирыг, ийм зүйлийг хараад Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж, азнахгүй байх байсан, мөн үргэлжлүүлэн тэвчихгүй байсан. Түүний өдөр ирсэн тул хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлсэн. Тиймээс Эхлэл 19:24-25 -д, “Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв” гэж байдаг. Энэ хоёр эшлэл нь, энэ хотыг сүйрүүлсэн Бурханы аргыг хүмүүст өгүүлдэг; энэ нь бас Бурхан юуг сүйрүүлснийг хүмүүст хэлдэг. Нэгдүгээрт, Бурхан хотыг галаар шатаасан ба галын хэмжээ нь бүх хүнийг болон газарт ургаж байсан бүхнийг устгахад хангалттай байсан гэдгийг Библид дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй; мөн үүн дотор байсан бүх хүнийг болон бүх амьд зүйлийг ганц ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг устгасны дараа газар дээр амьд зүйл үлдээгүй байв. Ямар ч амь байгаагүй, үүний шинж тэмдэг ч байгаагүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон газар болон хувирсан. Энэхүү газарт Бурханы эсрэг муу үйл хэрэг байхаа больж; аллага юм уу асгарсан цус байхаа болих байлаа.

   Яагаад Бурхан энэ хотыг бүхэлд нь шатаахыг хүссэн бэ? Та нар үүнээс юу харж болох вэ? Бурхан Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн болон бүх зүйл ингэж сүйрэхийг харж тэвчих байсан уу? Хэрвээ чи Ехова Бурханы уур хилэнг тэнгэрээс буулгасан галаас харж чадвал, Түүний сүйрлийн байнаас, мөн түүнчлэн уг хотын устгагдсан хэмжээнээс Түүний уур хилэнгийн түвшинг харах нь хэцүү биш юм. Бурхан нэгэн хотыг жигших үедээ Өөрийн шийтгэлийг оноох болно. Хотод зэвүүцэх үедээ Бурхан Өөрийн уурыг хүмүүст мэдэгдэхийн тулд дараалсан олон сануулгыг өгөх болно. Гэхдээ Бурхан хотыг сүйрүүлж, устгахаар шийдэх үед—өөрөөр хэлбэл, Түүний уур хилэн, сүр жавхланд халдсан үед—Тэр цаашид ямар ч шийтгэл юм уу сануулга өгөхгүй. Оронд нь Тэр үүнийг шууд устгана. Үүнийг зүгээр л алга болгох болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар билээ.

  Өөрт нь хандах Содомын олон удаагийн эсэргүүцэл, дайсагналын дараа Бурхан үүнийг бүрмөсөн устгасан

  Бурханы зөвт зан чанарын талаар ерөнхийд нь ойлгомогцоо бид, нүглийн хот хэмээн Бурханы үзэж байсан Содом хот руу ахин анхаарлаа хандуулж болох юм. Энэ хотын мөн чанарыг ойлгосноор Бурхан яагаад үүнийг устгахыг хүссэн, мөн яагаад үүнийг бүрмөсөн устгасан болохыг бид ойлгож чадна. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг мэдэж авч чадна.

  Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүсэл сонирхолыг болон хүний хорон мууг бүрэн хангаж чадах хот байв. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, сэтгэлийг нь эзэмдсэнээр үүний хөгжил цэцэглэлт нь хүнийг шунал, галзууралд аваачсан. Үүний ёрын муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, тэднийг хуурч доройтуулсан юм. Энэ нь бузар сүнс, муу ёрын сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байлаа; энэ нь аллага болон нүглээр бялхаж, цуст, илжирсэн үнэрээр дүүрэн байсан юм. Энэ нь хүмүүсийг ясанд нь хүртэл хүйт даалгасан хот, хүн дайжин холдохыг хүсэх хот байв. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, залуу ч бай, хөгшин ч бай энэ хотын нэг ч хүн үнэн замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэн тэмүүлж, нүглээс зайлахаар эрмэлзээгүй. Тэд Сатаны хяналт, завхрал болон хууран мэхлэлт дор амьдарч байлаа. Тэд хүн чанараа гээсэн; эрүүл ухаанаа алдсан ба хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байв. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон нүгэл үйлдсэн; Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Энэ хүмүүс, энэ хот болон үүний доторх бүх амьд зүйлийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан билээ.

   Энэ хоёр хэсэг нь Содомын ард иргэдийн завхралын хэмжээг нарийн дэлгэрэнгүй дүрсэлж тэмдэглээгүй, харин Бурханы хоёр зарцыг хотод ирсний дараах хүмүүсийн бүх үйлдлийг тэмдэглэсэн хэдий ч Содомын ард иргэд хэр их завхарсан, ёрын муу байсныг, мөн Бурханыг хэр хэмжээнд эсэргүүцэж байсныг төвөггүй илчилж чадна. Үүгээр тухайн хотын хүмүүсийн үнэн нүүр царай болон мөн чанар ил болдог. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн аваагүйгээр үл барам Түүний шийтгэлээс айгаагүй. Эсрэгээр нь тэд Бурханы уур хилэнг басамжилсан. Тэд Бурханыг эсэргүүцсэн хэвээр байж, Бурхан юу ч хийсэн бай, эсвэл яаж ч хийсэн бай, тэдний хорлонт уг чанар улам л ихэссэн ба Бурхантай дайсагнасан хэвээр үлдсэн юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнолд, Түүний ирэлтэд, Түүний шийтгэлд, тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнан хандаж байв. Тэд бүхнийг үл тоож, залгиж, хорлож болох бүх хүнийг залгиж, хорлож байсан ба Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн хорон муу үйл хэргийг бүхэлд нь авч үзвэл, Бурханы зарц нарыг хорлох нь зөвхөн мөсөн уулын орой байсан ба үүгээр илчлэгдсэн хорон муу уг чанар нь үнэндээ өргөн уудам далай дахь ганц дусалтай адил байсан юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахаар шийдсэн. Бурхан хотыг устгахын тулд үер ашиглаагүй, мөн хар салхи, газар хөдлөлт, цунами ч юм уу өөр ямар нэгэн арга ашиглаагүй. Энэ хотыг устгахын тулд Бурхан галыг ашигласан нь юуг илтгэсэн бэ? Энэ нь уг хот бүрэн сүйрсэн гэсэн үг байсан; тэр хот газраас болон оршин тогтнолоос бүрмөсөн үгүй болсон гэсэн үг байв. Энд, “сүйрэл” гэдэг нь хотын хэлбэр дүрс, бүтэц, гадаад харагдах байдал үгүй болохыг хэлээд зогсохгүй; мөн түүнчлэн хотын доторх хүмүүсийн сүнс оршин тогтнохоо больж, бүрмөсөн үндсээрээ устгагдсан гэсэн утгатай юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүх хүн, үйл явдал, зүйл устгагдсан. Тэдний хувьд хойд нас, эсвэл дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг бүтээгдсэн хүн төрөлхтний дундаас нэгмөсөн арилгасан. “Гал ашигласан” нь нүглийг зогсоосныг илтгэсэн ба нүгэл төгссөн гэсэн утгатай байв; энэ нүгэл нь оршин тогтнож, тархахаа болих байсан. Энэ нь, Сатаны ёрын муу байдал шим тэжээлтэй хөрсөө алдсан, мөн байрлаж, амьдрах газар олгож байсан оршуулгын газраа алдсан гэсэн үг байв. Бурхан, Сатан хоёрын тулаанд Бурхан галыг ашигласан нь Сатаныг тамгалсан Түүний ялалтын тэмдэг байлаа. Содомын сүйрэл бол хүнийг завхруулж, залгиснаараа Бурханыг эсэргүүцэх Сатаны зэрлэг санаархал дахь асар том алдаа төдийгүй Бурханы удирдамжийг голж, ёс суртахуунгүй байдалд автсан хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт тэмдэг юм. Түүнчлэн энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илрэлийн тухай тэмдэглэл билээ.

  Бурханы тэнгэрээс илгээсэн гал Содомыг үнсэн товрог төдий болгох үед “Содом” гэх нэртэй хот, түүнчлэн энэ хот дотор байсан бүх зүйл оршин тогтнохоо болино гэсэн үг байлаа. Энэ нь Бурханы уур хилэнгээр устгагдсан; Бурханы уур хилэн, сүр жавхлангийн дор үгүй болсон. Бурханы зөвт зан чанараас болж Содом өөрт тохирох шийтгэлийг хүртсэн; Бурханы зөвт зан чанарын улмаас өөрт тохирох төгсгөлөө хүртсэн. Содом оршин тогтнохоо больсон нь ёрын муугаас нь болсон бөгөөд мөн уг хотыг, түүнчлэн энд амьдарч байсан ямар ч хүнийг, уг хотын дотор өссөн ямар ч амийг хэзээ ч харахыг хүсээгүй Бурханы хүслээс энэ нь үүдэлтэй байлаа. Бурханы “энэ хотыг хэзээ ч дахин харахгүй байх хүсэл” бол Түүний уур хилэн, мөн түүнчлэн Түүний сүр жавхлан билээ. Хотын хорон муу байдал болон нүгэл нь Түүний уур, зэвүүцэл, жигшлийг төрүүлсэн бөгөөд үүнийг юм уу үүн доторх ямар ч хүн, амьд зүйлсийг дахин хэзээ ч харахгүй байхыг хүссэн учраас Бурхан энэ хотыг шатаасан юм. Хот шатаж дуусаад үнсэн товрог л үлдмэгц Бурханы нүдээр энэ нь үнэхээр оршин тогтнохоо больсон; энэ хотын тухай Түүний дурсамж хүртэл үгүй болж, арилсан. Тэнгэрээс илгээсэн гал нь бүхий л Содом хот болон үүн доторх нүглээр дүүрэн хүмүүсийг устгаад зогсохгүй, мөн хотын доторх нүглээр бохирдсон бүх зүйлийг ч устгаад зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр Бурханы эсрэг хүний үйлдсэн ёрын муу, эсэргүүцлийн дурсамжуудыг хүртэл устгасан гэсэн үг юм. Энэ нь уг хотыг шатаасан Бурханы зорилго байлаа.

  Хүн төрөлхтөн туйлдаа хүртэл ялзарч, Бурхан хэн болохыг, эсвэл өөрсдөө хаанаас ирснээ мэддэггүй. Хэрвээ чи Бурханыг дурдсан бол энэ хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байлаа. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхээр ирэх үед ч гэсэн энэ завхарсан хүмүүс ямар ч гэмшсэн шинж үзүүлээгүйгээр үл барам хорон муу үйлээ орхиогүй. Эсрэгээрээ тэд Бурханы зарц нарыг дур зоргоороо хорлосон. Тэдний илэрхийлж, харуулсан зүйл бол Бурханд хандах дайсагналынх нь уг чанар болон мөн чанар байсан юм. Энэ завхарсан хүмүүсийн Бурханд хандах эсэргүүцэл нь тэдний завхарсан зан чанарын илрэл төдий биш, мөн үнэн байдлын тухай ойлголт дутмагаас нь үүдсэн доромжлол, доог тохуу хийх явдал төдий биш гэдгийг бид харж болно. Тэдний муу үйл тэнэглэл, мэдлэггүй байдлаас болоогүй; мөн мэхлэгдсэнээс ч болоогүй ба тэднийг төөрөгдүүлснээс бүр ч болоогүй, харин тэд Бурханы эсрэг дур зоргоороо дайсагнаж, эсэргүүцэн зогсож, орилох түвшинд хүрсэн. Хүний ийм зан авир Бурханы зан чанарыг хилэгнүүлж—хүмүүсийн халдахыг тэвчдэггүй зан чанарыг хилэгнүүлэх нь эргэлзээгүй. Тиймээс Бурхан уур хилэн болон сүр жавхлангаа шууд, ил тод гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илрэл билээ. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан аль болох хурдан аргаар устгахыг хүссэн; Тэр үүн дотор байгаа хүмүүсийг болон тэдний бүх нүглийг хамгийн бүрэн төгс аргаар устгаж, энэ хотын хүмүүсийн оршин тогтнохыг болиулж, энэ газар дахь нүглийн ихсэхийг зогсоохыг хүссэн. Үүнийг хийх хамгийн хурдан, бүрэн төгс арга нь галаар шатаах явдал байв. Содомын хүмүүст хандах Бурханы хандлага нь хаях, үл тоох хандлага биш байлаа; харин ч энэ хүмүүсийг шийтгэж, цохиж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Өөрийн уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлийг ашигласан. Тэдэнд хандах Бурханы хандлага нь бие махбодын сүйрэл байгаад зогсохгүй, мөн сүнсний сүйрэл, мөнхөд устгах явдал байсан юм. Энэ нь Бурханы хувьд тэдний “оршин тогтнохыг болиулах” гэсний жинхэнэ утга учир билээ.

 Бурханы уур хилэн нуугдмал агаад хүнд мэдэгддэггүй боловч хүн халдахыг тэвчдэггүй

  Мунхаг, мэдлэггүй бүх хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл, хүлээцтэй байдалд үндэслэдэг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, аливаа зүйлсэд далдлагдаж байдаг; энэ нь хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд, Бурхан уур хилэнгээ үзүүлж байгааг харах нь хүний хувьд хэцүү байдаг бөгөөд Түүний уур хилэнг ойлгоход ч бас хэцүү байдаг. Ийм болохоор хүн Бурханы уур хилэнг чухал бус гэж үздэг. Хүнийг уучилж, өршөөх Бурханы хамгийн сүүлчийн ажил, хамгийн сүүлчийн алхам хүнд хүрч ирэх үед—өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өршөөл, сүүлчийн анхааруулга хүнд хүрэх үед—хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэх өмнөх аргаа хэрэглэсээр, гэмшихийн тулд ямар ч хичээл чармайлт гаргахгүй, буруу замаасаа эргэхгүй, Түүний өршөөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Бурхан түүнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахаа болино. Эсрэгээрээ, энэ үед Бурхан өршөөлөө буцаан авах болно. Үүний дараа Тэр зөвхөн Өөрийн уур хилэнг л илгээнэ. Тэр өөр өөр арга хэрэглэн уур хилэнгээ илэрхийлж болдог ба өөр өөр арга хэрэглэн хүнийг шийтгэж, устгаж ч болдог.

  Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүмүүс юм уу ямар нэг зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга нь байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгаад зогсохгүй тэдний сүнс, сэтгэл, биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс материаллаг ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд оршин тогтнохыг болиулсан. Энэ бол Өөрийн уур хилэнг харуулж, илэрхийлдэг Бурханы нэг арга зам юм. Ийм илрэл ба илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал төдийгүй бас Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илрэл билээ. Бурхан уур хилэнгээ илгээх үедээ, ямар ч өршөөл, өгөөмөр сэтгэлийг харуулахаа больдог, мөн Өөрийн хүлээцтэй байдал, тэвчээрийг ч цаашид харуулдаггүй; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, өршөөлөө дахин хүртээж, хүлээцтэй байдлаа дахин нэгэнтээ хайрла гэж Түүнийг ятгаж чадах ямар ч хүн, зүйл, эсвэл учир шалтгаан гэж үгүй. Харин ч Өөрийн хүссэнийг хийхийн тулд Бурхан ганц ч хором эргэлзэхгүйгээр уур хилэн, сүр жавхлангаа илгээх бөгөөд эдгээр зүйлийг Өөрийн хүсэлд нийцүүлэн хурдан, туйлбартай хийх болно. Энэ нь хүний халдахыг тэвчдэггүй, Өөрийн уур хилэн, сүр жавхланг илэрхийлдэг Бурханы арга зам юм, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл билээ. Бурхан хүний төлөө санаа зовж, хүнийг хайрлаж байгааг хүмүүс харах үедээ уур хилэнг нь олж мэдэж, сүр жавхланг нь харж, зөрчлийг тэвчдэггүй гэдгийг нь мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар гагцхүү өршөөл, хүлээцтэй байдал, хайрын зан чанар юм гэдэгт итгэхэд хүмүүсийг үргэлж хүргэдэг. Гэвч Бурхан хотыг устгаж, хүмүүсийг жигшихийг харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн болон сүр жавхлан нь, Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол Бурханы, зөрчлийг тэвчдэггүй байдал юм. Хүний халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь аливаа бүтээгдсэн зүйлийн төсөөллийг даван гардаг бөгөөд бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүтэйгээр үүнийг хуулбарлаж, дуурайж чадахгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүмүүсийн хамгийн сайн мэдэх ёстой зүйл юм. Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг ба Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Хорон муу, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал болон Сатаны ёрын муу үйлсийг—хүн төрөлхтнийг завхруулж, залгидаг үйлсийг Бурхан үзэн яддаг учраас, Өөрийг нь эсэргүүцдэг бүх нүгэлт үйл хэргийг жигшдэг учраас, мөн Өөрийн ариун, бузартаагүй мөн чанарын улмаас Бурхан ийм зөвт зан чанартай байдаг. Үүнээс болж, ямар ч бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс Өөрийг нь илт эсэргүүцэж, сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл үзүүлж, эсвэл сонгож байсан хүн Түүний зан чанарыг уурлуулж, тэвчээр, хүлээцтэй байдлын зарчмыг нь зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөлгүйгээр, тээнэгэлзэлгүйгээр Өөрийн зөвт зан чанарыг буюу хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг илрүүлж, гаргах болно.

  Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлийн баталгаа юм

 Бурханы үг, бодол, үйлдлийн эдгээр жишээг ойлгосноор чи Бурханы зөвт зан чанарыг буюу халдаж болшгүй зан чанарыг ойлгож чадах уу? Эцсийн эцэст, Бурханы иймэрхүү зан чанарыг хүн хэр их ойлгож чадахаас үл хамааран, энэ нь Бурханы Өөрийн цор ганц зан чанарын нэг тал билээ. Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар юм; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Түүний эзэмшдэг ялгамж чанар болоод байр суурийг төлөөлдөг. Энэ нь бас цор ганц Бурханы Өөрийн мөн чанарын бэлгэ тэмдэг юм гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурханы зан чанар бол Түүний төрөлхийн мөн чанар билээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь огтхон ч өөрчлөгддөггүй, мөн байршил солигдох болгонд ч өөрчлөгддөггүй. Түүний төрөлх зан чанар нь Түүний төрөлх мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлдгээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, зөвт зан чанар нь ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний илгээдэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн ар дахь зарчим өөрчлөгддөггүй, Түүний цорын ганц ялгамж чанар, байр суурь ч өөрчлөгддөггүй. Мөн чанар нь өөрчлөгдсөн учраас, эсвэл Түүний зан чанар өөр элементийг бий болгосон учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл Түүний зан чанарт халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар болон байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг сорих үедээ Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг туршиж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэх үед, Бурхантай тэмцэлдэх үед, Бурханы уур хилэнг тасралтгүй турших үед—өөрөөр хэлбэл, бас нүгэл өргөн тархах үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурханы уур хилэнгийн илэрхийлэл нь бүх муу ёрын хүч оршин байхаа болино гэдгийг бэлгэддэг; дайсагнагч бүх хүч устгагдана гэдгийг бэлгэддэг. Энэ бол Бурханы зөвт зан чанарын цор ганц байдал бөгөөд энэ нь Бурханы уур хилэнгийн цор ганц байдал билээ. Бурханы эрхэм чанар болон ариун байдал соригдох үед, мөн шударга хүчнүүд хаагдаж, хүнд харагдахгүй байх үед Бурхан уур хилэнгээ илгээх болно. Бурханы мөн чанараас үүдэн, Бурхантай арсалдаж, эсэргүүцэлдэж, Түүнтэй тэмцэлддэг газар дээрх бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас гардаг ба түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзармал, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.

  Бурханы уур хилэн асах нь Түүний зөвт зан чанарын нэг илэрхийлэл боловч Бурханы уур хилэн яавч өөрийн байг ялгаварладаггүй, эсвэл зарчимгүй байдаггүй. Эсрэгээрээ, Бурхан огтхон ч хурдан уурладаггүй, мөн Өөрийн уур хилэн болон сүр жавхланг яаран харуулдаггүй. Түүнчлэн, Бурханы уур хилэн мэдэгдэхүйц хянагдаж, хэмжигдэж байдаг; үүнийг хүн уурлаж бухимдан, уураа гаргадагтай огтхон ч харьцуулшгүй. Библид хүн, Бурхан хоёрын хоорондох маш олон яриа тэмдэглэгдсэн байдаг. Энэ хүмүүсийн заримынх нь үг өнгөцхөн, мэдлэггүй агаад хүүхдийнх шиг байдаг боловч Бурхан тэднийг цохин унагаагүй, мөн тэднийг яллаагүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн үгийг нь сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүмүүст хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэдэнд хилэгнэсэн үү? Тэрээр ямар ч ийм юм хийгээгүй! Харин ч тэдний төлөө гуйж, тэдний төлөө залбир гэж Иовд хэлсэн; нөгөө талаар Бурхан тэдний алдааг үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Эдгээр тохиолдол нь бүгд, завхарсан, мэдлэггүй хүмүүст ханддаг Бурханы үндсэн хандлагыг төлөөлдөг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь ямартай ч Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлж, гаргаж байгаа явдал биш юм. Бурханы уур хилэн нь хүний ойлгодог шигээр уур хилэн нь бүхэлдээ дүрсхийн гарч байгаа хэрэг биш. Бурхан сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больсноос болж, эсвэл уур нь буцалж, үүнийг гаргах ёстой болсноос болж уур хилэнгээ гаргадаг юм биш. Эсрэгээрээ, Түүний уур хилэн бол зөвт зан чанарынх нь илэрхийлэл, зөвт зан чанарынх нь жинхэнэ илрэл юм; энэ нь Түүний ариун мөн чанарыг бэлгэдсэн илчлэл билээ. Бурхан бол уур хилэн, мөн ямар ч зөрчлийг тэвчдэггүй—энэ нь, Бурханы уур хилэн учир шалтгаануудыг ялгадаггүй, эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин завхарсан хүмүүс л учир шалтгааныг ялгахгүй, зарчимгүйгээр, дураараа уурладаг. Хүн байр суурьтай болмогц түүний хувьд сэтгэл хөдлөлөө хянах нь үргэлж хэцүү болно, иймээс сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах тохиолдлуудыг таатайгаар шүүрэн авдаг; өөрийн чадварыг илчилж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч шалтгаангүйгээр байнга уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүсийн сэтгэл санаа ч бас байнга хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд ихэвчлэн уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд завхарсан хүн төрөлхтөн сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа илчлэх болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалахын тулд хүн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах ба эдгээр үйлдэл нь сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлдэг хүний арга зам юм. Эдгээр үйлдэл нь бохир зүйлээр бялхдаг; тэдгээр нь заль мэх, далд явуулгаар бялхдаг; хүний завхрал, ёрын муугаар бялхдаг; үүнээс ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг. Шударга ёс хорон муу байдалтай тэмцэлдэх үед хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалахын тулд уурлахгүй; харин ч эсрэгээрээ, шударга ёсны хүчийг заналхийлж, хяхан хавчиж, дайрч довтлох үед хүн үл ойшоосон, зайлсхийсэн, хойш суусан хандлагатай байдаг. Гэвч муу ёрын хүчтэй тулгарах үедээ хүн аялдан дагасан, мэхийж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уурлах нь муу ёрын хүчний гарах гарц, мөн махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу зан байдлын илэрхийлэл юм. Гэхдээ Бурхан уур хилэнгээ илгээх үед бүх муу ёрын хүч зогсох болно; хүнийг хорлох бүх нүгэл зогсоно; Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүч илэрхий болж, тусгаарлагдан хараагдана; Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатан шийтгэгдэж, үндсээрээ устгагдана. Оронд нь Бурханы ажил ямар ч саад бартаагүйгээр урагшилна; Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлэн хөгжинө; Бурханы сонгосон хүмүүс Сатаны хөндлөнгийн оролцоо, хууралтаас ангид байх болно; Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчинд Бурханы удирдлага болон хангамжийг эдэлнэ; Бурханы уур хилэн бол бүх муу ёрын хүчийг үржиж, хурдан тархахаас сэргийлдэг хамгаалалт бөгөөд мөн энэ нь бүх зөв шударга, эерэг зүйлийн оршин тогтнол, тархалтыг хамгаалж, тэднийг хориг, сүйрлээс мөнхөд хамгаалдаг баталгаа билээ.

   Бурхан Содомыг сүйрүүлсэн энэ явдал дээр, та нар Түүний уур хилэнгийн мөн чанарыг харж байна уу? Түүний уур хилэн дотор ямар нэг зүйл холилдсон уу? Бурханы уур хилэн хольцгүй цэвэр үү? Хүний үгийг ашиглан хэлбэл Бурханы уур хилэн жинхэнэ үү? Түүний уур хилэнгийн ард ямар нэг арга заль байдаг уу? Ямар нэгэн нууц явуулга байдаг уу? Хэлж болохгүй ямар нэгэн нууц байдаг уу? Би та нарт нухацтайгаар, баттайгаар ингэж хэлж чадна: Бурханы уур хилэнд хэн нэгнийг эргэлзэхэд хүргэх ямар ч зүйл байхгүй. Түүний уур хилэн бол цэвэр, хольцгүй уур бөгөөд өөр ямар нэг санаа, зорилго өвөрлөдөггүй. Түүний уур хилэнгийн шалтгаан нь цэвэр ариун, буруушааж, шүүмжлэхийн аргагүй байдаг. Энэ нь Түүний ариун мөн чанарын төрөлхийн илрэл, илэрхийлэл юм; энэ бол өөр ямар ч бүтээлийн эзэмшдэггүй зүйл билээ. Энэ бол Бурханы цор ганц зөвт зан чанарын нэг хэсэг бөгөөд энэ нь бас Бүтээгч болон Түүний бүтээлийн тус тусын мөн чанарын хоорондох эрс тэрс ялгаа юм.

  Хүн бусдын нүдэн дээр, эсвэл тэдний нүднээс далдуур уурладаг нь хамаагүй хүн бүхэнд өөр өөр санаа, зорилго байдаг. Магадгүй тэд өөрсдийн нэр хүндийг өсгөж байгаа, эсвэл өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хамгаалж, өөрсдийн алдар хүндийг хадгалж, нэр нүүрээ бодож байж болох юм. Зарим хүн уураа барихаар хичээдэг байхад зарим нь илүү түргэн зантай байдаг ба өчүүхэн төдий ч биеэ барилгүйгээр хүссэн үедээ нэн даруй уурладаг. Товчхондоо, хүний уур завхарсан зан чанараас нь үүсдэг. Үүний зорилго ямар байх нь хамаагүй, энэ нь мах цусных, уг чанарынх байдаг; энэ нь шударга ёс юм уу шударга бус байдалтай ямар ч хамаагүй, учир нь хүний уг чанар болоод мөн чанарын юу ч үнэнтэй зохицдоггүй. Тиймээс завхарсан хүмүүсийн уур уцаарыг Бурханы уур хилэнтэй харьцуулах ёсгүй. Сатаны завхруулсан хүний үйлдэл нь бүхэлдээ завхралыг хадгалж хамгаалах хүслээс эхэлдэг бөгөөд завхрал дээр үндэслэдэг; тиймээс хэдий онолын хувьд зохистой мэт санагдаж байсан ч хүний уурыг Бурханы уур хилэнтэй харьцуулж болохгүй. Бурхан уур хилэнгээ гаргах үед, муу ёрын хүчнүүд зогсож, муу ёрын зүйлс устгагддаг байхад шударга болоод эерэг зүйлс Бурханы халамж, хамгаалалтыг эдэлж, үргэлжлүүлэн орших боломжтой болдог. Шударга бус, сөрөг, ёрын муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн хэвийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан уур хилэнгээ илгээдэг. Бурханы уур хилэнгийн зорилго нь Өөрийн байр суурь, ялгамж чанарыг хамгаалах явдал биш, харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүний хэвийн амьдралын хууль, дэг журмыг хадгалах явдал юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн эх сурвалж билээ. Бурханы уур хилэн бол Түүний зан чанарын тун зохистой, төрөлхийн, жинхэнэ илрэл мөн. Түүний уур хилэнгийн ард ямар ч санаа зорилго байдаггүй, хууран мэхлэлт, хуйвалдаан ч байдаггүй; үүнээс ч илүүтэйгээр Түүний уур хилэн нь завхарсан бүх хүнд байдаг хүсэл, заль мэх, хорон муу байдал, хүчирхийлэл, муу муухайг, эсвэл өөр ямар ч зүйлийг агуулдаггүй. Бурхан Өөрийн уур хилэнг илгээхээсээ өмнө, бүх зүйлийн мөн чанарыг аль хэдийн тов тодорхой, бүрэн дүүрэн харсан бөгөөд тодорхой, үнэн зөв тодорхойлолт, шийдлүүдийг аль хэдийн боловсруулсан. Тиймээс Бурханы хийдэг бүх зүйлийн зорилго тов тодорхой бөгөөд Түүний хандлага ч мөн адил юм. Тэр хайнга биш; Тэр сохор биш; Тэр түргэн зантай биш; Тэр хайхрамжгүй биш; үүнээс ч илүүтэйгээр Тэр зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодитой тал бөгөөд Бурханы уур хилэнгийн энэхүү бодитой талаас үүдэн хүмүүс хэвийн оршин тогтнох болсон юм. Бурханы уур хилэнгүйгээр хүмүүсийн амьдралын нөхцөл хэвийн бус байх байв; шударга, үзэсгэлэнтэй, сайн сайхан бүх зүйл устгагдаж, оршин тогтнохоо болих байв. Бурханы уур хилэнгүйгээр бүтээгдсэн зүйлийн оршин тогтнох хууль, дэг журам эвдэгдэж, эсвэл бүр бүрэн сүйрэх байлаа. Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд зөвт зан чанараа тасралтгүй ашигласан юм. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх муу хүн, зүйл, эд юм болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйл Түүний уур хилэнгийн улмаас шийтгүүлж, хянуулж, устгагддаг. Хэдэн мянган жилийн туршид, хүн төрөлхтөнийг удирдах Бурханы ажлын дунд Түүнийг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, боол мэт авирладаг бүх төрлийн бузар, муу ёрын сүнснүүдийг цохиж, устгахын тулд Бурхан зөвт зан чанараа тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил үргэлж Өөрийнх нь төлөвлөгөөний дагуу урагшилсан. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэнгийн оршин тогтнолоос болж хүн төрөлхтний дундах хамгийн зөв шударга үйлс хэзээ ч эвдэгдээгүй.

  Та нар Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаар ойлголттой болсон болохоор Сатаны ёрын мууг хэрхэн ялгах талаар илүү дээр ойлгодог болсон нь гарцаагүй!

   Сатан гаднаа энэрэл журамтай мэт харагддаг ч мөн чанартаа харгис агаад ёрын муу юм

   Сатан олон нийтийг мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр байнга өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгон тогтоодог. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор хүнд хор учруулж, хүний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүнээр ёрын муу үйл хэргээ зөвшөөрүүлж, хүнийг дагуулах, мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэсэн ч, хүн түүний заль мэх, хуйвалдаан болон өөдгүй шинжүүдийг мэддэг болох үед, түүгээр гишгэлүүлж, түүнд хууртахыг, эсвэл үргэлжлүүлэн түүнд боолчлогдохыг, түүнтэй хамт шийтгүүлж, устгуулахыг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, жинхэнэ ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр өөрийг нь дагахаас татгалздаг бүх хүнийг болон өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больдог; харин ч хонины арьс нөмөрсөн жинхэнэ муу муухай, чөтгөрлөг чанар нь илчлэгддэг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа илчилдэг; хүмүүсийг хорлож, залгих түүний хүсэл улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүний ухаарлаас болж тэр уурсдаг; эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд хатуу өс санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалах зорилготой байдаг бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.

   Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг хаа сайгүй харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг; Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй байдаг хэмээх баримтыг бүгд баталдаг; Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж гэдгийг бүгд баталдаг. Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Тэдгээр нь Бурханд дайсагнадаг ба Бурханы уур хилэн тэдгээрийг устгах болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн нь ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь ийм байдаг: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан амжилттай болох нь тийм ч амаргүй; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний зэрлэг санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүнийг хянах түүний зорилго талаар болж, хэзээ ч биелэхгүй болсон. Бурхан уур хилэнгээ ахин дахин гаргасан нь Сатаны хуйвалдаан хэрэгжихийг зогсоож, Сатаны муу муухай үүсэж, тэлэхийг тасалдуулсан; тиймээс Сатан Бурханы уур хилэнг үзэн яддаг, бас үүнээс айдаг. Бурхан уур хилэнгээ гаргах болгондоо Сатаны жигшүүрт үнэн дүр төрхийг ил болгоод зогсохгүй, мөн Сатаны хорон муу сэдлийг илчилдэг. Үүний зэрэгцээ, хүмүүсийн эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгаан бүрмөсөн илчлэгддэг. Сатаны уур хилэн буцлах нь түүний хорон муу уг чанарын жинхэнэ илрэл, түүний явуулгын илчлэл юм. Мэдээж Сатан уурсах болгонд энэ нь муу ёрын зүйлсийн сүйрлийг зарладаг; энэ нь эерэг зүйлсийн хамгаалалт болон үргэлжлэлийг зарладаг бөгөөд Бурханы уур хилэнгийн халдаж болшгүй гэдгийг зарладаг!

  Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн тулд хүн туршлага болон төсөөлөлдөө найдах ёсгүй

  Чи Бурханы шүүлт, гэсгээлттэй тулгарах үедээ, Бурханы үгэнд хольц нэмэгдсэн гэж хэлэх үү? Бурханы уур хилэнгийн ард үлгэр домог байдаг ба Түүний уур хилэн хольцтой гэж чи хэлэх үү? Бурханы зан чанар бүхэлдээ зөвт байх албагүй хэмээн хэлж Түүнийг гүтгэх үү? Бурханы үйл хэрэг болгонтой харьцах үедээ чи эхлээд Бурханы зөвт зан чанарт өөр ямар ч хольц байдаггүй, энэ нь ариун агаад өө сэвгүй гэдгийг тодорхой мэдэж байх ёстой; эдгээр үйл хэрэг нь хүмүүст өгөх Бурханы цохилт, шийтгэл, сүйрлийг агуулдаг. Бурханы үйл хэрэг бүр Түүний төрөлх зан чанар болон төлөвлөгөөний дагуу нарийн чанд хийгддэг—энэ нь хүний мэдлэг, уламжлал, гүн ухааныг агуулдаггүй—Бурханы үйл хэрэг нэг бүр нь Түүний зан чанар, мөн чанарын илэрхийлэл бөгөөд завхарсан хүмүүст харьяалагддаг юутай ч холбоогүй байдаг. Хүний үзлээр бол, хүнд хандах Бурханы хайр, өршөөл, хүлээцтэй байдал л өө сэвгүй, хольцгүй бөгөөд ариун байдаг. Гэсэн ч, Бурханы хилэгнэл болон уур хилэн мөн адил хольцгүй гэдгийг хэн ч мэддэггүй; түүнчлэн Бурхан яагаад хүний халдахыг тэвчдэггүйг, эсвэл Түүний хилэгнэл яагаад маш их байдаг тухай асуултуудыг хэн ч нягтлан авч үзээгүй. Эсрэгээрээ, зарим хүн Бурханы уур хилэнг завхарсан хүний уур уцаартай андуурдаг; тэд Бурханы уур хилэнг завхарсан хүний улангассан уур гэж ойлгодог; тэд бүр Бурханы уурыг хүний завхарсан зан чанарын төрөлхийн илрэлтэй яг адил гэж андууран үздэг. Бурхан уур хилэнгээ гаргах нь, дургүйцлээс үүсдэг завхарсан хүний ууртай яг адилхан гэж эндүүрэн итгэдэг; тэр ч бүү хэл, Бурхан уур хилэнгээ гаргах нь Түүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэж эндүүрэн итгэдэг. Энэ нөхөрлөлийн дараа энд байгаа та нар дор бүрнээ Бурханы зөвт зан чанарын талаар буруу ойлголт, төсөөлөл, таамаглалтай байхаа болино гэж Би найдаж байна, мөн Миний үгийг сонссоныхоо дараа Бурханы зөвт зан чанарын уур хилэнг зүрх сэтгэлдээ үнэхээр танин мэдэж, Бурханы уур хилэнгийн талаарх урьдын буруу ойлголтоо хойш тавьж, Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаарх өөрсдийн буруу ойлголт, үзэл бодлыг өөрчилж чадна гэж Би найдаж байна. Түүнчлэн та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар нарийн зөв тодорхойлолттой болж, Бурханы зөвт зан чанарын талаар эргэлзэхээ больж, Бурханы жинхэнэ зан чанарт хүний аливаа дүгнэлт юм уу төсөөллийг тулгахгүй гэж Би найдаж байна. Бурханы зөвт зан чанар бол Бурханы жинхэнэ мөн чанар билээ. Энэ нь нэгэн хэвд цутгасан, эсвэл хүний бичсэн зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний зөвт зан чанар бөгөөд аль ч бүтээлтэй ямар нэг харилцаа, холбоогүй. Бурхан Өөрөө бол Бурхан Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй бөгөөд бүтээгдсэн зүйлсийн дундах гишүүн болсон ч гэсэн, Түүний төрөлхийн зан чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; энэ нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, мөн хүнийг ойлгох явдал ч биш юм. Хэрвээ чи эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл бодол юм уу арга барилаа Бурханыг мэдэхэд ашиглах юм бол Бурханы талаарх мэдлэгийг олж авч хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, эсвэл төсөөллөөс хамаардаггүй, иймээс чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй. Чиний туршлага болон төсөөлөл хэчнээн ч баялаг бай, тэдгээр нь мөн л хязгаарлагдмал юм; үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй ба Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд өөрийн төсөөлөлд найдах юм бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Хамтын ажиллагаанаас чинь үүдэн, үнэнээр өлсөж, цангаж байгаагаас чинь болж Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ. Үүгээр ярианыхаа энэ хэсгийг дуусгацгаая.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment