2020-05-25

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ VII

Бурханы эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдлын тухай тойм

   Залбирч дууссаны дараа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тогтуун тайван болсон уу? (Тэгдэг.) Зүрх сэтгэл нь тогтуун тайван болж чаддаг бол хүн Бурханы үгийг сонсож, ойлгож чадах бөгөөд үнэнийг сонсож, ойлгож чадна. Харин зүрх сэтгэл чинь тогтуун тайван болж чаддаггүй бол, зүрх сэтгэл чинь үргэлж урсгал даган хөвж, эсвэл үргэлж өөр юм боддог бол Бурханы үгийг сонсохоор цуглахад энэ байдал чинь нөлөөлнө. Тэгэхээр бидний одоо ярилцаж байгаа зүйлийн гол цөм нь юу вэ? Гол сэдвээ эргээд жаахан бодъё. Цор ганц Бурханыг Өөрийг нь мэдэх тухайд бол, эхний хэсэгт бид Бурханы эрх мэдлийг хэлэлцсэн. Хоёр дахь хэсэгт бид Бурханы зөвт зан чанарыг хэлэлцсэн. Харин Бурханы ариун байдлыг гурав дахь хэсэгт хэлэлцсэн. Тухай бүрд бидний хэлэлцсэн нарийн бодитой агуулга та нарт сэтгэгдэл төрүүлсэн үү? “Бурханы эрх мэдэл” гэх эхний хэсгээс юу та нарт хамгийн гүн сэтгэгдэл үлдээж, аль хэсэг нь та нарт хамгийн их нөлөөлсөн бэ? (Бурхан эхлээд Бурханы үгийн эрх мэдэл, сүр хүчний тухай ярьсан; Бурхан хэлсэн үгэндээ хүрдэг ба Түүний үг биелэх болно. Энэ бол Бурханы төрөлх мөн чанар.) (Иовыг сорьж болох боловч амийг нь авч болохгүй гэж Бурхан Сатанд тушаасан. Үүнээс бид Бурханы үгийн эрх мэдлийг хардаг.) Нөхөрлөл сонссоныхоо дараа та нар ийм ойлголт авсан байна. Өөр нэмэх зүйл байна уу? (Бурхан тэнгэр, газар болон тэдгээрийн доторх бүх зүлийг бүтээхийн тулд үг ашигласан бөгөөд хүнтэй гэрээ байгуулж, хүнд ерөөл хайрлахын тулд үг хэлдэг. Эдгээр нь бүгд Бурханы үгийн эрх мэдэл. Үүнээс гадна, Эзэн Есүс булшнаасаа алхан гарч ирэхийг Лазарт тушаасан үйл явдлаас бид, хүний амьдрал, үхэл Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Сатан тэдгээрийг хянах хүчгүй, Бурханы ажил махбод, эсвэл Сүнсний алинаар ч хийгдсэн бай, Түүний эрх мэдэл цор ганц гэдгийг хардаг.) Маш сайн! Бурханы эрх мэдлийн тухай ярьж байхад та нар “эрх мэдэл” гэх үгийг хэрхэн ойлгож байна? Бурханы эрх мэдлийн хүрээнд, Бурханы хийдэг болон илчилдэг зүйлээс хүмүүс юу хардаг вэ? (Бид Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг хардаг.) (Бурханы эрх мэдэл үргэлж байдаг бөгөөд үнэхээр, үнэхээр оршин байдгийг бид хардаг. Бурханы эрх мэдлийг өргөн хүрээнд харвал Тэр бүх зүйлийг захирдаг, харин бага цар хүрээнд харвал Тэр хүний амьдралыг хянадаг. Бурхан үнэндээ амьдралын зургаан онцгой үеийг төлөвлөж, хянадаг. Цаашлаад, Бурханы эрх мэдэл цор ганц Бурханыг Өөрийг нь төлөөлдөг ба бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсээс юу ч үүнийг эзэмшиж чадахгүй гэдгийг бид хардаг. Бурханы эрх мэдэл нь Түүний ялгамж чанарыг бэлгэддэг.) “Бурханы ялгамж чанар болон Бурханы байр суурийн бэлгэдэл” гэж хэлэхийг бодоход та нар энэ үгсийн талаар ягшмал ойлголттой бололтой. Та нарт Бурханы эрх мэдлийн мөн чанартай холбоотой мэдлэг байна уу? (Биднийг жаахан байхаас эхлээд Бурхан биднийг харж хандаж, хамгаалж ирсэн, үүнээс бид Бурханы эрх мэдлийг хардаг. Бидэнд тохиолдсон аюулыг бид мэддэггүй, гэтэл Бурхан нууцаар биднийг үргэлж хамгаалж байсан; энэ ч бас Бурханы эрх мэдэл.) Маш сайн, сайхан хэллээ.

   Бурханы эрх мэдлийн тухай ярих үед гол зүйл, гол санаа нь хаана байдаг вэ? Энэ агуулгыг бид яагаад хэлэлцэх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, энэ агуулгыг хэлэлцэхийн зорилго бол Бүтээгч болох Бурханы ялгамж чанар болон бүх зүйлийн дундах Түүний байр суурийг хүмүүст батлахын төлөө юм; энэ бол тэдний ойлгож чадах, харж мэдэрч чадах хамгийн эхний зүйл билээ. Чиний хардаг, мэдэрдэг зүйлс нь Бурханы үйлдлээс, Бурханы үгээс, Бурхан бүх зүйлийг удирдаж байгаагаас гардаг. Тэгвэл хүний харсан, мэдэрсэн, ойлгосон Бурханы эрх мэдэл хүмүүст юуг үнэхээр ойлгуулсан бэ? Энэ бол бидний аль хэдийн хэлэлцсэн эхний зүйл. Хоёрдугаарт, эрх мэдлээрээ дамжуулан Бурханы хийсэн, хэлсэн, хянасан бүхнийг хүмүүс харах үед, энэ нь тэдэнд Бурханы хүч чадал, мэргэн ухааныг ойлгох боломж олгодог. Бүхнийг удирддаг Бурханы агуу хүчийг болон Бурхан тийн үйлдэхдээ хэчнээн ухаалаг байдгийг ойлгох боломжийг тэдэнд олгодог. Бидний өмнө нь хэлэлцсэн Бурханы цор ганц эрх мэдлийн гол санаа, гол анхаарах зүйл энэ биш гэж үү? Уг нь нэг их хугацаа өнгөрөөгүй атал зарим нь үүнийг мартжээ. Бурханы эрх мэдлийг бүрэн ухаараагүй гэдгийг чинь энэ нь баталдаг; та нар Бурханы эрх мэдлийг хараагүй гэж хэлсэн ч болохоор байна. Үүнийг одоо та нар жаахан ч гэсэн ойлгож байна уу? Чи Бурханы эрх мэдлийг бодит үйлдэл дээр харахдаа юуг үнэхээр мэдэрдэг вэ? Бурханы хүч чадлыг чи үнэхээр мэдэрсэн үү? (Тэгсэн.) Бурхан бүх зүйлийг бүтээсэн тухай Бурханы үгийг унших үедээ чи Түүний хүч чадлыг мэдэрдэг, Түүний бүхнийг чадагч байдлыг мэдэрдэг. Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдгийг харах үедээ чи юу мэдэрдэг вэ? Түүний хүч чадал, мэргэн ухааныг мэдэрдэг үү? Хэрвээ Бурхан энэ хүч чадлыг эзэмшээгүй бол, энэ мэргэн ухааныг эзэмшээгүй бол бүхнийг ноёрхож, хүн төрөлхтний хувь заяаг захирч чадах байсан уу? Хэрвээ хэн нэгэн ажлаа хийх чадваргүй, шаардлагатай чадавх эзэмшдэггүй, зохих ёсны мэдлэг, ур чадвар дутмаг байдаг бол ажилдаа тэнцэх үү? Тийм хүн яасан ч тэнцэхгүй; өөрөөр хэлбэл, хүний чадвар хэдий чинээ их байна, төдий чинээ агуу зүйлийг хийж чаддаг. Бурханд тийм хүч чадал, мэргэн ухаан бий, иймээс Түүнд эрх мэдэл байдаг; энэ бол цор ганц. Бурханых шиг хүч чадал эзэмшдэг өөр ямар нэгэн бүтээл юм уу хүнийг бүх зүйлээс чи ер нь харж байсан уу? Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, түүнчлэн тэднийг удирдаж, ноёрхох хүч чадалтай хэн нэгэн юм уу ямар нэг зүйл бий юу? Бүх хүнийг захирч, дагуулж чадах, хэзээд, хаа сайгүй оршигч хэн нэг хүн, ямар нэг зүйл байгаа юу? (Үгүй, байхгүй.) Тэгвэл одоо та нар Бурханы цор ганц эрх мэдлийн дотор багтсан бүхний жинхэнэ утга учрыг ойлгож байна уу? Та нар бага зэрэг ойлголттой болов уу? (Тэглээ.) Сая бид Бурханы цор ганц эрх мэдлийг хамардаг зүйлсийг давтан авч үзлээ.

  Хоёр дахь хэсэгт бид Бурханы зөвт зан чанарын тухай ярьсан. Бид Бурханы зөвт зан чанарын талаар олон зүйлийг хэлэлцээгүй. Яагаад гэвэл, энэ үе шатан дахь Бурханы ажил нь үндсэндээ шүүлт, гэсгээлт юм. Бурханы зөвт зан чанар нэн ялангуяа Хаанчлалын эрин үед тодорхой илчлэгдсэн. Тэрээр бүтээлийн цаг үеэс хойш огт хэлж байгаагүй үгийг хэлсэн; бүх хүн буюу Түүний үгийг харж, Түүний үгийг туулсан бүхэн, Түүний үгэнд зөвт зан чанар нь илчлэгдсэнийг харсан. Тэгвэл Бурханы зөвт зан чанарын тухай бидний ярьсан зүйлийн гол санаа юу вэ? Та нарт ямар нэгэн гүнзгий ойлголт байна уу? Ямар нэг туршлагаараа ойлгож авсан уу? (Тухайн үеийн хүмүүс маш их завхарсан тул Бурханы уур хилэнг өдөөж, Бурхан Содом хотыг шатаасан. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг хардаг.) Эхлээд жаахан лавшруулан харъя: Хэрвээ Бурхан Содомыг устгаагүй бол чи Бурханы зөвт зан чанарыг мэдэж чадах байсан уу? Чи мөн л мэдэж чадах байсан, тийм үү? Үүнийг чи Хаанчлалын эрин үед илэрхийлсэн Бурханы үгээс харж чадна, бас хүний эсрэг хандсан Бурхан шүүлт, гэсгээлт болон хараалаас харж чадна. Ниневег аварсан явдлаас нь та нар Бурханы зөвт зан чанарыг хардаг уу? (Хардаг.) Энэ эрин үед та нар Бурханы өршөөл, хайр, хүлээцтэй байдлын ямар нэг зүйлийг харж чаддаг. Хүн гэмшвэл, Бурхан хүнд хандах хандлагаа өөрчилдгийг та нар хардаг. Энэ хоёр жишээг Бурханы зөвт зан чанарын талаар хэлэлцэх урьдач нөхцөл болгон ашиглавал Түүний зөвт зан чанар илэрхийлэгдсэн гэдгийг харахад тун тодорхой байна. Гэхдээ, бодит байдал дээр энэ нь Библийн энэ хоёр түүхээр хязгаарлагддаггүй. Та нарын одоогийн мэдэрч, харж, туулж байгаа Бурханы үг болон ажлаас харсан Бурханы зөвт зан чанар юу вэ? Туршлагаасаа яриач. (Бурханы бүтээж өгсөн орчинд хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийн дагуу үйлдэж чадвал Бурхан тэднийг замчилж, гэгээрүүлж, дотор нь гэрэл гэгээ мэдрүүлдэг. Хүмүүс Бурханы эсрэг явж, Бурханд тэрсэлж, Түүний хүслийн эсрэг явах үед Бурхан өөрсдийг нь хаясан мэт тэдний дотор харанхуй байдаг. Тэд залбирч, Түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч гэсэн, үзэл төсөөллөө хойш тавьж, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болж, сайжрахаар чармайх үед Бурханы инээмсэглэсэн царай аажмаар харагдаж эхэлдэг. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарын ариун байдлыг туулсан; Бурхан ариун хаанчлалд үзэгддэг бөгөөд бузар газруудаас нуугддаг.) (Хүмүүст ханддаг байдлаас нь би Бурханы зөвт зан чанарыг хардаг. Ах эгч нарын маань биеийн хэмжээ, хэв чанар өөр, мөн бид бүхнээс Бурханы шаарддаг зүйл ч бас ялгаатай байдаг. Бид Бурханы гэгээрлийг янз бүрийн түвшинд хүлээн авах чадвартай бөгөөд ийм маягаар би Бурханы зөвт байдлыг хардаг. Учир нь хүн хүндээ ингэж хандаж чаддаггүй, гагцхүү Бурхан л чаддаг.) Та нар бүгдээрээ зарим бодитой мэдлэгийг ярилаа.

   Бурханы зөвт зан чанарыг мэдэх тухайд, юу нь гол болохыг та нар ойлгож байна уу? Та нар энэ талаарх туршлагынхаа тухай олон юм ярьж чадах боловч та нарт хэлэх ёстой цөөн хэдэн гол зүйл Надад байна. Бурханы зөвт зан чанарыг ойлгохын тулд хүн эхлээд Бурханы мэдрэмжийг ойлгох ёстой: Тэр юуг үзэн ядаж, юуг жигшиж, юуг хайрлаж, хэнийг тэвчиж, хэнд өршөөнгүй байдгийг, мөн ямар төрлийн хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох ёстой. Үүнийг мэдэх нь чухал. Цаашлаад, Бурхан хэчнээн элэгсэг ч гэлээ, хүмүүсийг хэчнээн их хайрлаж, өршөөдөг ч гэлээ, Өөрийнх нь ялгамж чанар, байр сууринд халдсан хэнийг ч тэвчдэггүй, мөн Өөрийнх нь эрхэм чанарт халдсан хэнийг ч тэвчдэггүй гэдгийг хүн ойлгох ёстой. Бурхан хүмүүсийг хайрладаг боловч тэднийг эрхлүүлдэггүй. Тэрээр хүмүүст хайр, өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлдэг ч тэднийг хэзээ ч өөгшүүлдэггүй; Түүнд Өөрийн гэсэн зарчим, хил хязгаар бий. Чи дотроо Бурханы хайрыг хэчнээн их мэдэрсэн нь хамаагүй, тэр хайр хэчнээн гүн байх нь хамаагүй, өөр хүнтэй харьцаж байгаа мэт Бурхантай харьцаж хэзээ ч болохгүй. Бурхан хүмүүст ойр дотно ханддаг нь үнэн хэдий ч, хэрвээ хүн Бурханыг хүнтэй адилхан үзэж, Түүнийг ердөө өөр нэг бүтээл шиг үзэж, найз шигээ юм уу шүтээн мэт хандвал Бурхан тэднээс нүүр буруулж, тэднийг хаях болно. Энэ бол Түүний зан чанар бөгөөд энэ тухайд Өөртэй нь хайхрамжгүй ханддаг хэнийг ч Тэр тэвчдэггүй. Иймээс Бурханы үгэнд Түүний зан чанарын талаар үргэлж ингэж хэлдэг: Хэчнээн их замаар аялсан чинь хамаагүй, хэр их ажил хийж, хэр их зовлонг туулсан чинь хамаагүй, Бурханы зан чанарт халдмагц Тэр хийсэн зүйлд чинь үндэслэн хүн нэг бүрд хариу өгөх болно. Юу гэсэн үг вэ гэхээр, Бурхан хүмүүсийг Өөртэйгөө ойр дотно гэж үздэг боловч хүмүүс Түүнтэй найз шигээ, эсвэл хамаатан шигээ харьцаж болохгүй. Бурханыг найзаа гэж авч үзэж болохгүй. Чи Түүнээс хэр их хайр хүлээн авсан нь хамаагүй, Тэр чамайг хэчнээн их тэвчсэн нь хамаагүй, чи хэзээ ч Бурханыг зүгээр нэг найзтайгаа адил авч үзэх ёсгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Ойлгож байна уу? Энэ тухай Би нэмж ярих хэрэг байна уу? Өмнө нь та нар үүнийг ойлгодог байсан уу? Хүн онолын талаар ойлгодог ч бай, үгүй ч бай, эсвэл өмнө нь энэ тухай юу ч бодоогүй ч бай, ерөнхийдөө энэ бол хүмүүсийн хамгийн амархан гаргадаг алдаа юм. Хүн Бурханыг уурлуулах нь нэг удаагийн тохиолдол юм уу хэлсэн ганц зүйлээс нь болдоггүй байж магад, харин ч энэ нь тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол үнэхээр аймаар зүйл. Зарим хүн, Бурханы тухай ойлгодог, Бурханыг мэддэг гэж боддог, тэд бүр Бурханы таалалд нийцэх зарим зүйлийг хийдэг ч байж мэднэ. Тэдэнд Бурхантай эн тэнцүү мэт, Бурхантай найзууд болсон мэт санагдаж эхэлдэг. Иймэрхүү мэдрэмж бол асар буруу. Хэрэв чи үүнийг гүнзгий ойлгодоггүй бол, тодорхой ойлгодоггүй бол Бурханыг уурлуулж, Бурханы зөвт чанарт халдахад маш амархан. Одоо чи үүнийг ойлгосон, тийм үү? Бурханы зөвт зан чанар цор ганц биш гэж үү? Энэ нь хүний зан ааш, хүн чанартай адилхан уу? Хэзээ ч үгүй, тийм биз дээ? Тэгэхээр, Бурхан хүмүүстэй яаж ч харьцсан бай, хүмүүсийн тухай юу ч бодсон бай, Бурханы байр суурь, эрх мэдэл, ялгамж чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэдгийг мартах ёсгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурхан бол үргэлж бүхний Эзэн, мөн Бүтээгч. Чи ойлгож байгаа, тийм үү?

    Бурханы ариун байдлын талаар та нар юу мэдсэн бэ? Сатаны ёрын муугийн эсрэг байдгаас гадна, Бурханы ариун байдлын талаар ярилцсан гол сэдэв юу байлаа? Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох биш гэж үү? Бурханд юу байгаа, Тэр юу болох нь Бурханд Өөрт нь цор ганц байдаг уу? (Тийм.) Түүний ямар ч бүтээлд ийм юм байхгүй. Тийм болохоор бид Бурханы ариун байдлыг цор ганц гэж хэлдэг. Энэ бол та нарын ойлгож чадах зүйл. Бид Бурханы ариун байдлын талаар гурван цуглаан хийсэн. Та нар Бурханы ариун байдлыг юу гэж боддогоо өөрсдийнхөө үгээр, өөрсдийнхөө ойлгосноор дүрслэн хэлж чадах уу? (Өнгөрсөн удаа Бурханыг бидэнтэй ярилцахад бид Түүний өмнө өвдөг сөгдсөн. Бурхан бидэнтэй, нүүрээрээ газар унан мөргөх болон Түүнийг шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөхтэй холбоотой үнэнийг нөхөрлөсөн. Түүний шаардлагад хүрэхгүй байх үедээ өвдөг сөгдөн Түүнд мөргөсөн маань Түүний хүсэлтэй нийцэхгүйг бид харсан бөгөөд үүнээс бид Бурханы ариун байдлыг харсан.) Тун үнэн. Өөр зүйл байна уу? (Хүн төрөлхтөнд хэлсэн Бурханы үгнээс бид, Тэр илэн далангүй, тодорхой ярьдаг, гол санаагаа шууд хэлдэг гэдгийг хардаг. Сатан тойруу замаар ярьдаг бөгөөд энэ нь худал хуурмагаар дүүрэн байдаг. Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн өнгөрсөн удаагийн явдлаас бид Бурханы үг болоод үйлдэл үргэлж зарчимтай байдгийг харсан. Бид юу хийх ёстой, юуг баримталж, хэрхэн үйлдвэл зохистойг хэлэхдээ Тэр үргэлж тун тодорхой, ойлгомжтой байдаг. Харин хүмүүс ийм биш; Сатан хүн төрөлхтнийг ялзруулсны дараа хүмүүс өөрсдийн үйлдэл ба үгээр хувийн санаархал, зорилго болон хүслээ биелүүлэхээр эрмэлздэг болсон. Бурхан хүн төрөлхтнийг харж хандаж, хамгаалж, халамжилж байгаагаас Бурханы хийдэг бүхэн эерэг байдгийг бид хардаг ба энэ маш тодорхой. Ийм замаар бид Бурханы ариун байдлын мөн чанарын илчлэлийг хардаг.) Сайхан хэллээ! Өөр нэмж хэлэх хүн байна уу? (Бурхан Сатаны муу муухайг илчлэх үед бид Бурханы ариун байдлыг хардаг. Бурхан Сатаны мөн чанарыг илчлэх үед бид түүний ёрын мууг илүү сайн мэддэг болж, хүн төрөлхтний зовлонгийн эх сурвалжийг хардаг. Өмнө нь бид Сатаны эзэмшил дор зовж буйгаа огт мэддэггүй байж. Бурхан бидэнд мэдэгдэх үед л, алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдсөний үр дүнд ирдэг хамаг зовлонг Сатан бий болгодгийг бид харсан. Энэнээс болоод л Бурханы ариун байдал нь хүн төрөлхтний жинхэнэ аврал гэдгийг бид мэдэрдэг. Түүнээс гадна, аврал хүлээн авах нөхцөл байдлыг Бурхан бидэнд бэлддэг; Тэр биднийг тун чинээлэг айлд төрүүлээгүй байж болох ч тохиромжтой гэр бүлд, тохиромжтой орчинд төрүүлсэн байдаг. Бас Тэр биднийг Сатаны хөнөөл, дарлалд зовохыг зөвшөөрдөггүй, тийм болохоор бид эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүлээн авах нөхцөл байдал, хэвийн үзэл бодол, хэвийн сэтгэхүйтэй байж чадна. Үүнээс бид Бурханы төлөвлөгөөний нарийн нягт байдлыг, Түүний зохицуулалтыг, мөн тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлдгийг нь хардаг. Биднийг Сатаны нөлөөнөөс аврах Бурханы ажлын нарийн ширийнийг бид илүү сайн харж, Бурханы ариун байдал, хүн төрөлхтнийг гэсэн хайрыг нь ойлгодог.) Үүн дээр нэмж ярих хүн байна уу? (Завхарсан хүн төрөлхтөнд Бурханы тухай жинхэнэ мэдлэг, эсвэл Бурханыг гэсэн жинхэнэ хайр дутмаг байдаг. Бид Бурханы ариун байдлын мөн чанарыг ойлгодоггүй болохоор Түүнийг шүтэн мөргөхөөр өмнө нь өвдөг сөгдөж байгаа маань хуурамч, далд зорилготой, санаатай байдаг учраас Бурхан баярладаггүй. Бурхан Сатанаас огт өөр гэдгийг бид хардаг; Сатан өөрийгөө хүмүүсээр хүндлүүлж, өөртөө тал засуулж, шүтэн мөргүүлэхийг хүсдэг. Сатанд зарчим гэж байдаггүй. Үүнээс би бас Бурханы ариун байдлыг ойлгодог.) Маш сайн байна! Бурханы ариун байдлын тухай нөхөрлөсөн зүйлээс та нар Бурханы төгс байдлыг харсан уу? (Харсан.) Бурхан бол бүх эерэг зүйлийн эх сурвалж гэдгийг хардаг уу? Бурхан бол үнэн ба шударга ёсны биелэл гэдгийг харж чаддаг уу? Бурхан хайрын эх сурвалж гэдгийг хардаг уу? Бурханы хийдэг бүхэн, Түүний гаргадаг бүхэн, илчилдэг бүхэн өө сэвгүй гэдгийг хардаг уу? (Хардаг.) Энэ хэдэн жишээ нь бүгд Бурханы ариун байдлын талаар Миний ярьсан гол санаа юм. Өнөөдөр энэ үг та нарт зүгээр л нэг сургаал шиг санагдаж байгаа байх, гэхдээ нэг л өдөр чи үг болон ажлаас нь жинхэнэ Бурханыг Өөрийг нь мэдэрч, харах үедээ, Бурхан бол ариун, Бурхан хүн төрөлхтнөөс өөр, Түүний зүрх сэтгэл, зан чанар, мөн чанар бүгд ариун гэж зүрх сэтгэлийнхээ гүнээс хэлэх болно. Энэ ариун байдал Бурханы төгс байдлыг хүнд харуулдаг, бас Бурханы ариун байдлын мөн чанар өө сэвгүй гэдгийг харуулдаг. Түүний ариун байдлын мөн чанар нь Тэр бол цор ганц Бурхан Өөрөө гэдгийг тодорхойлж, Тэр бол цор ганц Бурхан Өөрөө гэдгийг хүнд харуулж, баталдаг. Гол санаа нь энэ биш гэж үү? (Мөн.)

  Өнөөдөр бид өмнөх цуглаанууд дээр ярьсан агуулгын зарим хэсгийг тоймлон өгүүллээ. Ерөнхий тоймоо ингээд дуусгая. Та нар бүгдээрээ үйл явдал, сэдэв бүрийн гол санааг үнэн сэтгэлээсээ авч үзнэ гэж Би найдаж байна. Эднийг ердөө нэг сургаал гэж бүү бод; цаг завтай үедээ тэдгээрийг илүү анхааралтай уншиж, эргэцүүлэх гэж хичээ. Эдгээрийг зүрх сэтгэлдээ санаж, амьдралдаа хэрэгжүүл, тэгвэл Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илчлэлийн тухай Миний хэлсэн бүхнийг чи үнэхээр мэдэж авах болно. Гэхдээ чи эдгээрийг зүгээр л тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авчихаад ерөөсөө уншихгүй, эргэцүүлж бодохгүй бол хэзээ ч ойлгохгүй. Чи одоо ойлгосон, тийм үү? Энэ гурван зүйлийг ярилцсаны дараа Бурханы ялгамж чанар, мөн чанар болон зан чанарын талаар хүмүүс ерөнхийд нь, эсвэл бүр нарийвчлан ойлгосон байх болно. Гэхдээ тэд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болсон байх уу? (Үгүй.) Тэгвэл, Бурханы талаарх өөрсдийн ойлголтыг харвал, илүү гүнзгий ойлголт хэрэгтэй гэж санагдаж байгаа өөр талбар та нарт байна уу? Өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэл, зөвт зан чанар, ариун байдлын тухай ойлголттой болсны дараа чиний оюун санаанд Бурханы цор ганц ялгамж чанар, байр суурийн талаарх мэдлэг бий болсон байх, гэвч илүү гүнзгий ойлголттой болохоосоо өмнө чи Бурханы үйлдэл, Бурханы хүч чадал, Бурханы мөн чанарыг туршлагаараа мэдэж авч, ойлгох ёстой. Одоо та нар энэ нөхөрлөлүүдийг сонссон болохоор итгэлийн тухай энэ сэдвийг зүрх сэтгэлдээ хадгалж чадахаар боллоо: Бурхан үнэхээр оршин байдаг, бүх зүйлийг захирдаг нь бодит үнэн. Нэг ч хүн Түүний зөвт зан чанарт халдах ёсгүй бөгөөд Түүний ариун байдал нь ямар ч хүн эргэлзэхийн аргагүй тодорхой зүйл юм. Эдгээр нь бодит баримт. Энэ нөхөрлөлүүд нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг хүмүүсийн зүрх сэтгэлд суурилуулж өгдөг. Энэ суурь тавигдмагц хүмүүс илүү ихийг ойлгохоор хичээх ёстой.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment